Ч.ҮЛ-ОЛДОХ
Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын дарга, УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашиж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан нэгэн эрхмийг бид энэ удаад “Ярилцах цаг”-ийнхаа зочноор урилаа. Энэ хүн бол улстөрчийн урт замналтай, шударга, нуруутай эрхэм хэмээн монголчуудын хүндэлдэг Ж.Гомбожав гуай юм.
-Та сайхан зусч байна уу. Улс төрөөс завсарлага авснаас хойш тэр болгон олны өмнө ил гарч, байр суурь илэрхийлэхгүй уджээ. Сүүлийн үед та хаана амьдарч, ямар ажил, алба хашиж байна даа?
-Энэ жил зуншлага сайхан байна. Би одоо жаргадаг насан дээрээ байх шив дээ. Олон ач, зээтэй. Тэд маань том боллоо. 2002 онд Төв аймагт нөхөн сонгууль болоход нэр дэвшсэн. Түүнээс хойш хэрэггүй юм байна гэж үзээд улс төрөөс хөндийрсөн. Бие тэнхлүүн, гэрт суухыг боддоггүй учраас зүгээр байгаагүй. Эхлээд нэг компанид зөвлөх хийсэн. Хүний юм хүний л юм байдаг хойно нийгэмдээ хувь нэмрээ оруулж, зүтгэе гэж бодоод барилгын чиглэлээр хувийн компани байгуулсан. Эхний ээлжинд эмзэг бүлгийнхэн, борчуудын хүүхдүүдэд зориулж, Сонгинхайрхан дүүргийн гэр хороололд 50 хүүхдийн цэцэрлэгийг Солонгосын хөрөнгө оруулалтаар барьж, 2-3 жилийн өмнө ашиглалтад оруулсан. Цайз захаас цааш хуучин модны захын орчим 852 айлын орон сууцны ажил эхлүүлсэн ч барьж чадалгүй 3-4 жил хүлээж байна. Яагаад барьж чадахгүй байна гэхээр дулааны шугам очоогүй. Зөвшөөрөл авах гэж гурван жил гаруй хөөцөлдөөд бардаггүй. Хүмүүс мэднэ дээ, Шар хад, Цагаан даваа, Улаанхуарангийн хэчнээн мянган айл өрх байгааг. Гэтэл тийшээ дэд бүтэц огт татдаггүй. Байгаа нь хүчин чадал муутай. Тиймээс танайд дулааны V цахилгаан станц баригдахаар зөвшөөрөл өгье гэдэг. Хувийн халаалттай барилгууд сүүлийн үед нэлээд баригдаж байна. Гэхдээ төвлөрсөн шугам сүлжээнд холбогдвол илүү найдвартай юм уу гэж хүлээсээр цаг алдах нь. Энэ жилээс обьектоо халаах зуухны хамт шийдэх талаас ярихаар хөрөнгө оруулагчаа хүлээж байна. Энэ барилгад Монголын талаас нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Одоогоор 52 айлын орон сууцны карказ босчихоод байгаа. Доороо 350 машины зогсоолтой гэж бодоход сүүлийн үеийн барилгын стандартаар барьж байгаа том бүтээн байгуулалт байгаа юм. Энэ бүхнээс үүдээд би нэг зүйлийг боддог юм. Манайхан хөрсний бохирдол, утааг багасгана гэж хэчнээн жил ярилаа. Тэгсэн атлаа тэр ажлаа гэр хороолол руугаа хийдэггүй. Зайсан, Яармаг, хаа хол байгаа “Найрамдал” зуслангийн чиглэлд л хийгээд байдаг. Магадгүй дээгүүр байгаа хүмүүс газар наймаалчихаад түүнийгээ дэд бүтэцтэй эхний ээлжинд холбодог юм болов уу гэж дотроо хардах юм. Би борчуудын төлөөлөл гэж явдаг хүн, тэгэхээр борчуудын бодож, зүтгэж явааг дээдчүүл анхаарч үзэхгүй юм даа. Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад захидал бичсэн. Улаанбаатар хотоо утаанаас салгая, хөрсний бохирдлыг анхаарч, хүн амынхаа эрүүл мэндийг бодсон дэд бүтэц бий болгох санал дэвшүүлсэн. Хүмүүс утаа их байна гэж яриад байгаа болохоос хөрсний бохирдол түүнээс их байгааг мэдэрдэггүй. Миний захидалд Ерөнхийлөгч “Таны санал зөв зүйтэй юм. Холбогдох хүмүүстээ хэлье” гэсэн хариу өгсөн. Ерөнхий сайд харин ямар ч хариу өгөөгүй.
-Шинэ Улаанбаатарын тухай ярьж байсан санагдана. Тэр ажил юу болсон бэ?
