Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэнг хүмүүс Дарханы гэж тодотгодог юм. Гэхдээ тэр говийн уугуул, тэр ч бүү хэл Өмнийн тэнэгэр говийн тэнгэр заяат тэмээчин ижийгийн хүү юм билээ.
Тэрбээр “Миний ижий Дамбийн Ичинхорлоо Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хүн. Ижий минь уугуул нутагтаа тэр тусмаа Могойн голоо тойрч, нутгийн шүтээн Тогоо хайрхандаа залбирч, сүү цайны дээжээ өргөн 100 шахам жил төрсөн газар ус бууцнаасаа ер холдоогүй амьдарсан хүн дээ” хэмээн ижийгийнхээ тухай дурсамжаа эхэлсэн.
ТЭМЭЭЧНИЙ ОХИН ТЭМЭЭЧИН ИЖИЙ МИНЬ
-Бид ижийгээ Агаа, аавыгаа Ажаа гэж дууддаг юм. Агаа минь 1925 онд Түшээт хан аймгийн Түшээт чин ван Говь түшээ гүний хошууны нутаг Могойн голын эрэгт төрсөн. Одоогийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сум л даа.
Агаагийн аав Пагамын Дамбий өвөөгийнхөө өвөр дээр тоглож өссөн хүн дээ, би. Өвөө тэмээчин, уртын жин тээдэг, Өмнөговиос хойд хилийн Алтанбулаг хүртэл тэмээгээр жинд явж, сайн жинчин гэдгээрээ нутаг усандаа гайхагддаг хүн байлаа. Эмээ минь Мятавын Чулуун гэж бас л малчин хүн. Аав ээжийгээ дагаад ижий минь ч насаараа мал малласан. Говийн тэмээчин айлын хүүхэд гурав дөрвөн наснаасаа ботго, тором эргүүлэн тусад ордог гээд бодохоор Агаа ерэн нас хүртлээ лавтайяа 85 жил тэмээ хариулжээ. Агаагийн тэмээ маллаж өсгөсөн талаар тун хөөрхөн тоо баримт бий. Энэ тооцоог Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн данс бүртгэлийг үзэж өөртэй нь бас ярьж байж гаргасан юм. Нас биед хүрээд 16-тайгаасаа бие даан тэмээ маллахдаа 89 ингэнээс 148 ботго авч бойжуулсан. Тэгэхэд манай Могой баг 458 тэмээтэй байсан гээд бод доо.
Агаа минь нутаг, тэмээ хоёртойгоо уяатай мэт амьдарсан хүн. Өмнийн цэнхэр говиосоо хаашаа ч хол яваагүй, хот орж үзээгүй, аймгийн төв хоёр удаа л орсон гэдэг. Нутаг амьтай, гэр амьтай л хүн байж.
АГААГИЙН ЭРХ БӨНДӨ

Агаагаа ярихаар тэмээтэй холбоотой дурсамж л түрүүлж санаанд буугаад байдаг юм. Манай тэмээн дотор Бөндө нэртэй нэг эрх бор тором байв. Агаа түүнийг нялхаас сүүгээр угжиж өсгөсөн юм. Давраад гэрийн үүдээр хүзүүгээ сунгаж оруулаад тогоотой сүү уучихад ч Агаа түүнийг ер загнахгүй. Саахалт айлын сүү хулгайлж уугаад хэрэг тарьсан удаа ч бий.
