Б.Нямсүрэн

АНУ-ын Калифорни мужид хэд хэдэн газарт дэгдсэн их хэмжээний түймрийн улмаас алдарт Холливудын толгод галд өртөх аюул нүүрлээд байна. Лос-Анжелес, Палисадес зэрэг дөрвөн ч газарт асч буй түймрийн улмаас 1900 орчим барилга байгууламж сүйдсэн бөгөөд энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна. Одоогоор таван хүн амиа алдаж, олон зуун хүн түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. 130 гаруй мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг дурсгалт газрууд сүйдэж, хэдэн зуун байшин барилга шатаж үгүй их хэмжээний хохирол дагуулаад байгаа юм.

Оршин суугчид, жуулчдын очих дуртай олон алдартай газрууд түймэрт өртөх аюул ойрхон байгаа нь санаа зовниож байна. Тухайлбал, Холливудын оддыг мөнхөлдөг Алдрын гудамжнаас дөнгөж ганцхан бээрийн зайд хотын хамгийн алдартай гудамжуудад тасралтгүй дуут дохио дуугарч, нисдэг тэрэгнүүд гал унтраахаар ажиллаж байна.

Ойролцоох муж улсаас гал сөнөөгчдийг дайчлан ажиллуулж буй ч усны хомсдол үүсч эхэлжээ. Лос-Анжелесын Гал түймэртэй тэмцэх албаны дарга Anthony Marone “Бид нэг, хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан. Галын нөхцөл байдал богино хугацаанд хэтэрхий их талбайг хамарчихсан нь байдлыг улам дордуулж байна” гэжээ.

Гал ингэж их хэмжээний газар нутгийг хамарсан нь хар салхинаас үүдэлтэй. Гэнэт гарсан салхины улмаас хэд хэдэн газарт асч байсан гал газар авч түймэр болон дэгдэж, 7000 гаруй га газрыг хамарч, түүхэнд байгаагүй томоохон хохирол учруулаад байна.

Палисадес хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Chad Augustin “Хотын усны систем хүрэлцэхгүй, цахилгаан тасалдаж байгаа зэрэг бэрхшээлүүдээс гадна хүчтэй салхи түймрийг өдөөж байгаа учир бид хүчрэхгүй байна” гэжээ.

Агаарын чанар ноцтой хэмжээнд хүрчээ

Лос Анжелес хотын дарга Karen Bass “Нисдэг тэргээр гал унтраахаар хичээж байгаа ч их хэмжээний утаа, тортогоос болж үзэгдэх байдал хязгаарлагдмал болсон нь саад учруулж байна” гэжээ.

Түймрийн улмаас агаарын чанар ноцтой хэмжээнд муудаж, Калифорни мужийн 17 сая иргэдэд агаар, тоосны сэрэмжлүүлгийг хүргэсэн гэж Агаарын чанарын удирдлагын газраас мэдээлсэн байна. Агаарын чанар 50-иас бага бол хэвийнд тооцогддог бол Лос-Анжелес хотын зүүн хэсэгт энэ үзүүлэлт асар муу буюу 173-т хүрчээ.

Лос-Анжелес хотын Гал түймрийн албаны эмнэлгийн дэд захирал, доктор Puneet Gupta, “Утаа, угаараас болж зүрхний шигдээс болох, астма өвчин хүндэрсэн иргэдийн тоо эрс нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Шатаж байгаа байшингаас цианид болон нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч байна” хэмээн мэдэгджээ.

 

Ж.Байден галын улмаас гадаад дахь сүүлчийн айлчлалаа цуцлав

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Итали, Ромд хийх албан ёсны айлчлалаа галын улмаас цуцалжээ. Энэ нь түүний албан тушаалаасаа буухаас өмнөх хамгийн сүүлийн гадаад айлчлал байсан байсан юм. Ж.Байден Ромд пүрэв гарагт очиж Пап лам Франциск, Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзах товтой байсан юм.

Тэрбээр айлчлаын өмнөхөн Калифорнид очиж, дөнгөж төрсөн анхны гуч хүүгээ эмнэлэгт эргэжээ. Гэвч түүнийг тус мужид байх үеэр галын нөхцөл байдал улам муудаж байгааг орон нутгийн удирдлагууд, галын абаныхан мэдээлсэн тул тэрээр Калифорни бүс нутагт гамшгийн нөхцөл байдалтай байгааг зарлаж, холбооны төсвөөс шаардлагатай зардлуудыг нэн даруй гаргахыг баталсан байна. Ингэснээр орон гэрээ алдсан даатгалгүй иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох, бага хүүтэй зээлээр орон сууц худалдан авах, гамшгин дараах нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

 

Жүжигчид орон гэргүй болжээ

Калабасас, Санта Моника зэрэг чинээлэг хороолол галд өтсөнөөс хэд хэдэн жүжигчид орон гэргүй болжээ. Мэнди Мур, Кэри Элвес, Парис Хилтон нарын байшин лхагва гарагт бүрэн шатжээ. Билли Кристал болон түүний эхнэр Женис нар 45 жил амьдарсан байшингаа Палисадын галд алджээ.

“Бид энд үр хүүхэд, ач зээ нараа өсгөсөн. Манай байшингийн өнцөг булан бүр хайр, дурсамжаар дүүрэн байсан юм" хэмээн жүжигчин Билли Кристал мэдэгджээ. Палисадес дүүрэгт нийтийн номын сан, хоёр томоохон хүнсний дэлгүүр, хоёр банк, хэд хэдэн нэрийн дэлгүүрүүд галд өртжээ.

Жүжигчин Парис Хилтон “Үнэнийг хэлэхэд, энэ олон хүн тэр дотор манай гэр бүл ч бас орон гэрээ алдсанд би одоо ч итгэж чадахгүй байна.  хүүхдүүдийн минь сургууль шатаж алга боллоо. Очих дуртай байсан ресторан минь зүгээр л үнс болсон. Гэр бүл, найз нөхөд хайртай хүмүүс минь ч бас гэр орноо алдаж байгааг харахад үнэхээр хэцүү санагдаж байна” хэмээн бичээд гал хэрхэн дүрэлзэж байгааг харуулсан богино бичлэгийг инстаграм хуудастаа оруулжээ.