-Нэлээд дээхнэ Ж.Наранцацралтын үед шинэ Улаанбаатар хотыг 22-ын товчооноос урагш Морингийн даваа хүртэл шинээр бий болгоё гэж Хятадын архитекторчид төсөл, танилцуулгыг нь хийж өгсөн. Тухайн үед хүлээж авсан дарга нар зөв, зүйтэй юм байна гэсэн ч усанд хаясан чулуу шиг алга болсон. “Шинэ Улаанбаатар”-т хөрөнгө оруулъя гэсэн хүн нь хүлээж байгаад бүтэхгүй болохоор нь “Хятадад олимпийн бэлтгэлд газар олдож бүтээн байгуулалт хийхээр боллоо” гээд явчихсан. Тэр ажлаа дуусгаад Вьетнам руу явсан байна лээ. Тэр хүн шийдвэрээ гаргаж өгөөч, “Шинэ Улаанбаатар” байгуулах, нөгөө талаас газрыг нь шийдэж өгөөч, хөрөнгийг нь би босгоё гэсэн. Манайхан хөдлөхгүй байсаар алдчихсан. Тэр бүтэхгүй болохоор өөр нэг хөрөнгө оруулагч олж барилгын ажил эхлүүлсэн нь түрүүний ярьсан орон сууц. Энэ мэтээр аминдаа ажилтай л сууна. Бас байгаль хамгаалахаар зүгээр суухгүй байна. Дархан цаазат Богд ууланд дарга нар байшин барьж байгаа бол би мод тарьж байгаа. Хуучин Бугын сангийн аж ахуйн орчим хэдэн га газарт сая шахам мод тарилаа. Сүүлийн үед овоо өргөжиж, мод ч сайн ургаж хувь хүн, албан байгууллагууд их авдаг болсон. Энэ жил Баянзүрх дүүргийнхэн мод авч тарьсан. Хар усан тохойд 1000 хар мод тарьсан. Намар 16-17 га-д тарих бэлтгэл хийж байгаа. Ойрын өдрүүдэд Түргэний гол дээр хөв хийх гээд ажил ихтэй сууж байна. Түүнээс гадна хэдэн хүнтэй хамтраад “Ногоон суварга” гэдэг төсөл хийсэн юм. Далан давхарын 130 га газарт олон жил хүн оршуулж ирсэн. Ийм оршуулгын газар хотын эргэн тойронд 18 бий. Нас барсан хүний шарилаас маш олон хортой элементүүд ялгардаг. Гэтэл тэр нь Улаанбаатар хотын төв хэсгийн салхины дээд хэсэгт байрлалтай. Англид оршуулгын газрыг утсгаад дээр нь байшин барьтал хордлого гарч, ашиглахаа байсан байдаг. Үүнээс үүдэж дэлхий дээр оршуулгын газрыг яаж хоргүйжүүлдэг вэ гэдгийг судлаад үзэхэд ногоон байгууламж барьдаг юм байна. Дээр нь бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлж буй нэг хэлбэр юм. “Энэ ажлыг эрх барьж буй хүмүүс зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй. Лав л Байгаль орчны яам асуудлыг шийдсэнгүй. Одоо шинээр томилогдох хүмүүстэй ярина даа.
-Улс төрөөс завсарлага авсан ч улс орны хөгжил, эдийн засгийн байдал, улс төрийн намуудын хийж хэрэгжүүлж буй ажлыг хөндлөнгөөс ажиглаж, дотроо үнэлэлт, дүгнэлт өгч суудаг байх. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнг хэрхэн харж байна. Аль ч нам, эвсэл олонхи болсонгүй их өвөрмөц сонгууль боллоо?
