Х.ХУЛАН

Тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, үхлийг сөрөн тэмцэж буй бяцхан хүүд  тусламж хэрэгтэй байна. Өдөр бүр уйлах ч тэнхэлгүй болтлоо татаж, тэр тоолонд нэг судас нь тасарч байдаг гээд бод доо. Гуравхан сартай энэ хүүд хэрэв амжиж тусалж чадвал түүнийг хорвоод хамгийн олондоо арван жил амьдрахаас гэхдээ бүхий л насаараа өрөөл татанхай байх аюулаас аврах юм. Цаг алдалгүй шаардлагатай эмчилгээг эхлүүлбэл найдвар бий. Гэхдээ чамгүй мөнгө шаардлагатай учраас А.Сүлдэд одоо сайхан сэтгэлтнүүдийн өглөг хандив юу юунаас илүү хэрэгтэй байгаа юм. Хүүгийн ээж С.Нандинцэцэгтэй ярилцсанаа хүргэе.

-Таны хүү ямар өвч­нөөс болж ингэж шаналж байгаа юм бэ. Онош нь тодорсон уу?

-2012 оны аравдугаар сарын 26-нд миний хүү Нэгдүгээр амаржих газарт хагалгаагаар төрсөн юм. Хүүхэд гарсан дороо уйлдаг шүү дээ. Гэтэл тэгээгүй, 20-иод минутын дараа уйлсан. Маргааш нь нярайд хийдэг гурван төр­лийн вакцин хийлгэсэн юм. Түүний дараагаас хүү­гийн маань нүүр чинэрч, биеэ урагшаа хумь­чи­хаад байсан. Тэр нь таталт байсныг би тухайн үед мэдээгүй. Удал­гүй бид хоёр эмнэл­гээс гарсан. Эмч нар ту­хайн үед хүүг маань эрүүл саруул гээд л гаргасан юм.

Эмнэлгээс гарсны дараа ч хүү маань үе үе биеэ хумьж, өдөр ч, шөнө ч унтахгүй, нүд нь аниатай унтаад байгаа юм шиг хэрнээ мэгшиж уйлаад байсан. Ингээд 26 хоног­тойдоо аймшигтай татсан. Нүд нь сөлийгөөд, хойшоо гэдийж татаад байхаар нь бид сандраад түргэн дуудсан юм. Гэтэл эмч ирээд “Яг татсан нь үнэн юм уу. Танай хүүд эрүүл хүүхдийн бүхий л рефлекс байна шүү дээ. Яагаад татсан гээд байгаа юм” гэчихээд яваад өгсөн. Харин маргааш нь хүү минь дахиад л татсан. Чичрээд, уйлж ч чадахгүй болчихсон. Дахиад түргэн рүү ярьтал шууд ЭНЭШТ-рүү аваад яв гэсэн. Тэнд очтол мэдрэлийн эмч үзээд нярайн таталт гэж хэлсэн.

-Юунаас болж таталт өгснийг тогтоосон юм уу?

-Төрөхдөө архаг бүтэлттэй байсан байна гэсэн. Маргааш нь вакцин хийхдээ хүүхэд цоо эрүүл эсэхийг нягталж шалгах ёстой байсан юм байна лээ. Тэгээгүй. Тэр битгий хэл, хүү маань архаг бү­тэлт­тэй төрсөн гэдгийг ч хэлээгүй. ЭНЭШТ-д ирс­ний дараа л анх мэдсэн. Тэгэхээр энэ таталт яг юунаас болсныг мэдэхгүй байгаа.

-Оношлогоо, шинжил­гээ­гээр юу гэж гарах юм?

- Томографид харуулж болно. Олигтой юм гарах­гүй байх даа гэсэн. Ха­руул­сан чинь тархиныхаа 2-3 газарт уйланхайтай байсан. Уйланхай нь юунаас үүсдэг юм гээд бүхий л зөвлөх эмчээс асуулаа. Харвалтаас үүс­дэг гэсэн. Тэгээд миний хүү хэзээ харвасан нь мэдэгдэхгүй байгаа.

-Оношийг нь тодруулж чадахгүй байгаа учраас энд эмчлэх боломжгүй байгаа юм уу?

