Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод шийдэгдэлгүй удаж байгаа. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын эсрэг олон төсөл, санаачилгууд гарч байсан ч үр дүнд хүрсэн нь үгүй. Тэгвэл 2030 он гэхэд агаарын бохирдлыг арилгах “Цэлмэг тэнгэр санаачилга” баримт бичгийг салбар, салбарын эрдэмтэн, судлаачид боловсруулаад буй. Тиймээс энэ удаагийн Зууны мэдээ-ний зочин буландаа “Цэлмэг тэнгэр” санаачилгын зөвлөх А.Бакейг урьж ярилцлаа.

 

-“Цэлмэг тэнгэр санаачилга”-ын зөвлөхөөр ажилласан гэсэн. Энэхүү санаачилгад нэгдэх болсон шалтгаан тань юу вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудал бий. Тэдгээрийн нэг нь Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдол болоод буй. Хэмээс хэтэрсэн агаарын бохирдол нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах”  гэсэн  иргэний баталгаатай эдэлбэл зохих эрх нь ноцтой зөрчигдөж буй үйлдэл юм. Учир нь агаарын бохирдолд дөнгөж төрсөн нярайгаас эхлэн ахмад настан хүртэл албан тушаал, нас, хүйс хамаарахгүй бүх хүн өртөж байна.

Тиймээс энэ асуудалд Монгол Улсын иргэн бүр, эрдэмтэн судлаачид болон инженерүүд, ялангуяа төр засаг онцгой анхаарах хэрэгтэй байна.  Манай төр засаг өдийг хүртэл маш олон тогтоол, шийдвэр гаргаж ирсэн ч үр дүнд хүрсэн зүйлгүй байна. Энэ байдлаараа дээрх асуудал үргэлжилбэл Монгол Улсын иргэн бүр эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч Үндсэн хуульд заасан язгуур эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна.

Тиймээс эх оронч сэтгэлтэй эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтаар “Цэлмэг тэнгэр санаачилга”-ын баримт бичгийг боловсруулахад гар бие оролцсон юм. Би энэ санаачилгын зөвлөхөөр ажилласан. Учир нь энд дандаа салбар бүрийн шилдэг инженер, судлаачид, маргэжилтнүүд оролцож, утааг бууруулах боломжтой шийдлийг боловсруулсан.

-Утааг бууруулах олон шийдэл, санаачилга гарсан байдаг. Гэвч үр дүнтэй болсон нь цөөн. Санаачилга гаргаж болох ч хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх нь бэрхшээлтэй байдаг. “Цэлмэг тэнгэр санаачилга”-ын хувьд цогц санаачилга гэсэн шүү дээ. Тэгэхээр хэрхэн хэрэгжүүлэх талаар ч гэсэн тусгасан байгаа байх?

-Бид “Цэлмэг тэнгэр санаачилга”-ын баримт бичигт нэгт технологийн, хоёрт бодлого, хууль эрх зүйн, гуравт санхүүгийн, дөрөвт менежментийн шийдэл гэсэн хоорондоо нягт уялдаа холбоо бүхий шийдлийг боловсруулж санал болгосон.   Улаанбаатар хотын иргэд жилд дунджаар 580.0 мянган тонн шахмал түлшийг хэрэглэдэг. Хэдийгээр сайжруулсан шахмал түлш гэж нэрлэж байгаа ч утаа ялгаруулсаар байна шүү дээ. Тиймээс манай “Цэлмэг тэнгэр санаачилга”-ын инженер технологийн мэргэжилтнүүд шахмал түлшний хэрэглээг бууруулах технологийн таван шийдлийг санал болгож байгаа. Нэгдүгээрт, гэр болон байшин сууцыг дулаалах асуудал хамгийн чухал арга хэмжээ юм. Энэ нь маш богино хугацаанд мөнгө бага зарцуулж хэрэгжүүлэх боломжтой төсөл. Өрх бүр, байгууллага бүр энэ ажлыг санаачлан хийвэл шахмал түлшний хэрэглээг 20 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцож гаргасан. Хувийн хэвшлийнхний зүгээс энэ чиглэлээр олон ажлыг хийж ирсэн байдаг бөгөөд үр дүнтэй болсон олон арга технологи ч байдаг ажээ. Хоёрдугаарт, хийн түлшний хэрэглээг өргөжүүлэх. Гуравдугаарт, түлшээ солих буюу хагас коксжсон нүүрс хэрэглэх. Дөрөвдүгээрт, цахилгаан халаагуураар дулаанаа шийдэх. Тавдугаарт, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэрэг технологийн шийдлүүд бэлэн байна. Тэггэхдээ дээрх шийдлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх гол нөхцөл бол тодорхой хугацаанд  онцгой журам тогтоож, утааг арилгахад чиглэсэн арга хэмжээг иж бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.