Агааг сургуулийн ач зээ нараа харахаар сумын төвд өвөлжсөн хойгуур эрх Бөндөг нь уналга эдэлгээнд сургаж. Хавар нь манай Могойн усны баруун өмнөх дэнж дээр болсон тэмээчдийн өдөрлөгийн торомны уралдаанд Бөндөг Агаагийн ач Шижир унаж уралдуулсан юм. Ботгон зангаа орхиогүй эрх торомнууд эхэндээ жирийж байснаа эргэж буцна, тэр ч бүү хэл хөдлөх ч үгүй зогсож орхиод унасан эзнийхээ аргыг барна. Манай Бөндө эхэндээ овоо хурдалж байснаа эргэж буцах гэж Шижирийг овоо сандаргаад урдаа гурван ч тором оруулчихсан. Агаа Бөндөгөө хурдлуулах гэж хэрээрээ чанга хашгирах ч тэр олны дундаас яаж илүү гарах билээ. Нэг харсан Агаа толгойдоо боосон алчуураа аваад хэрэндээ л их дээр өргөчихсөн даллаж байна. Яг энэ агшинд Бөндө гэнэт урагшаа огцом ухасхийн зүтгээд тэшиж гарсан гэдэг. Өмнөө явсан гурвыг ядах юмгүй орхиж Шижир, Бөндө хоёр тэр уралдааны түрүү магнай болсон. Бөндөөд гэнэтхэн ямар ид шид нөлөөлснийг зөвхөн бид л мэднэ. Тэр хүчтэй сэргээш бол Агаагийн шар алчуур. Бариан дээр шавааралдан зогсох олон хүний дундаас намхан жаахан эмээ гэнэт толгой дээрээ шар алчуур хийсгэнгүүт ижийгийн минь алчуурыг таньсан эрх бяцхан тором хамаг хүчээрээ тэшсээр барианд түрүүлж орж ирсэн байдаг юм.
АГАА, УЛААН ИНГЭ ХОЁР
-Агаа минь хэдэн тэмээнийхээ занг андахгүй. Нэг үдэш бор гэгээ тасартал Агаа бид хоёр улаан ингээ хүлээв. Бусад нь жаргах нарны туяатай уралдан гунганаж ирээд саалгачихсан. Улаан ингэ хэдэн өдрийн өмнөөс л ингэж сүүл барьдаг зан сурчихлаа. Өчигдөр хоцорсон ч нэг их хүлээлгээгүй юмсан гэх шүү юм бодоод Агаагаас “Юугаа хийгээд ингэж ганцаараа үлдчихээд байна аа” гэхэд “Юу хийх вэ дээ, жаал ногоо л зулгааж яваа шүү дээ. Хурмастаас энэ газар дэлхийд чийг өгөхгүй удахаар чинь тэмээ өлдөөд байдаг юм. Ингэ бүр хэцүү, ганц борооны дараа л амжуулж бударгана хэд үмхлэхээ бодно. Жаахан ус буучихвал ч ногоо чарлаад л ургадаг нутаг сан” гэлээ. Бусад нь тэгээд ногоонд цадаад ирж байгаа юм уу гэж намайг гайхахад “Тэмээ их иддэг амьтан, манай энэ хэдэн ингэ л ногоо ганц хоёр хазлаад сүү орчихдог буянтай мал байгаа юм. Улаан ингэ сүү тааруухан, айхавтар хавсаргатай хавар байсныг ч хэлэх үү, оройтож ботголсон болохоор тэр, хөөрхий дөө” хэмээсэн.
Өглөө нь Агаагаас улаан ингэ хэр оройтсоныг асуухад “Чамайг унтсаны дараа ирсэн. Удаан хүлээлгэсэндээ гэмшиж байгаа юм болов уу даа, хамраараа хажуу бөөр рүү нудраад л байна билээ. Хошуу аманд нь улаан бударгана дүүрэн наалдчихсан. Зүүн Луультийн хоолойг өнгөрөөд цаад Цагаан дэрсэнд очсон нь тэр, зайлуул. Бударганын нутаг байгаа юм. Өдийд тэр хөндий ч хармагтай сондуул шиг л улайж байгаа даа. Саяхан бороо орсон болохоор аргагүй...” хэмээн царай нь гэрэлтэж байсныг би мартдаггүй.
АГАА БА ТЭМЭЭН ПОЛО
-Тэр жилийн хавар баруун гүвээний цаад талд машин тэрэг давхилдан ирэх чимээнээр Агаа хойд овоон дээр гарч дурандаж байснаа эргэж ирээд алчуураа шүүрч аваад цагаан тайлгаа унаад жонжуулахад бид ч Агаадаа хань болохоор араас нь гарсан.
