Д.БОЛОР

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэн­баттай ярилцлаа. 

-Таныг Сэлэнгийн Засаг даргад өргөн мэдүүл­сэн ч Ерөнхий сайд батламжлахгүй байгаа гэсэн. Шалтгаан нь юу юм бол?

- Сэлэнгэ аймгийн ИТХ нь нийт 37 суу­далтай. Үүний 14 нь АН, гурав нь  МАХН, 20 сууд­лыг МАН авсан. Манай нам нийт сонгогчдын 54.4 хувийг авсан гэсэн үг. Сэлэнгэ аймагт ингэж олонхийг бүрдүүлсэн бо­ловч өнөөг хүртэл сон­голтоо баталгаажуулж ча­дахгүй байна. Сэлэнгэ аймаг нийт 17 сумтай. Аймгийн төвийг эс тооц­вол өрсөлдөгч АН-ынхан ердөө хоёрхон суманд ялалт байгуулсан.  Нэ­гэнтээ ийм сонголттой байхад өнөөг хүртэл ямар шалтгаанаар батлахгүй байгааг хэлж мэдэхгүй. Ерөнхий сайдад Засаг даргынхаа нэрийг өргөн мэдүүлээд 40 хонож байна.  Засаг дарга батламжлахгүй байгаагаас үүдэж сумдын ИТХ хурал­даж Засаг даргаа батал­гаа­жуулж чадаагүй байна.

-Орон нутгийн сонгуулиар ямар нэгэн маргаан гарсан уу?

-Санал луйвардсан, санал хураал­тын үйл явц буруу хазгай болсон зүйл нэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ удаа­гийн сонгууль маргаангүй болсон. Гэхдээ АН-ын нэр дэвшигчид асуудал үүсгэж шүүхэд хандсан зүйл бий.  Тухайлбал, Тохижилт үйлчилгээний газрын орон нутгийн өмчтэй аж ахуйн нэгжийн захирлыг төрийн захир­гааны албан хаагч байсан мэтээр шүүхэд өгсөн байх жишээтэй. Гэтэл тэр залуу төрийн захиргааны албан хаагчийн жишиг цалин авдаггүй, төрийн албан хаагч биш. Мөн өнгөрсөн оны  нэг­дүгээр сарын 17-нд нийс­лэ­лээс хасалтаа хийлгээд Сэлэнгэ аймагт очиж бүрт­гүүлсэн нэр дэвшигчийг бүртгэлийн газрын гарга­сан алдаанаас болж шүүхэд өгсөн гэхчилэн огт буруугүй зүйлд холбож байна.  АН-аас нэгэнт ийм асуудал гаргаж байгаа учраас бид ч гэсэн шүүхэд хандлаа.  Ялан­гуяа, АН-ын нэр дэв­шиг­чид шашны зан үйл ашиг­ласан хэд хэдэн тохиолдол бий. Мөн нэг мөрийн хөтөлбөртэй орох байтал давхар мөрийн хөтөл­бөртэй буюу амлалт өгсөн нэр дэвшигчид олон бий. Энэ бүхнийг шүүхэд өг­сөн. Өнөөдрийн байд­лаар ганцхан асуудалд шүү­хийн шийдвэр гарсан байгаа. Бусад нь хой­шил­сон,  нягтлах шатандаа явж байна.

-Шийдвэрийг нь хү­лээнэ гэвэл хэдий болтол хүлээх юм бол?

-Сэлэнгэ аймагт маш хүнд­рэлтэй өвөл болж байна. Цаг зуурын бэрх­шээл то­хиолдож байгаа аймгийн нэг нь Сэлэнгэ. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй, Ингэхдээ 20 сантиметрээс дээш цасан бүрхүүлтэй,  36 хэмээс дээш градустай хонож байна. Зам хааг­дахаас эхлээд  Алтанбулаг, Зүүнбүрэн суманд мал бэлчээрлэх боломжгүй болж байгааг сумын Засаг дарга нар нь хэлж байна. Ийм үед орон нутгийн Засаг даргыг шуурхай сонгох шаардлагатай юм.  Миний хувьд Засаг даргын бүрэн эрхтэй уч­раас батламжилсан эсэ­хээс үл шалтгаалж сумдын Засаг дарга нарыг бат­ламжилъя гэж бодож байна. Яагаад гэвэл орон нутгийн засаг захиргааг нэн шуурхай бүрдүүлж ажил­лахгүй бол цаг, нар нь хүнд байна.

-Таны нэрийг хэдэн удаа мэдүүлсэн юм бэ?

-Иргэдийн хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр анхны хурлаа хийсэн. Анхны хурлаар намайг 100 хувь дэмжээд Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн юм.

-Буцаасан гэж ойлгох уу?

-Буцаагаагүй бас дэм­жээгүй.

-Үүний цаана өөр нам хүчний ашиг сонирхол нуугдаж байна гэсэн үг үү?

-Орон нутагт маргаан үүсгэсэн Сэлэнгэ аймгийн АН-ын удирд­лагууд Ерөнхий сайдыг буруу мэдээллээр хангаж байна гэж үзэж байна. Ямар нэгэн гаргалгаа хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан өнөөг хүртэл батламжлаагүй бас тат­галзаагүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний хувьд асуудалтай мэтээр нийтэлсэн байна лээ. Бодит байдалд тийм зүйл байхгүй. Өөрөөр хэл­бэл, С.Бүрэнбат гэдэг хүний хувьд АН-тай бо­лоод сонголтын хувьд мар­гаангүй. Ашиг сонирх­лын хувьд ч маргаан байх­гүй. Тийм учраас намайг батлах болов уу гэж харж байна.

-Та төрд хэдэн ажиллав. Төрд данстай албан хаагч учраас Засаг даргаар ажилласан байх?