-Би улс төрөөс хөндийрсөн гэж түрүүнд хэлсэн шүү дээ. Гэхдээ санал, бодлоо хэлээд тэгээч, ингээч гээд байхгүй ч улс төрд оролцож явсан хүний хувьд өөрийн гэсэн бодол, дүгнэлттэй суудаг. Тэгэхээр би хоцрогдож байгаагийнх уу, эсвэл биеэ магтах гээд байгаа юм уу 2000 оноос өмнөх юмаа л яримаар байна даа, таны асуултанд. УИХ-ын гишүүд ард түмнийхээ төлөө хууль тогтоох байгууллагад ажиллана гээд хөрөнгө мөнгө, цаг заваа зориулж гарч ирдэг. Нэгэнт сонгогдсон бол ард түмнийхээ төлөө үйл ажиллах ёстой. Үүнтэй холбогдуулж би юу хэлэх гэж байна вэ гэвэл, 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг одоогийн Их хурал юуны өмнө өөрчилж хүчингүй болгох хэрэгтэй. Тэр долоон заалт Үндсэн хуулийг зөрчсөн. Намайг 1996 онд УИХ-ын гишүүн байхад долоон өөрчлөлтийг хийх гэхэд би ганцаараа эсэргүүцэж байсан. 75 гишүүн миний эсрэг гар өргөж, Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. 2000 онд шинэ УИХ бүрэлдэж, бид ч тэндээс гарсан байсан учир ямар ч хэл амгүй ярсхийтэл гар өргөөд баталчихсан. Үнэхээр ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэе гэж байгаа бол ядаж УИХ 50 хоног хуралддаг биш байх талаас өөрчлөлт хийх ёстой. Бид тухайн үед 70-аас доошгүй хоног хуралддаг байсан. Тиймээс хуучин зарчмаар 70-аас доошгүй хоног хоёр удаа чуулган хийхэд 20 хоногийн дотор хэчнээн олон хууль баталж болдгийг хаврын чуулганы сүүлчийн өдрүүдэд харууллаа шүү дээ. Нийтдээ 40 хоног гэж үзвэл, олон хууль батлах боломж байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болчихоор Их хурлынхаа дээр Засгийн газар нь гарчихаад Их хурал нь юу ч хэлж чадахгүй болчихсон. Энэ байдал маш хортой. Их хурлын гишүүн нь ч, Засгийн газрын гишүүн нь ч өөрт ногдсон урд урдах ажлаа хийгээд явах хэрэгтэй. Аль, аль нь хангалттай үүрэгтэй, эрхтэй, хангамжтай. Тиймээс хоёр ажлыг оромдох хэрэггүй юм. Нөгөө талаас ирц дэндүү бага, Их хурлын гишүүдийн 39 нь цуглаад 20 хүн чуулганы танхимын гуравны нэгд нь сууж байгаад хууль баталчихаад байна. Үнэхээр хууль баталъя гэж байгаа бол ирц сайтай, хариуцлагатай хандах ёстой.
-Үүнд хэн хяналт тавих ёстой юм бэ?
-Энэ талаар Үндсэн хуулийн цэц үүргээ муу гүйцэтгэж байна. Нэгэнт Үндсэн хуулийн манаач юм бол стандарт бус засгийн газар байгуулагдаж байхад юу хийж байсан юм бэ. Хөндлөнгийн хүн шиг байж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэц өөрөө санаачилгаараа хэлэлцээд энэ мэт гажуудлыг засч, залруулж болно. Өмнө гаргасан шийдвэрээ ч шаардаж болно. Тиймээс одоо ялангуяа хүчний харьцаа ойртсон нөхцөлд эхний ээлжинд Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Түрүүчийн гурван жил гаруй тогтож ирсэн засгийг С.Баяр өөрөө зарласан шүү дээ, стандарт бус Засгийн газар гэж. Үүгээрээ би Үндсэн хууль зөрчсөн гэдгээ зарлачихсан. Манай ард түмэн дэндүү хүлцэнгүй гэх юм уу, эсвэл хуулиа дээдэлдэггүйгээс дээр, доргүй тоолгүй яваад ирлээ. Эцэст нь муу үр дагаврыг ард түмэн амсч байна. Тиймээс юуны өмнө Үндсэн хуулиа өөрчлөх, хоёрдугаарт УИХ-ын хэд хэдэн хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Нөгөө талас Халдашгүй байдлын дэд хороог 3-4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулчихаад хэдэн жил явлаа. Хэн нэгэн хүн хэрэг төвөгт холбогдохоор дараад суучихдаг. Хуулийн байгууллагууд татъя, шалгая гэхээр хамгаалдаг. Энэ маш буруу. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчим руу халдах нэг үндэслэл болж байгаа. Үүнийг бид өнгөрсөн дөрвөн жил хангалттай харсан. УИХ-ын гишүүн хэрэв хэрэгт төвөгт холбогдсон л бол шалгуулах ёстой. Гэтэл шалгахаар илэрчих гээд байгаа учраас Халдашгүй байдлын дэд хороогоор хамгаалагддаг байх учиргүй, эвсэл аль нэг нам, хүчинд нэгдэж хамтраад дардаг байж таарахгүй. Шударга ёсыг дээрээсээ эхлэх ёстой.
-Би түрүүчийнхээ асуултыг давтмаар байна. Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалд засаг байгуулах улс төрийн намуудын оролцоог та хэрхэн харж байна?
