Б.БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин одоогоос гурван сарын өмнө “Түмний хүүхдийн эрх “Түрээсийн сургууль”-д зөрчигдөж байна цуврал нийтлэлээ Нийслэлийн 16 дугаар сургуулиас бэлтгэн хүргэж байсан.
Биднийг анх очиход тус сургуулийн 6ё ангийн 40 сурагч анги танхимын хүрэлцээгүй байдлаас болж сургуулиасаа 400м зайд байрлах түрээсийн байранд хичээллэж байсан юм. Тус анги нь ганц цонхтой бөгөөд нэг ширээнд гурваараа зэрэгцэн сууж хичээллэж байв. 6ё ангийн сурагчидтай уулзаж ярилцахад “Анги ганцхан цонхтой болохоор маш бүгчим байдаг. Эцэг эхчүүд хоёр агаар цэвэршүүлэгч ангид тавьж өгсөн ч нэг их нөлөөлдөггүй. Тийм болохоор 2-3 дугаар цагаас эхлээд дотор муухай оргиж, бөөлжис цутган, толгой өвдөж эхэлдэг. Багшдаа хэлээд заримдаа хичээл дундуур гарч агаар амьсгалдаг. Завсарлагаанаар агаарладаг. Тоос шороо ихтэй учраас хамар битүүрч, харшил хөдөлж, ханиад амархан хүрдэг. Цонхоо онгойлгохоор хажуу айлаас чимээ шуугиан их байна гэж уурлаад цонхоо хаалгадаг. Тэгэхээр бүр агааргүй хэцүү болдог” гэж ярьж байлаа. Эдгээр ангиуд түрээсийн байрандаа тавих ширээ сандалгүй учраас хичээл эхлэхийн өмнөхөн 11 дүгээр сургуулийн агуулахаас хэрэглэхгүй болсон ширээ сандлыг багш нар нь очиж авчран эцэг эх, сурагчидтайгаа хамтран цэвэрлэж тавьжээ. Хөл гараа урчихмаар урагдаж, эвдэрсэн, халцарсан ширээ сандал сурагчид хэрэглэж байжээ.
16 дугаар сургууль бол 100 айл Хангай хотхон хавийн сурагчдын хамран суралцах тойргийн ганц сургууль. Гэвч сүүлийн үед ойр орчимд нь барилга их баригдсанаас үүдэж, айл өрх нэмэгдэн сургуулийн ачаалал хэд дахин нэмэгджээ. Сургуулийн өргөтгөл барих ч газаргүй болтол барилгууд баригдсан байна. Сурагчдаа авахын тулд анги танхимаа янзалж, аргалж явсаар энэ жил аргагүй эрхэнд түрээсийн байранд зургаадугаар ангиудаа оруулсан.
Гэхдээ 6ё ангийг ганц цонхтой ангид хичээллүүлэхгүй байх боломж байсан. Тус сургуулийн хоёр ангийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүүжилтээр хоёр танхим бий болгохоор 2023 оны хавар засварын ажил эхэлсэн ч дуусалгүй жил дамнан үргэлжилж байлаа. Уг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулна гэсэн гэрээтэй байсан юм. Тэгвэл манай нийтлэлийн дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаргаж хоёр ангийн засварын ажлыг яаралтай дуусгахыг үүрэг болгосноор 10 хоногийн дараа дуусаж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр 6ё ангийг сургууль руугаа татаж оруулжээ. Энэ талаар 16 дугаар сургуулийн захирал Ш.Лхагваагаас тодруулахад “Манай сургуулийн талаарх сурвалжилга танай сонинд гарсны дараа засварын ажил урагшилж, хоёр ангиа ашиглалтад оруулаад авлаа. Дээрх хоёр анги ашиглалтад орсноор түрээсийн байрны нэг цонхтой ангид хичээллэж байсан 6ё ангиа оруулсан. Харин нөгөө ангиа бид мэдээлэл зүйн кабинет болгон ашиглаж байна. Засварын ажлыг цагт нь хийгээгүйн улмаас багагүй хохирол амссан. Тодруулбал, мэдээлэл зүйн танхимын сандал ширээг сургуулийн коридорт байрлуулсны улмаас эвдрэл үүссэн” гэж байсан юм.