-Өнгөрсөн жил Хятадаас хагас коксжсон нүүрс худалдаж авъя гэдэг яриа гарсан. Манай улс дотооддоо хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх боломжтой юу?

-Манай улсад юу л байна нүүрс байна шүү дээ. Тэгвэл нүүрсээ угааж боловсруулан утааг нь бууруулаад хагас кокс хэлбэрт оруулах боломжтой. Өнөөдрийн байдлаар хоёр ч газарт бага оврын хагас коксын үйлдвэр байгуулах боломжтой гэж мэргэжилтнүүд санал болгож байна.

-Онцгой журамд юу юу багтаж байна. Тус журмыг хэр хугацаанд тогтоох вэ?

-2024-2030 он хүртэл Улаанбаатар болон агаарын бохирдол ихтэй аймгийн төвүүдэд онцгой журмыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ холбогдох хууль, стандартуудыг баталж, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулна. Тодруулбал, түүхий нүүрс болон стандартын бус түлш хэрэглэхгүй байх; мөн хийн түлш болон цахилгаан халаагуур хэрэглэх зэрэг технологийн шийдлүүдийг түлхүү дэмжих; хуулийг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлт хамрах түвшний асуудлыг тодорхой болгох зэрэг асуудал орно. Онцгой журам үйлчилчилж эхлэхэд иргэд ямар хариуцлага хүлээх үү, үүргээ биелүүлсэн тохиолдолд тэдэнд ямар урамшуулал олгох уу, биелүүлэхгүй бол ямар торгууль хүлээлгэх үү зэргийг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсэж байна. Тэгвэл манай багийнхан хууль эрх зүйн орчны талаар холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдад санал болгож байна. Тодруулбал, “Агаарын бохирдлыг арилгах тухай” хуулийн төслийг боловсруулж бэлэн болгосон. Үүн дээр стандартын хэрэгжилт, онцгой журмын хүрээнд ямар асуудлуудыг яаж шийдэх үү гэх мэт гол зохицуулалтыг тусгасан байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг холбогдох газруудад хүргүүлсэн. Иймд энэхүү хуулийн төслийг холбогдох байгууллагууд сайжруулан яаралтайгаар батлаад явах боломжтой.

 -2025 он гарах гэж байна шүү дээ. Танайх энэхүү санаачилгаа холбогдох байгууллагуудад хэзээ хүргүүлсэн бэ. Ямар нэгэн хариу ирсэн үү?

-“Цэлмэг тэнгэр санаачилга”-ыг бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулахаас өмнө УИХ-ын 126 гишүүн болон Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Бидний боловсруулсан энэхүү санаачилга маань бодлого боловсруулагчид буюу шийдвэр гаргагчдад хүрсэн. Гагцхүү тэдний зоримог шийдвэр, шийдэл дутаж байна. Өнөөгийн агаарын бохирдол бол гамшиг гэсэн үг, аливаа гамшгаас онцгой журам тогтоож байж л сална. Онцгой журмаар шийдэхийн тулд дахин хэлэхэд улс төрийн зориг гаргах хэрэгтэй байна. Улс төрийн зориг гаргаснаар утааны асуудал байхгүй болох боломжтой. Нэг үгээр, утааг бууруулах улс төрийн зориг л хэрэгтэй байна.