-Сэлэнгэ аймгийн уна­ган хүү дээ. Баруун­бүрэн сум буюу Амар­баясгалант хийдийн ор­чимд өссөн хүүхэд. Мэр­гэжил гэвэл хөдөө аж ахуйн инженер, төрийн удирдлагын менежер. 2007 оныг хүртэл аймгийн газар тариалан, мал аж ахуйн чиглэлд ажиллаж байлаа. Сумын Иргэдийн хуралд гурав, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гу­рав дахь удаагаа сонгог­дон ажиллаж байна. 2008 онд Орхон сумын Засаг даргаар, 2009 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан. Дөрвөн жил орлогчоор ажил­лаж байгаад өнгөр­сөн оны наймдугаар са­раас эхлэн Засаг даргаар ажиллаж байна.

-Сэлэнгэ бүтээн бай­гуу­лалтаар улсдаа тэр­гүүлж байгаа. Хэд хэдэн сум нь шилдэг сумаар шалгарсан байдаг. Түүнд таны оролцоо байсан биз?

-Нэг хүний чадвар гэж юу байх вэ. Өнгөрсөн дөр­вөн жилд ажилласан Сэ­лэнгэ аймгийн удирд­ла­гууд  орон нутгийн хөгж­лийн төлөө сэтгэл зүрхээ гаргасан сайн баг байсан. Иргэдийн хурлынхан ч гэсэн сайн бүрэлдэхүүн. Энэ баг нэлээд том зорилт тавьж ажилласны дүнд чамгүй амжилт гаргасан болов уу. Бүх суманд бү­тээн байгуулалтын хувьд өөрчлөлт орсон. Ялангуяа, нийтийн эзэмшлийн талбай болоод ард иргэ­дийнхээ ая тухтай  орчинд ажиллаж амьдрах нөхц­лийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Үүнд хамгийн их оролцоотой хүн нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан, УИХ-ын гишүүн  Ж.Эрдэнэбат  гэж онцол­моор байна. Цаашид орон нутгийн удирдлагын зү­гээс иргэдэд бизнесийн аятай таатай орчныг бүр­дүүлэх, айл өрхөд төрийн бүх үйлчилгээг хүргэх чиг­лэлд хүч түрэн ажил­лана. Цаашлаад Алтан­булаг сумыг худалдааны чөлөөт бүс болгоод зогсохгүй аймгийн төв Сүхбаатарыг тэр чигт нь худалдааны бүс болгох зорилготой. Үүний тулд Сүхбаатар, Алтанбулаг хооронд холбох дэд бүт­цийн ажлуудыг хийгээд эхэллээ. Дээрээс нь шинэ хороолол барьж байгаа гэх мэтчилэн хийж байгаа нэлээдгүй ажил бий.

-Сэлэнгэ аймагт өвөлжилт хүндэрч байна гэлээ. Тодруулахгүй юу?

-Сэлэнгэчүүд 2010 оны зуднаас сургамж авсан ард түмэн. Одоогоор 2000 орчим өвсний нөөцтэй. Өвс тэжээлийн хувьд нэг их хүндрэхгүй болов уу гэж харж байна. Гэхдээ малд тэжээлээс илүү хэвтэр, дулаан орчин онд мэнд ороход нөлөөлдөг. Цаг агаарын эрсдэлтэй үед малчид руугаа хандсан болоод бэлэн байдал хан­гасан эрсдлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Цаашид цаг агаар хүндрэх ч сэлэнгэчүүд чадах хэм­жээндээ өвөлжилтийг даван туулах байх аа.

-Сэлэнгэ аймагт ирэх дөрвөн жилд ямар ажил хэрэгжүүлэхээр зэхсэн байдаг юм бэ?

-Сэлэнгэ аймаг өөрөө том салбаруудтай. Ялан­гуяа, газар тариалан, мал аж ахуй голлодог байсан бол өдгөө жижиг, дунд үйлдвэрлэл хүч түрч орж ирлээ. Зөгийний үйлдвэр­лэл цоо шинээр салбар болон орж ирсэн. Энэ ут­гаараа жижиг, дунд үйлд­вэрлэл төрдөө дараа бо­лох­гүйгээр ар гэрээ тэжээх бизнесийг дэмжих нь дам­жиггүй. Өнгөрсөн дөр­вөн жилд Засаг дарга өөрийнхөө нөөц болом­жийг дайчилж хоёр тэрбум орчим төгрөгийг хүүгүй зээлээр олгосон. Гэсэн ч олон үйлдвэрлэгчдэд хү­рээгүй. Бид эхний ээл­жинд мэргэжлийн хяналт, байгаль орчинд олон давтамжтай шалгалт хийж хүндрэл учруулдаг үл ойл­голцол хяналтыг багасгах шаардлагатай гэж харж байна. Хоёрдугаарт, биз­несийн таатай орчныг зөвхөн татварын хөнгөлөлт гэж ойлгож болохгүй. Орон нутгийн худалдааны борлуулалтыг дэмжих хэрэгтэй. Нийслэлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг нь хангах хэ­рэгтэй гэдэг талаас нь анхаарна. Гуравдугаарт,  хот байгуулалтын асууд­лыг зөвхөн аймгийн төвд төвлөрүүлж болохгүй. Сэлэнгэ аймгийн бүх сум хуучин цагт сангийн аж ахуй байсан учраас ин­же­нерийн байгууламжтай, барилга орон сууцтай. Барилга орон сууцыг нь шинэчилж засаад хот­жуу­л­ах боломж бол байгаа. Ингэхийн тулд энэ ажлыг  эрхлэн гүйцэтгэж чадах орон нутгийн бизнес эрх­лэгчдийг дэмжих ёстой болж байгаа юм.