-Хэрэв АН, МАХН-тай эвсчихвэл УИХ хуралдахад төвөгтэй болно. УИХ-ын дарга гацаанд орно. Маш хэцүү. 30 гаруй хүн хуралд орохгүй гэхэд АН үлдсэн хэсэгтэй нийлээд шийдвэр гаргахад ард түмэнд нийцтэй шийдвэр гарахгүй. Яагаад гэвэл, наана нь Монголын ард түмний нэлээд олонхийн санал авсан нам тэр шийдвэрт оролцох боломжгүй болчихож байгаа юм. Хэрэв хамтраад түрүүчийн гурван жил гаруй явсан шигээ эвсчихвэл ард түмэн бас хүлээж авахгүй. Нөгөө хоёр чинь эргэж нийлээд идэж, уугаад эхэллээ гэнэ. Тиймээс нөхцөл байдал маш төвөгтэй байна. Эвсэхээр ард түмэн хүлээж авахгүй, эвсэхгүй гэхээр ажил нь урагшлахгүй. Ийм л байдал үүсэх нь гэж харж байна. Тэгэхээр маш ухаалагаар шийдэх хэрэгтэй. Тухайн үедээ л зохицуулах байх.
-Сонгуулиар улс төрийн намуудын төлөвшил ихээхэн ил тод харагддаг. Та ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Юуны өмнө Сонгуулийн шинэчилсэн хууль маш буруу болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Нэр дэвшүүлэхэд дороосоо эхлэх хэрэгтэй. Гэтэл хэдэн хүн эвсч бүлэг байгуулсан нам нэр дэвшүүлчихээд байна шүү дээ. Намын удирдлагаас хамааралтай, эвсэл хөрөнгө мөнгөний нөлөөтэй хүмүүс гарч ирлээ. Миний бодлоор, арван өрх юм уу, нийслэлд 100 өрхөөс нэг хүн сонгогдож, сум, дүүргийн хуралд ирээд, тэндээсээ шалгарч аймаг, нийслэлд очиж, шалгарсан нь Их хурал, Засгийн газарт нэр дэвших эрхтэй. Түүнд намын оролцоо бараг байхгүй. Ингэж чадвал, тогтолцооны хямрал,төр, засгийн гажуудлыг арилгаж чадна. Гэтэл тэгэхгүйгээр хоёр том нам засгийн эрх барих ёстой гээд байна шүү дээ. Энэ бол огт өөр юм. Манай улс төрийн намууд төлөвшөөгүй. Тэр нь сая харагдсан. Нэг хэсэг нь намын нэр солилоо гээд гарч л байдаг, зарим нь бүлэг байгуулж, фракц бий боллоо гээд явчихдаг. Ганц, хоёр хүн гарахаар гишүүд нь тэднийг дагаад савлачихаж байна шүү дээ. Энэ бол улс төрийн намууд төлөвшөөгүйн тод жишээ.
-Сонгуулийн өмнө танд нэрээ дэвшүүлээч гэсэн санал ирсэн юм уу. Би тэгж дуулсан. Яагаад татгалзсан юм бэ?
-2016 оноос нааш төр, засаг олигтой шинэчлэгдэхгүй юм шиг байна. Би тэгж харж байгаа. Тиймээс болъё гэж хэлсэн юм. Манайхан хуулиа дэндүү биелүүлэхгүй байна. Энэ сонгуулийн дүнг сонсоод байхад энд тэнд хууль зөрчсөн баримтууд гаргаж тавиад л байна шүү дээ. Архангай, Увс, Хан-Уул гээд олон газар ярьж байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх байх. Ингэх юм бол УИХ энэ бүрэлдэхүүнээрээ байж чадах уу, үгүй юу гэдэг асуудалд хүргэж болзошгүй. Үнэхээр хууль биелүүлдэг л юм бол ийм зураг харагдаж байна. Хуулиа хэрэгжүүлэхгүй хуучнаараа найрсаад явна гэвэл энэ бүрэлдэхүүнээрээ дөрвөн жил дүүжигнэх байх. Ер нь манайд хуульгүй учраас ийм юм болоод байгаа юм биш. Өмнөх хууль нь муудаад дараагийнх нь сайжруулаад, авлига их байснаа одоо авлигагүй болчихоод байгаа юм биш. Авлига, мөнгө төгрөг тараахгүй сонгуульдана гэсэн. Гэтэл тараасан нь түрүүчээсээ батлагдаад байна. Өмнө хууль ч тийм л байсан. Харин дутагдаж байгаа нэг зүйл нь хуулиа биелүүлдэггүйд л гол учир байгаа юм. Яам, агентлаг, дунд шатанд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байна шүү дээ. Одоо ажил хөөцөлдөөд явж байхад хамгийн тод ажиглагдаж байгаа зүйл энэ л байна. Заавал нэг зүйл дээр гацаадаг, тэр нь чи надад авлига өг гэснээс өөрцгүй. Ямар нэгэн хэлбэрээр мөнгө өгөхгүй л бол тавьсан асуудал шийдэгддэггүй. Монгол Улсад шударга ёс тогтооё гэвэл төр, засгийн одоогийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгаа юм.