-Эмч нар миний хүүг Монголд байвал унаж тат­даг өвчтэй болох магадлал 98 хувь байна гэсэн. Хэдий хэр багаасаа илэрч байна, төдий чинээгээр саажилт өгдөг гэнэ. Одоо их хурц татдаг. Таталт өгөх тоолонд нь нэг судас тасарч байдаг гэж эмч хэлсэн. Тархинд аянга бууж байгаа юм шиг л болдог юм гэнэ лээ. Тий­мээс гадагшаа материалаа өгч явуулбал боломж байж болох юм гэсэн болохоос биш 100 хувь эрүүл болохгүй гэсэн.

-Тэгээд хаанахын эмнэлэгт хандсан бэ?

-Сайн гэсэн бүх эмнэ­лэгт хандсан. Тай­ланд, Энэтхэг, Солонгос руу. Тэд цаг алдалгүй хү­рээд ирэх юм бол онош­логоог чинь дахиж хийгээд аврах боломжтой гэсэн.  Одоогоор хамгийн бага үнэ хэлж байгаа нь Энэт­хэгийн эмнэлэг байна.

-Хэдэн төгрөг хэрэгтэй гэсэн юм бэ?

-40-өөд мянган ам.долларт багтахаар бай­гаа­. Эмчилгээ үргэлжил­бэл дахиад мөнгө хэрэг болно гэж байгаа юм.

-Хандиваар хэчнээн төгрөг цуглаад байна.Ямар хүмүүс тусалж байна вэ ?

-Ний нуугүй хэлэхэд зовлон үзсэн хүмүүс л тус болж байна. Манай дүүгийн найзууд гадуур яваад мөнгө цуг­луул­сан байгаа юм. Нэг өдөрт 700 мянган төгрөг цуглуулж өгсөн. Би тэдэнд маш их баярласан. “Тэн­гис”, “Өр­гөө”, УИД-аар хайрцаг бариад явсан юм билээ. Тэдний ярьж бай­гаагаар, дандаа дундаж амьдралтай хүмүүс хандив өгсөн гэ­сэн. Тэр бүү хэл, “Өргөө”-гийн урд гуйлга гуйгаад сууж байсан хүүхдүүд хүртэл мөнгө өгсөн байна лээ. “Өө, биднээс жаахан хүүхэд байна шүү дээ, өгнө өө ах нь” гэсэн байгаа юм. Бас нэг ах тааралдаад “Ахад нь автобусны 400 төгрөг л байна. Гэхдээ үүнийгээ өгнө өө өгнө, далайд дусал нэмэр. Ямар алхаж сураагүй биш, ганц өдөр алхана  даа” гээд алхаад явчихсан гэсэн. Харин том жийп унаж, булган шуба өмссөн хүүхнүүд “Уучлаа­рай ийм юманд мөнгө хий­дэггүй, дансанд хий­нэ” гээд яваад өгсөн гэсэн. Яахав, бид авах албагүй л дээ. Гэхдээ адилхан зовлон үзсэн хүн л бусдыг ойлгодог юм шиг. Өмнө нь хүүхдээ хүндээр өв­дө­хөд мөнгөний болол­цооноос болоод аварч чадаагүй гэсэн хүмүүс ч бидэнд тусалж байна. Бидний цуглуулсан мөнгө одоогоор 15 саяд дөхөж байна.

-Та өөрөө ямар ажил хийдэг вэ?

-Би “Нандин сэтгэл” нэртэй Төрийн бус бай­гууллага байгуулахаар зөв­шөөрлөө авчихсан. Өн­чин хүүхдүүдэд тусалдаг асрам­жийн газар нээе гэж бодоод байгаа. Хүүхэд төрүүлэх гээд үйл ажил­лагааг нь эхлүүлж амжаа­гүй байтал хүү маань ин­гээд өвдчих­сөн учраас одоогоор эх­лүүл­сэн зүйл алга л байна. Хүүгээ эд­гээд эрүүл боло­хоор нь энэ байгууллагаа хүүхдийн төлөө юу хийж болдгийг харуулахуйц тийм үлгэр жишээ бай­гууллага болгоно.