Хоёр Луусын хөндийн тэмээний бэлчээрт машин тэрэгтэй баахан хүн ирж газар хэмжин цагаан гортиг тавьж байв. Тэр хүмүүс тэмээн поло гэдэг наадгай хийх гэж байгаа юм хэмээхэд барагтай юманд ундууцдаггүй Агаа “Та нарыг энд тоглуулахгүй, өөр газар очиж тогло” хэмээн их л бухимдсан шинжтэй шулуухан хөөлөө дөө. Тэр улсын ахлагч нь “Та юунд нь дургүйцээд байгаа юм бэ, энэ газрыг бид дараа нь янзлаад засчихна” хэмээн учирлахад Агаа “Энэ бол баглуур ургадаг нутаг. Тэмээний ганц хоол. Хаа хамаагүй ургаад байдаггүй ургамал. Ойр хавьд л лав ийм газар байхгүй. Одоо дөнгөж нүдэлж ядаж байхад нь олон тэмээний тавхайгаар талхлаад хаях гэж байдаг. Яасан муухай улс вэ” гээд өөр ганц ч үгний хариу нэмж сонсолгүй мордож билээ.
Маргааш өглөө нь манайд Ц.Оюунбаатар гишүүн ирж Агааг ятгах гээд бараагүй. Агаа “Баглуур бол газраар тун намхан үелж ургадаг юм. Таван хошуу малаас тэмээнд л илүү зохидог ургамал. Баглуур идсэн тэмээний тарга тэвээрэг онцгой сайн нэмэгддэг. Ийм учиртай болохоор нь л би, энэ алга дарамхан ч гэсэн ч жаахан баглууртай талаа харамлаад байгаа юм. Тэгээд ч энэ газар ганц минийх ч биш, манай нутгийн л тэмээний хоолны газар” гээд халгаагүй юм даг. Гэхдээ Зайрмагтайн талд хийвэл яг тохирно гэж зааж өгсөн. Тэр ч бүү хэл, тэмээн поло хийх гэж буй залууст хаврын тарчиг цагаар мал их давхиулахаар сульдаж л таарна, тэмээгээ бэлчээрт гаргаж сайн идүүлж хүч тамирыг нь сэлбээрэй, тоглоом тоглох тэмээгээ зүүн хоолойд оруулбал сайн шүү гээд зөвлөж байв. Яагаад заавал тийшээ гэж лавлахад “Хавар эртийн бор бударгана одоо ид нүдэлж байгаа. Тэнд идээшлүүлбэл та нарын тэмээ улам хурдан давхина. Нөгөө бөмбөгөө ч сайн хөөнө шүү дээ. Бор бударгана чинь, тайлаг голдуу залуу тэмээнд, та нарын уугаад байдаг нөгөө кофе л гэсэн үг” гээд инээж суусан сан. Бас урд Цагаан хадын нуурын эргийн хужир нэг удаа долоолгочихвол тэмээний чинь хөл нь хөнгөрөөд нүд нь сэргээд л ирнэ дээ гэж захиад мордуулсан.
Тэр ч бүү хэл Агаа өөр хэнд ч унуулдаггүй хайртай цагаан тайлгаа пологийн бөмбөг наадуулахаар өгч билээ. Цагаан тайлаг ч шийдвэрлэх тулаанд багаа авч гарч наадмын гол баатар болж бүгдийг гайхуулсан юм даг.
АГААГИЙН МИНЬ ТҮШИГ АЖАА
-Агаагийн минь нэгэн насны түшиг бидний аав Бужгарын Өвгөнхүү нутагтаа хүндлэгдсэн сайхан хүн байсан. Агаа, Ажаа хоёр 1948 онд гэр бүл болсон юм билээ. Ажаагийн тухай домог шиг зүйл ижий ярина.