-Энэ сонгуулийн дүн ард түмэн шударга ёсыг үгүйлж байгааг илтгэлээ гэж олон хүн дүгнэж байна. Та 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа шударга ёс тогтооно гэж уриалж байсан. Өнөөдөр хаана хаанаа шударга ёс алдагдчихаад байгаа талаар юу хэлэх вэ?
-Би 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ гурван уриа дэвшүүлснийг Монголын 40-өөд дээш насныхан мэдэж байгаа. Шударга ёс, тусгаар тогтнол, эгэл борчуудын төлөө гэсэн гурван асуудал 10 жилийн өмнө ямар байсан тэр хэвээр байна. Ямар ч шинэчлэлт хийсэнгүй. Харин ч өмнө байснаасаа муудсан байна. Анхаарах зүйлүүд байна. Энэ бүхнийг би дээрээсээ эхлэх ёстой гэж байгаа юм. Гэхдээ хууль зөрч гэж байгаа юм биш, нөгөө талаас хүнлэг хандах учиртай. Тухайлбал, үүнийг Н.Энхбаярын баривчилгаанаас хүмүүс харсан байх. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ч, жирийн иргэн Гомбожав байсан ч соёлтой барьж болно. Хүнлэг барьж болно. Заавал хаалга үүдийг нь эвдэж, эхнэр хүүхэд, ойр дотны хүмүүс, танил талыг нь айлган сүрдүүлж, хөлийг нь гозолзуулж чирээд авч явахдаа яахав дээ. Үүнд Монголын ард түмэн жигшин зэвүүцэж, энэ сонгуулиар дүн тавилаа. Тэдний нам нэлээд олон суудал авчихлаа. Шударга бус явдлыг Монголын ард түмэн үзэж чадахгүй байгаагийн тод жишээ, сонголтын илрэл нь тэд юм. Ард түмэн дүнгээ хэзээ ч тавьж болно. Тиймээс ард түмэн ингэж дүн тавьдаг юм байна шүү гэдгийг одоо эрх барих гэж байгаа намынхан, олон жил парламентад ажилласан нөхдүүд ойлгох хэрэгтэй. О.Дашбалбар “Хүмүүс ээ, амьддаа бие биеэ хайрла” гэдэг үгийг хэлэхдээ хайрлахгүй байгааг өөрөө биеэрээ амсч байсан учраас ард түмэндээ захиж үлдээсэн. Түүнийг нь би сайн мэднэ. О.Дашбалбарыг улс төрд татаж оруулсан хүн нь би юм шүү дээ. Амьд сэрүүнд нь хүмүүс янз бүрээр хэлдэг, доромжилдог байсан. Түүнийг мэдэрч байсан учраас ард түмэндээ захиасаа үлдээсэн. Тиймээс хүнийг баривчлахдаа ч, шийтгэхдээ ч гэсэн хүнлэг, ёс зүйтэй хандах хэрэгтэй юм. Үүнийг би хууль завхруул гэж хэлж байгаа юм биш. Арван удаа дуудахад ирээгүй гэж Н.Энхбаярыг яриад байна. Тэгвэл нэг удаа дуудаад хоёр дахь дээр нь албадаж яагаад болдоггүй юм. Хуулиа хэрэгжүүлэхгүй яасан юм бэ. Тийм биз дээ. Манайд намчирхал дэндүү газар авсан. Өөрийнх нь намынх биш л бол алтан толгойтой хүн байсан ч улс орны төлөө ашиглах сонирхол байдаггүй. Дээр байгаа хүмүүс өөрсдийгөө бөөцийлсөн байдалтай байх юм. Сүүлийн хэдэн жил эд хөрөнгө, албан тушаалын сонирхолтой хүмүүс төр, засгийн эрхэнд байгаа нь Монголын ард түмнийг түргэн амьдралаа дээшлүүлэх үүд, хаалгыг хааж байна. Одоо ч тэр баг энэ сонгуулиар олигтой шинэчлэгдэж чадсангүй. Шинэ хүмүүс орох нь орж ирлээ. Гэхдээ тийм ч хүчтэй хүчин болж чадахгүй болов уу.
-Та 1996-2000 онд цөөнхийн бүрэлдэхүүнд явсан улс төрч. Цөөнх болж буланд шахагдахын ашиг тус гэж ер нь байдаг уу?
