П.ЛХАГВАЖАРГАЛ
Дотооддоо төдийгүй дэлхийн монгол судлалд судалгаа шинжилгээ, сургалт үйл ажиллагаагаараа тэргүүлэх байр суурь эзэлдэг Монгол Улсын Их Сургууль ээлжит төслийнхөө нээлтийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, баримт бичиг, төлөвлөгөөг танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Их Сургуулийн 2025-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө зэрэг эрх зүйн баримт бичигт монгол хэл, бичгийг эзэмших, хамгаалах, судлахтай холбогдсон заалт, төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан байна.
Хоёр жилийн өмнө “Монгол хэл судлал 15 боть” бүтээлийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн эрхлэн, 50 гаруй эрдэмтэн судлаач хамтран туурвисан билээ. Мөн монгол хэлний түвшин тогтоох TOMFL шалгалт, түүний жишиг сорилго, гарын авлагыг боловсруулсан юм. Харин энэ удаа “Монгол хэл шинжлэл” найман багц, 42 нэгж төслийг 2025-2027 онд хэрэгжүүлнэ.
Энэхүү “Монгол хэл шинжлэл” найман багц төслийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, монгол хэл шинжлэлийн сургалт, судалгааны бусад байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд их сургуулийн стандарт монгол хэлний тайлбар толь бичиг, нутгийн аялгууны мултимодель толь бичиг, хүүхдэд зориулсан, түвшинд ангилсан тайлбар толь бичиг; гадаад хүн, монгол үндэстэн, гадаад улсад төрж өсөж буй монгол хүүхдэд зориулсан иж сурах бичгийг олон улсын сурах бичгийн стандарт, аргачлалын дагуу зохиох; монгол хэл, соёл, уламжлалын талаар цахим хичээл боловсруулж бүтээх, түгээх; орчин үеийн хэл шинжлэлийн онолын болон монгол хэлний хэм хэмжээ, хэрэглээний сурах бичиг зохиох; Монголын нууц товчооны цуврал ном бүтээх; орчин үеийн хэл шинжлэлийн онол, арга зүйн шинэлэг судалгааг танилцуулах ажээ.
Төслийн нээлтийн үеэр МУИС-ийн ректор Б.Очирхуяг төр, хувийн хэвшлийн байгууллага, судлаачдыг төслийн багтай хамтран ажиллахыг уриалж, мөн “МУИС Монгол хэлний толь бичиг” нэгж төслийн санхүүжилтийг дүрэм журмын хүрээнд шийдвэрлэн, ректорын нэрэмжит ажил болгон хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 26 (7522)