Д.НАДМИД

 

Одоогоос бараг найман жилийн өмнө юм даа. Арван зургаахан настай жаахан хүү С.Бямбасүрэн сүмо бөхөөр хичээллэхээр Япон орныг зорьсон юм гэдэг. Тэгээд Кашива ахлах сургуульд чөлөөт бөхийн ангид суралцсан байна. Хичээл сургуулийнхаа зав чөлөөгөөр сүмогийн ордон руу явна. Яагаад гэвэл тэнд авга ах Д.Дагвадорж нь барилдаж буй. Түүний барилдааныг хэн хүнгүй, эр эмгүй үзэх болсон цаг байлаа.

Нэг удаа С.Бямбасүрэн сүмо үзэж яваад авга ах Дагвадоржтой уулзаад

-Би сүмогоор барилдмаар байна гэхэд ах нь

-Эр хүн хүсвэл болно шүү дээ хэмээн тун талархалтай хүлээж авсан юм билээ.

Үүнээс хойш чөлөөт бөхөө хойш тавьж сүмог шүтсэн байна. Мэргэжлийн сүмод анхны барилдаанаа 2018 онд хийсэн бол 2019 оны арваннэгдүгээр сард жюүрёод дэвшсэн нь С.Бямбасүрэнгийн бодсон бодол, хүссэн хүсэл нь биелэхийн жигүүр ургасан гэж болно. Тун удалгүй 2020 оны намрын тэмцээн гэхэд дээд зиндаанд дэвшсэн. Тэр цагаас эхлээд тэр сүмогийн мэргэжилтнүүд  сонирхогчдын анхааралд өртсөн гэж болно.

Монгол сүмочдын залгамж халааг үргэлжлүүлэх нэгэн энэ хүү мөн байж. Барилдааны хэв шинж, байгаа төрх нь их аварга Дагвадоржийн харц, ааг аяг харагдаад байгааг хэлдэг л байсан. Энэ бол олон түмний найдвар байлаа. Тэгвэл Тацүнами дэвжээний бөх. Хоошёорюү С.Бямбасүрэн 2023 онд сэкиваке цолтойгоор түрүүлж озеки болж байв. Бас өнгөрсөн оны долдугаар сард 12 даваатайгаар эзэн хааны цомыг анх гардсан. Мөн 11 сард даваагаа ахиулсан ч үзүүрлэсэн байдаг.

Тэгвэл 2025 оны Хацү башёд монгол сүмоч Хоошёорюү С.Бямбасүрэн өвөрмөц сайхан барилдаж сүмогийн дэвжээнд ёстой “гал асаав”.

Гал асаах төдийгүй түймэр тавьсан ч гэж болохоор. Хацү башё онцлог болсон. Башё бүрт л Тэрүнофүжи гэдэг ганц аваргыг хардаг. Тэр нь гэмтлийн улмаас тун удалгүй “зодог тайлах” нь тодорхой болсон. Тиймээс сүмогийн холбоо дараагийн ёкозунагийн  эрэлд гарч таарсан. Тэгээд хоёр озекид түрүүлэх хэмжээнд барилдсан тохиолдолд ёкозуна цол олгох болзол тавьсан юм.

Тэр дунд Хоошёорюү шовойж даруухан үзүүлэлт 12 даваатайгаар түрүүлж эзэн хааны цомыг хоёр дахиа гардсан. Энэ нь сүмогийн түүхэнд шинэ бичээс болов. Тэр түрүүлэхдээ 12 биш 14 давав. Ижил даваатай гурван сүмоч нэмэлт барилдаан хийхэд Хоошёорюү ёстой ид хаваа харуулж хоёр өрсөлдөгчөө дараалан орхиж чадсан.

Гайхамшигаа харуулсан даа. Тийм болохоор сүмогийн холбооныхон 100 хувийн саналаар Хоошёорюүд ёкозүно цол олголоо.

Ийнхүү Хоошёорюү С.Бямбасүрэн Японы сүмогийн 74 дэх, Монголоос төрсөн зургаа дахь аварга болов.

Монгол хүн Японы мэргэжлийн сүмод анх хөл тавьсан тэр цагаас хойш 33 жилийн түүхэнд зургаан аварга төрүүлж нэгэн алтан түүх бичигдэв.

Тэр дотор сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорож 25 башёгийн дараа екозуна болж байж.  Тэгвэл Хоошёорюү С.Бямбасүрэн 24 башёгийн хойно езозүна болсон нь авга ахынхаа амжилтыг нэг талаар эвдсэн гэж хэлж болохоор.

Гэхдээ Асашёорюү аварга сүмод 25 түрүүлсэн юм л даа. Энэ бол тун өндөр даваа байж мэднэ ээ дээ.

Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозуна цол хүртэх болсон тухайй сүмогийн холбооны шийдвэрийг сонсоод

-Би талархаж байна. ёкозүнагийн нэр хүндийг унагаахгүй, сэвтүүлэхгүйгээр хамаг сэтгэл, хүчээрээ тууштай зүтгэх  болно гэж хэлжээ.

Энэ нь би дахиад олон түрүүлнэ гэсэн үгтэй дүйж байгаа юм. Өчигдөрхөн түүний ёкозүна цолны дохёод гарах ёслолын хичээлийг Хавай арлын их аварга Мусашимарюү заажээ.

Даалгаврыг ч Хоошёорюү сайн гүйцэтгэсэн гэсэн үнэлгээ авчээ.

Тэр ёслолд Монголоос манлай заан өвөө Д.Долгорсүрэн нь гэргийн хамт, Хоошёорюүгийн аав Д.Сугаррагчаа мөн гэргийн хамт сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазар гээд ах нар  нь очжээ.

Ийнхүү Сүмогийн дэвжээнд гал асааж явах нэгэн аварга Монголоос төрлөө.

Бас нэгийг нэмж хэлэхэд Д.Долгорсүрэн зааны удмынхан Японы мэргэжлийн сүмод бүл нэмсээр байх нь. Улсын начин Д.Сэржбүдээгийн хүү Лувсангомбо ирэх сард мэргэжлийн сүмод Шэкорояма дэвжээнээс Тэнрошей нэртэйгээр хөл тавих юм байна.

Удам гэдэг тасрашгүй нь энэ Д.Долгорсүрэнгийнх гэдэг айлаас лав гурван аварга төрөөд байна шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 22 (7518)