-Цөөнх байхын нэг ашигтай тал нь намаа бэхжүүлж чаддаг. Намынхаа үйл ажиллагааг түлхүү явуулах боломж олддог. Тэр талаасаа ашигтай. Гэхдээ цөөнхийн хамгийн хэцүү зовлон бол ямар ч сайхан санал, шийдвэр тавиад олонхи хүлээж авдаггүй тал бий. Энэ монголчуудын туйлшралтай ихээхэн холбоотой. Тиймээс одоо Засгийн газрыг бүрдүүлэхдээ ухаалаг хандах ёстой. Яагаад гэвэл бодит эрх мэдэл засагт илүү байдаг. Өнөөгийн хоёр гуравхан хүний зөрүүтэй байдалд засаг бүрдүүлэх маш хэцүү. Дээхнэ үед О.Дашбалбарыг хуучнаар МАХН, одоогийн МАН голдуу өөр дээрээ авчихдаг. Надад хэлдэг байсан юм “Гомбожав аа, одоо Балбарыгаа дуудаарай” гэж. Бид 26 болчихоод квот нь 50 учраас хурал хийдэггүй. Гэхдээ одоо зарим хүн “Тэр үеийн цөөнх хүчтэй байж, биднийг ажил хийлгээгүй” гэдэг. Түүнийг түүх судлаачид ялгаж хэлэх байх. Ямар санал тавьж байж вэ, түүнийг нь хэрхэн хүлээж авч байж вэ. Тэр нь зөв байж уу гэдгийг судлаачид л тогтооно. Цаг өнгөрөх тусам үйл явдал улам тодорхой болдог. Тухайн үед ажиллаж байгаа хүн түүх бүтээж байгаагаа ухаардаггүй. Би тэр үеийн цөөнхийг буруутгадаггүй. Би өөрөө цөөнхөд байсандаа биш. Ер нь бол зөв асуудал зөндөө тавьж байхад түүнийг хүлээж авдаггүй байсан. Сөрөг хүчин гэж сэтгүүлчид өгсөн нэр шиг байгаа юм. Энэ тийм ч оносон хэллэг биш. Сөрөг хүчин гээд сөрж байхын нэр биш юм. Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэх асуудал бий. 100 асуудал хэлэлцэхэд 60 -д нь нэгдээд үлдсэнд нь зөрж болно шүү дээ. “Ам нээхээр уушги нээ” гэгчээр нэг зүйлийг энд зориуд хэлчихэд Ардчилсан хүчнийхэн тэр үед С.Зоригийг огт дэвшүүлдэггүй байсан. Байнгын хорооны дарга бол гэхэд болгохгүй татгалздаг. Сүүлдээ хөдөөнөөс сонгогдсон голдуу “Элсний 13” нэртэй хэдэн гишүүн байдаг байсан. Түүнээс хойш хэдэн ч 13 гарсан даа. Эцэст нь тэр 13 гишүүн л МАХН/МАН/-тай нийлж С.Зоригийг дэд бүтцийн сайд юм уу, аюулгүй байдлын байнгын хорооны даргаар тавьж байсан. Нас барсны маргаашаас нь эхлээд учиргүй хөөрөгдөөд явчихсан. Надад ярьдаггүй юм ч бий, ярьдаг ч юм бий. Ярьж болохоор зүйлээс нь хэлэхэд ийм байна.
-Та Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын дарга, УИХ-ын гишүүн, дэд даргын албан тушаалыг хашиж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан хүний нэг. Одоогийн УИХ, гишүүдийн ёс зүйн тухайд юу хэлэх бол?
-Их хурлын гишүүд хөрөнгөтэй холбогддог болж. Энэ маш буруу. Одоо арван саяас эхлээд гурван тэрбум боллоо шүү дээ. Тэгээд Засгийн газар хяналт тавьж чадахгүй. Яагаад гэвэл, өөрсдөө түүнтэй хутгалдчихсан учраас. Манай тойрогт ийм юм хийлээ, тийм юм хийлээ гэж байгаа нь цаанаа заавал нэг авлигатай, хардалттай байдаг. Өөрөө тэр дундаас хувь авчихсан хүн чинь ямар юмных нь хяналт тавьж чадах вэ дээ. Их хурал өөрийгөө хөрөнгө, мөнгөтэй холбож огтхон ч болохгүй. Үүний нэг илрэл, нэн даруй өөрчлөх ёстой зүйл нь Их хурлын гишүүд хууль санаачлан боловсруулаад 10-20 сая төгрөг авдаг гэж ярьж байгаа. Гэтэл тэд хууль тогтоохын төлөө сонгогдож байгаа шүү дээ. Өөрөө хууль хэлэлцэж, тогтоож чадахгүй хүн чаддаг хүнд нь зайгаа тавьж өгөөд зайлах ёстой. Өөр хүмүүст мөнгө өгч хийлгэдэг байж таарахгүй. Тэгээд чанаргүй олон хууль өргөн барьдаг. Хүний ярьснаас эсвэл, гадаад явж үзсэн харсан, сонссон дуулснаасаа санаа