6ё ангийн сурагчид ангитай болж олон амжилтын эзэн болжээ
Биднийг очиход 6ё ангийн сурагчид сургуулийнхаа 208 тоот ангид хичээллэж байлаа. Ангийн хаалгаар орвол хүүхдүүд хоёроороо суусан байв. Ангийн гурван салаа ширээний арын суудлууд хоосон харагдана. Учир нь тэдний ангийн хоёр хүүхэд шилжжээ. Тэд энэ ангид арван сарын сүүлээр нүүж иржээ. Ангиа сольсноор хүүхдүүдийн сэтгэл санааны байдал сайжирч хичээлдээ идэвхтэй болсон гэдгийг ангийн багш Н.Лхам хэлж байлаа. Үүний тод жишээ бол 6ё ангийн сурагчид сургуулийнхаа байгалийн ухааны олимпиадаас нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медаль хүртэхээс гадна урлагийн үзлэгт амжилттай оролцож, цом авчээ.
Сурагчдын хувьд хоёроороо сууж байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа. Энэ талаар Б.Энхлэн “Өөрсдийн гэсэн ангитай болсондоо сэтгэл хангалуун байна. Суралцах орчин сайжирснаар сурлага болон сэтгэлзүйд маань эергээр нөлөөлж байна. Өмнө нь нэг ширээнд гурваараа суудаг байхад хичээл хийхэд хүндрэлтэйгээс гадна хоорондоо зөрөх зайгүй шахам байсан. Өмнөх ангийн ширээнүүд ихэнх нь эвдэрхий байснаас үүдэж бэртдэг байсан бол энэ ангийн ширээнүүд шинэ учир айх айдасгүй болсон. Шинэ анги маань маш их таалагдаж байгаа” гэсэн юм.

Харин С.Эрхцасын хувьд хоёроороо сууж хичээллэдэг болсноор хичээлдээ илүү анхаарч байна гэсэн юм. Энэ тухайгаа “Өөрсдийн гэсэн ангитай болсондоо маш их баяртай байгаа. Энэ анги маань өмнөх анги шиг бүгчим биш. Бас ариун цэврийн өрөө үнэртэхгүй байгаа нь гоё байна. Хамгийн гоё нь бид нар өөрсдийн гэсэн ангитай болж ангийн булан зэргээ хийж тохижуулах байлаа. Зай талбай томтой ангид орсноор бид урлагийн үзлэгээ бэлдэж, хичээлдээ илүү анхаарч энэ жил олон амжилтыг гаргасан. Бусад маань ч үүнтэй санал нэг байгаа” гэсэн юм.

Эцэг эхчүүдийн хувьд стандартад нийцсэн анги танхимд хичээллэж буйд нь сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа. Энэ талаар 6ё ангийн сурагчийн аав З.Баасанжав “Түрээсийн байранд хичээллэж байхад охины маань толгой нь байнга өвдөж, хамраас нь цус гарах болсон. Өвөл болохоор ханиад томуу хүрэх байх гэсэн айдастай байсан. Харин танай нийтлэлийн дараа хоёр ангийн засварын ажил дуусаж, хүүхдүүд маань стандартын шаардлага хангасан ангид суралцахаар болсон. Үүнд эцэг эхчүүдийн зүгээс баяртай байгаа. Тиймээс анги танхимыг засварлах, тохижуулах ажилд идэвхтэй оролцож байна" гэсэн юм. Харин тэдний өмнө нь хичээллэж байсан нэг цонхтой ангийг одоо давтлага хийх өрөө болгон ашиглаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7515)