С.УРТНАСАН

Монгол Улсын гавьяат тамирчин фитнессийн модель Б.Сугарсүрэн шинжилгээний хариу нь гараагүй допингийн хэрэгт өөрийг нь гүтгэсэн гэх асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. 
Тодруулбал, Энэ сарын 15-ны өдөр Бодибилдингийн ААШТ-д оролцсон дөрвөн тамирчнаас допинг илэрсэн гэх мэдээллийг Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос мэдээлсэн. Тус хэрэгт нэр холбогдож буй тамирчдын нэг Б.Сугарсүрэн энэхүү мэдээлэл худал гүтгэлэг бөгөөд гомдолтой байгаа гэж хурлын үеэр хэлэв. Мөн тэрээр “Допингийн шинжилгээний хариуны талаар дараах нэр нь гарч байгаа тамирчдад ямар ч мэдээлэл өгч танилцуулсан зүйл байхгүй. Нийгэмд хүний нэр хүндийг харлуулахын тулд худал мэдээлэл авч тавьсанд гомдолтой байна” гэв.
Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооны ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дасгалжуулагч Ш.Амарсайхан нь худал мэдээлэл тараасныхаа дараа өөрийн хүмүүсээр тохиролцоо хийлгэх гэсэн үү залгасан гэнэ. Эх орныхоо нэрийг гаргахаар шулуун шударгаар явж байгаа нэгнийгээ олон нийтийн дунд доош дарж, хувийн асуудлаас болж худал мэдээллийг нийгэмд түгээсэнд тамирчин айдастай явж байгаа тухайгаа хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийллээ. 

Эх сурвалж: zms.mn