аваад нэг хууль өргөн барьдаг. Хуулиуд нь битгий хэл, нэг хууль гэхэд л дотроо зүйл, заалтууд нь маш их зөрчилтэй байгаа. Одоо шинэ Их хурал шинээр хууль санаачилж, батлуулах гэхээс илүүтэй өмнөх хуулиудын бөөсийг түүж, хууль зүйд нийцүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед ХЗДХ-ийн яамыг салгаж Хууль зүйн яам болгох тухай ярьж байна. Магадгүй яг энэ цаг үед тэр нь чухал байх. Ер нь Хууль зүйн яам бол Их хуралд маш сайн боловсорсон хууль өргөн барих, оруулах ёстой яам шүү дээ. Зарим оронд хууль боловсруулах гишүүний тоог заасан байдаг. Төдөөс доошгүй гишүүн нэгдэж хууль боловсруулах ёстой гэж нарийвчилж тогтоодог. Түүнээс биш манайх шиг 2-3 гишүүн нийлж, нэг компанийн лоббигоор хуулийн төсөл өргөн барьдаггүй. Тэгээд ч Их хурлын гишүүд хуулийн төсөл өргөн бариад байх нь оновчгүй. Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс сайн боловсруулсан хуулийг шүүлтүүрээр оруулах ёстой. Нэг үг, цэг, таслалыг яаж оноож тавих вэ гэдэг чухал. Гэтэл сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хууль олон боллоо. Үндсэн хуулиа мэдэхгүй хүмүүс Их хурлын гишүүн болж байна. Тэд өөрсдийн санаагаар хуулийн төсөл хийчихдэг, түүнд нь засгийн газар хяналт тавьж чадахгүй байна. Хэрэв иймэрхүү маягаар цааш явбал төр тогтолцоондоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ард түмнээсээ асуух учиртай.
-Та түрүүнд байгаль хамгаалах чиглэлд санаа зовж байна гэлээ. Манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон ордууд эдийн засагт эргэлтэд орлоо. Цаашид уул уурхайг хэрхэн ашиглах нь зохистой бол?
-Байгаль, газар шорооны асуудал хэдэн улс төрч төр, засгийн эрхийг барьж байхдаа идчихдэг зүйл биш. Монголын бүх хүн, ирээдүй хойч үед зориулагдсан өмч, тийм ч байх учиртай. Бид гуравхан сая хүн тэжээх гэж байгаа болохоос 30 сая, 300 сая хүн тэжээх гэж байгаа биш. Лиценз авсан болгоныг ашиглуулах ёсгүй. Бид цөөхөн чанартай,боловсронгуй, дэлхийн зах зээлд үнэ хүрэх одоо нээгдээд байгаа, ашиглаж байгаа үйлдвэр уурхайгаа ашиглаж, бусдыг нөөцөд авах хэрэгтэй. Алтны уурхайнуудыг бүгдийг хааж, тэнд ажилладаг хүмүүсийг ажлын байраар хангах хэрэгтэй. Олон жилийн өмнө би нинжа нарыг ногоо тарих, мод тарих, хөрсний бохирдолтой тэмцэх сургалтад хамруулж, ажлын байр гаргаж өгч болно. Нинжа нарын амьдрал хэцүүднэ гээд байлгаад байж болохгүй гэсэн санал дэвшүүлсэн. Тэр үед төр, засаг барьж байсан хүмүүсийн муу тал нь тийм зүйл хийчихвэл би эргэж сонгогдохгүй гэж боддогоос үүдээд хэрэгжээгүй.
-Сүүлийн үед эдийн засгийн алуурчдын тухай их ярьж, бичиж байна. Энэ тухай сонсч дуулж байгаа байх?
-Тэр чиглэлээр ном бичсэн хүмүүсийн бүтээлийг нэлээд уншсан. Ер нь Монголыг хэлээд байгаа юм уу гэхээр байна. Алуурчид ороод ирчихсэн байна. Миний 1997 онд дэвшүүлж байсан тусгаар тогтнолын асуудал шүү дээ, энэ чинь. Тэр үед хийгдэх гээд цухалзаж байсан зүйл, одоо биеллээ олчихсон явж байна. Тэр үед би тэр болгоныг сөрж,Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Юу ярьж, ямар санал дэвшүүлсэн нь одоо архивт байгаа байх. Эдийн засгийн алуурчид Монголд аль хэдийнэ ороод ирсэн, үйл ажиллагаагаа идэвхжүүлээд явж байгаа. Хамгийн аюултай нь төр, засгийн удирдлагад байгаа хүмүүс тэдэнтэй холбогдчихсон байна шүү дээ.
