Б.БАЯРЖАВХЛАН
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр гээд гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 100 жилийн түүхт, ууган сургууль болох Нэгдүгээр сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш Б.Даваадаш болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

-Танай сургуулийн хүүхдүүд зургийн уралдаанд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Манай сургуулийн сурагчид гар зураг болон дизайн графикийн төрлөөр зурж, тэмцээн уралдаануудад оролцдог. Жишээлбэл, байгууллагын нэрэмжит болон орон нутаг, бүс, улс, олон улсын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож амжилт үзүүлсээр ирсэн. “NEAR” буюу зүүн хойд азийн орнуудын хүүхдүүдийн дунд зарлагддаг гар зургийн уралдаанаас хоёр сурагч дэд байр, хоёр сурагч гутгаар байр, дөрвөн сурагч тусгай байрт шалгарч байсан.
-Таны хувьд ямар арга барилаар хичээлээ ордог вэ?
-Зургийн хичээлийн тухайн сэдвээс хамаарч арга барилаа сонгодог. Мөн өөр өөр сонирхолтой арга ашиглахыг хичээдэг. Үүгээрээ хүүхдүүдийг өөртөө итгэлтэй байх, ямар нэгэн зүйлийг өөр өнцгөөс харах, бусдын ялгаатай байдал болон хийсэн зүйлийг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэх зан чанар болон хандлага эзэмшүүлэхийг зорьдог.
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдэд биеийн болон оюуны олон чадваруудыг эзэмшүүлдэг. Бага насны хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлж бичих, суралцах чадварт сайнаар нөлөөлдөг. Зураг зурж сурснаар ямар нэгэн ажлыг дэс дараатай эрэмбэлж, хийх чадварт суралцдаг. Мөн өөртөө итгэлтэй болж өөрийгөө илэрхийлж сурахаас гадна бусдын хийж буй зүйлийг үнэлж сурдаг. Хамгийн гол нь бүтээлч байх ур чадварт суралцдаг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд бүтээлч байдлыг биднээс хүсэж байна шүү дээ.
-Зурах хүсэл сонирхолтой хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?
-“Би Рафаэль шиг зурж сурахад дөрвөн жилийг зарцуулсан. Харин хүүхэд шиг зурж сурах гэж бүхий л амьдралаа зориулж байна” гэж алдарт зураач Пабло Пикассо хэлсэн байдаг. Хүүхдүүд та бүхэн дахин давтагдашгүй гайхалтай ертөнцүүд учир өөрсдийгөө болон бусдыг хайрлаж хүүхэд насаа аз жаргалтайгаар бүтээлч өнгөрүүлээрэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7515)