-Аливаа асуудалд салбар хоорондын уялдаагүй байдал анзаарагддаг. Агаарын бохирдлын асуудал дээр ч ялгаагүй. Салбар хоорондын уялдааг хэрхэн сайжруулснаар эл асуудал шийдэгдэх боломжтой гэж тооцоолсон бэ?

-Агаарын бохирдлын асуудлыг хариуцаж байгаа яам, агентлагуудын бүтэц зохион байгуулалт нь их сонин. Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хотын захиргаа хариуцдаг. Орон нутаг буюу аймгуудын утааны асуудлыг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам хариуцаж байна. Салбар дундын уялдаагүй байдлыг үүнээс харж болно. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд салбар дундын харилцааг зохицуулдаг нэгдмэл нэг бодлоготой  зөвлөл байгуулж, зөвлөлийн хүрээнд харилцан уялдааг нь хангаж, зоримог шийдвэртэй ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ хөрөнгө, санхүү зэргийг маш сайн төвлөрүүлж, хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Мөн орчин үеийн арга техник, технологийг утааг хэмжихэд ашиглах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, яндан болгоны утааны хэмжээг ухаалаг төхөөрөмжөөр хэмжиж, үүн дээрээ үндэслэн хэнийг нь урамшуулах уу, хэнийг нь торгох уу гэх зэргээр эдийн засгийн аргаар шийдэх боломж байна.

-Утааг бууруулахад гэр хорооллын иргэдийн оролцоо чухал юм шиг санагддаг. Гэхдээ гэрээ дулаалах, халаагуур авч тавих боломжтой нь цөөн. Энэ тохиолдолд төрийн дэмжлэг чухал байх. Тийм үү?

-Тийм ээ. Утааг бууруулахад иргэдийн оролцоо чухал байна. Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд орон гэрээ дулаалж, утаа бага ялгаруулахыг эрмэлздэг байхыг иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна. Гэхдээ хүн бүрийн амьжиргааны түвшин ижил биш. Тиймээс Улаанбаатар хотын нийт өрхийг ангилж, амьдралын чадамж муутай өрхөд дэмжлэг үзүүлэх зэргээр ялгавартай шийдэл бий болгох нь чухал байна. Мөн утааг бууруулахад манлайлан ажиллаж буй хувийн хэвшлийг дэмжиж, татвараас чөлөөлөх зэргээр дэмжвэл үр дүн сайтай байна.

Нөгөө талаар томоохон хот, суурин газрын агаарын бохирдлыг богино хугацаанд арилгасан гадаад орнуудын сайн туршлага бэлэн байгаа тул бид тулга тойрсон хэсэгчилсэн аргатай зууралдаж, цаг алдалгүй, гадаадын сайн туршлага, дэвшилтэт арга барилаас суралцан хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

-Хүссэн гар утсаа хаанаас ч зээлээр авч чаддаг боллоо шүү дээ. Тэгвэл гэр болон байшингийн дулаалгад зориулсан зээлийн үйлчилгээ нийгэмд бий болох хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Дээр хэлсэнчлэн, утааг бууруулахад технологи, бодлого, санхүү, менежментийн шийдвэр чухал. Санхүүгийн шийдвэрийн хувьд олон эх үүсвэрээс тус тусдаа үргүй зарцуулагдаж байна. Үүнийг төвлөрүүлж, нэгдмэл байдлаар үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Үүн дотор банкнуудын оролцоо чухал байна. Агаарын бохирдлыг арилгах шийдлийг цаг алдалгүй амжилттай хэрэгжүүлэхэд төрийн нэгдмэл бодлогыг төвлөрүүлж, стандарт, хууль зэрэг тогтоомжуудыг нэн даруй шинэчилж, хөрөнгө оруулалт, татаас, татвар, үнэ, урамшуулал зэрэг эдийн засаг, санхүүгийн хөшүүргээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, арилжааны банкуудын ногоон зээлийг үүнд чиглүүлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)