-Төр, засагт тогтолцоог өөрчлөх ёстой гэж та хэллээ. Эдийн засагт Монголын ойрын ирээдүй, хөгжлийн гарцыг та юу гэж харж байна?
-Монголын ирээдүй уул уурхай биш, нөхөн сэргээгдэх баялаг буюу байгальд халгүй аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь хөгжлийн гарц юм. Өмнөд Солонгос 20-30 жилийн дотор, Бразиль найман жилийн дотор боссон. Би түрүүнд хэлсэн, Монгол гуравхан сая хүний амьдралыг дээшлүүлэх гэж байгаагаас биш 30 сая, 300 сая хүн амыг тэжээх гэж байгаа биш. Заавал бусад орон шиг өндөр барилга барих хэрэггүй. Төв хэсэгтээ тийм байж болох ч, ард түмнийг заавал өндөр байшинд суулгах гэж уралдуулах хэрэггүй. Газрыг нь баталгаажуулаад өгчих хэрэгтэй, тэндээ сайхан амьдрах боломж бий. Монголд ирээдүй бий, хөгжиж байна. Гол нь хувийн компанийн нуруун дээр явж байна. Төр, засгаас дэмжлэг муу байна. Одоо 100 мянган айлын орон сууц барина, гэр хорооллыг дэд бүтэцэд холбоно гэж яриад байна. Энэ бол зүгээр л лоозон. Наана нь хоёр асуудлыг шийдэхгүйгээр урагшлахгүй. Одоо дулаан, цахилгааны эх үүсвэр хүрэлцэхгүй байна. Цэвэр, бохир усны шугам асуудалтай байна. Юуны өмнө энэ асуудлыг шийдэж байж дэд бүтэц цааш явна. Айлын хашаа руу орохоосоо өмнө хангах эх үүсвэрээ бий болгох ёстой шүү дээ. Гэтэл энэ чиглэлд хараа сунгахаас илүүтэй Улаанбаатар хотод замын хашлагыг л солиод байдаг. Хашлаганы нэг азтай компани байна. Тэр хэний компани вэ, түүнийг шалгах ёстой. Замыг нь засахгүй атлаа хашлагыг нь байн, байн засч, өөрчлөөд байдаг. Зүгээр байсан хашлагыг яг ижил хашлагаар сольж байгаа байхгүй юу. Өнгөрсөн намар Шарга-Морьт, Дамбадаржаагийн зам зүүн талаар тавигдсан. Одоо түүний хашлагыг сольж байна. Энэ юу гэсэн үг вэ. Манай байрны өмнөх хашлага зүв зүгээр байсан. Сая хэдхэн хоногийн өмнө сольчихсон. Энэ нь УИХ, Засгийн газар, нийслэл хөрөнгөө буруу юманд зарж байгаагийн илрэл. Эхний ээлжинд бид юуг шийдэх вэ гэдгээ харж, хөрөнгөө төвлөрүүлэхгүйгээр шуудайны ам нь онгорхой цацаад байна. Тэгээд ард түмний амыг түр зуур хаах, гал унтраах аргыг хэрэглэж байна. Ингэж болохгүй. Бид ийм асуудлыг шийднэ гэдгээ ард түмэндээ зарлаад, та нар бусдыг нь тэвчиж бай гэж болно шүү дээ. Сүүлийн үед Зайсан толгойгоос эхлээд цааш Богд уулын арыг хүртэл битүү хашаа болсон. Дархан цаазтай газар газар өгөхгүй гэснээ яалаа. Үүнийг үе үеийн Байгаль орчны яам, Хан-Уул дүүргийн захиргаа хийсэн. Газар өгөхдөө аялал жуулчлалын чиглэлээр гээд өгчихдөг. Дараа нь орон сууц босгочихдог. Тиймээс тэдгээрийг улс хурааж авч, журамд нь оруулах хэрэгтэй. 1991 онд Ардчиллынхан тэнд байсан айлуудын зусланг бүгдийг хойш нь хөөж гаргасан. Одоо засгийн эрх авлаа, Богд уулын газрыг цэгцлэх хэрэгтэй.
-Наадам дөхөж байна. Та хаагуур наадах вэ, Морь уядаг хэвээрээ юу?
-Гэр зуураа наадамлах байх. Нэг хэсэг морь уяж байсан. Унуулах хүүхэд олдохгүй хэцүү юм билээ. Хүний хүүхдийг гэмтээж, бэртээх вий гэж айх юм. Манай адуу Төв аймгийн Баян-Өнжүүл суманд бий. Танил тал, хамаатан садангийн хүмүүс уядаг л юм. Сүүлийн үед би оролцохоо больсон.
-Бидний урилгыг хүлээж авч цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.