Ажаа минь үеийнхэн шигээ л адуу малтай хөөцөлдөж өссөн, 16 хүрээд нутаг усныхаа шүтээн хөх уулынхаа ар өврөөр мал ахуйд байнга л явдаг байсан гэнэ. Ингэж явахдаа хааяа хэд гурав хоногоор сураггүй болчихдог байж. Томчуул эхэндээ нэг их тоосонгүй, явж байгаад ирдэг гэж бодсон ч биз. Гэтэл нэг удаа бүр олон хоногоор ирсэнгүйд гэрийнхэн нь сандралдан айл аймгийнхан, ах дүү нараасаа асууж сураглахад мэдэх хүн гарсангүй. Тэгтэл сумын захиргаанаас манайд зарлага ирж, аавыг Ширмэн Хоовонтой нийлэн адуу хөөж, урагшаа хил давсан гэж дуулгаад томчуудыг харвуулах шахаж. Говийнхны домог болсон шилийн сайн эр тэр үед нас өндөр болсныг мэдэх учраас гэрийнхэн нь итгэлгүй байсан ч яав ийв болно биз дээ. Гэтэл Ажаа Ширмэн Хоовонтой хамт адуу хөөдөг хожуу үеийн залуу шавь харцуулынх нь нэг Зээрэн Даштай дөрөө харшуулж Өвөрлөгч нутагт хоёр жил шахам морин дэл дээр хийсэж яваад эргэж ирсэн гэдэг. Яаж зүгээр байх вэ, шийтгүүлсэн ч нас биенд арай хүрээгүй гээд арга хэмжээ нь харин хөнгөн туссан гэж ярьж байсан юм.
АГАА МИНЬ ХОЁР ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН
-Би эхээс хоёул юм. Ганц охин дүүтэй. Дүү минь идэр залуудаа бурхан болж, ганц хүүг нь Агаа минь өсгөсөн. Эмээгийн өсгөсөн хүү одоо “Тавантолгой Транс” тээврийн компанид менежерээр ажилладаг. Эхнэр нь багш, хүү охин хоёртой сайхан амьдарч байгаа.
Манай Агаа, Ажаа хоёрын хэн хэн нь биднийг тэг ингэ гэж үглэж дуулаад байхгүй, зөнгөөр минь л өсгөсөн дөө. Намайг багаас минь сургууль хөөх хүүхэд гээд номтой ойр өсгөсөн. Ном бариад сууж байгаа намайг малын ажилд аль болохоор оролцуулдаггүй байж дээ. Тийм болохоор би малаас жаахан төсөө хүн л дээ. Харин дүү минь өөр. Багаасаа тэмээ малтай ойр, хар багадаа хурдны морь унадаг сүрхий охин байж билээ. Тэгээд ч ээж аавын зааснаар малын эмч болохоор Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцсан юм.
Би дунд сургуулиа төгсөөд л Өмнийн говиосоо илгээлтээр Дархан хотыг бүтээн босголцохоор Бурхантын хөндийд ирсэн хүн. Дарханаас эхний үед боломж л гарвал нутаг руугаа гүйж Агаадаа, Ажаадаа очдог байлаа. Яваандаа ажил төрөл, хүүхдүүд жаахан энэ тэр гээд хүссэн цагтаа нутаг зүглээд байх боломж ч хомс болсон. Дээр нь Орост зургаан жил сурсан минь ч нөлөөлөөд ойр ойр очиж амжихгүй л явсан. Жил өнжиж нутагтаа, гэртээ ирэхэд Агаа минь их л хүлээсэн нь мэдрэгддэг байсан даа...
АГААГИЙН ДУРТАЙ ТЭМЭЭТЭЙ ЧИХЭР
-Агаа тэмээтэй гучийн чихэрэнд нугасгүй дуртай. Хорин дөрвийн ямар ч гоё цаастай чихэр байсан тоохгүй. Хуучин цагт хөдөөний хоршоонд их ирдэг байсан Оросын “Кара Кум”-ыг захиж авхуулна. Би 2000 оны эхээр Туркмен яваад Агаагийн дуртай чихрийн цаасан дээр байдаг Кара Кумын элсэн цөл энэ нутагт байдаг учраас тэмээтэй чихэр эндээс авч очно доо гэж бодсоор яваад аваачиж өгсөнд хачин их баярлаж билээ.
Амтаас нь илүү цаасан дээрх тэмээнд л учир нь байсан юм билээ. “Хөөрхий энэ тэмээ нь анх нэг бөхтэй байснаа одоо бүр овоо, хоёр бөхтэй болчихож...” гээд инээж суудаг сан. Орондоо орсон хойноо чихрийн цаас шажигнуулан задалж, бувар бувар хүлхэж байх нь ч бий. Нэг удаа тэмээт чихрийн амт дээр үеийнхдээ хүрэхээ байж ээ гэж голонгуй дуугарч байсан. Агаа тэмээтэй чихрийнхээ цаасыг уралгүй нямбай гэгч нь эвтэйхэн задалж аваад давхарлан тавьж дэрэн дороо хийж тэнийлгэнэ. Гадна талдаа тэмээний зурагтай, доторх нь цав цагаан тэр цаасан дээр ач, зээ нараараа тэмээ зуруулж уралдаан хүртэл зохиож байлаа шүү дээ.
Агаа говийнхоо гоёо жимсээ их түүнэ, элс ухаж гоёо түүхэд их хэцүү. Орост оюутан байхдаа би Кавказ үндэсний сийлбэртэй модоор хийсэн махир кинжал хутгыг гоёо ухдаг шор болгог гээд авчирч өгсөн. Үүгээр Агаа мөн ч их гоёо түүсэн. Тэр ч бүү хэл “Ухархайнаас нь гоёог амархан сугалж гаргаж ирдэг, их сайн эд” гэж магтсан. Бас нэг баярласан нь, манай гэрт 2007 онд Дани улсаас ирсэн багш Пол Нильсон зочилж ирээд, өөрийнх нь гарын нандин хоол, борцтой, хүмүүлтэй хуушуурыг нь хачин их амтархан идсэнд Агаа мөн ч их баярлаж билээ.
АГААГИЙН ГАРЫН ХООЛ ХӨМҮҮЛТЭЙ ХУУШУУР

-Миний хамгийн дуртай хоол Агаагийн минь хийдэг хөмүүлтэй хуушуур. Болц нь гүйцсэн хөмүүлийг түүж авчраад хүйтэн усанд цаг хэртэй сойж гаргаад сэврээснийхээ дараа хуруу хэрийн урттай хэрчээд төмөр ууранд нүдэж жижиглээд хүйтэн усанд хоёр гурван цаг дэвтээсэн тэмээний борц, тэмээний бөхний өөхнөөс ёотон шиг жижиг дөрвөлжин хэрчсэнтэйгээ холиод давсаар амтлаад л болно. Харин хайрах арга нь нарийн. Хайрч эхлээд цөөн минут болсны дараа тагны гадуур ирмэгний завсраар тогоо руу халбагаар ус бага багаар тойруулан аажуухан дусаана. Тос шажигнан дуугарч, тогоон дотроо уур савсан гарах нь мэдрэгдэнэ. Хуушуурыг халуун уураар цоргиж хайрч байгаа нь энэ. Тогооны тагаа ер авахгүй битүүгээр нь зөөлөн галаар хоёр гурван минут хэртэй хайраад хуушуураа гаргана. Хуушуурын гурил гадна талаараа түлэгдэж хайрагдсан ч зөөлөн, махны шүүс, хүмүүлийн ааг нь хамар цоргиод хэчнээн сайхан гээч.
Хуушуураа хайрч гаргаад жижигхэн паалантай дугуй саванд битүү дарж, үл ялиг хөргөсөн хойноо миний өмнө авчирч тавиад “Идээрэй хүү минь, идээд байгаарай” гэдэг сэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 53 (7550)