М.МӨНХЦЭЦЭГ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орхон аймагт ажиллав. Тэрээр энэ үеэр ойрын өдрүүдэд салбарт нь үүсээд буй хариуцлага алдсанаас үүдэж зарласан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” долоо хоногийн аяны явцыг шалгахаар ирснээ албаны уулзалтуудын үеэр нуусангүй. Баянхонгор аймгийн нярайн сувилагчийн сэтгэлгүй, хариуцлагагүй үйлдээс болж, эрүүл мэндийн салбарынхан тэр чигээрээ хөдөлж, иргэдээс эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг хүлээн авч, ажилдаа дүгнэлт хийхээр ажиллаж байгаа юм. Сайд аймгийн Засаг дарга Г.Зоригттой уулзахдаа “Эмнэлгийн ажлын ачааллын 70 гаруй хувийг төр захиргааны болон бусад байгууллага, хувь хүнээс үүдэлтэй байдаг. Иймд гудамж талбай дахь цас мөсөө цэвэрлэж, хальтиргаанаас үүдэлтэй гэмтэл олноор үүсэх нөхцлийг бууруулахыг хүсье” гэв. Мөн Засгийн газраас аймгуудад оношлогооны төвтэй болгох ажлыг шат дараатай хийж эхэлсэн. Удахгүй Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр оношлогооны төв байгуулж ашиглалтанд орох гэж байна. Харин Засаг дарга сайдад дараах хүсэлтийг тавьсан. Үйлдвэрийн хөрөнгөөр барьж байгаа оношлогооны төвийг Японы тоног төхөөрөмжөөр тоноглож байгаа учир гадаадын эмч нарыг манай улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гаргахад туслахыг хүссэн юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал аймгийн ЭМГ-ын дарга Г.Ганхуяг, БОЭТ-ийн дарга М.Баттүвшин нартай уулзахдаа “Эрүүл мэндийн салбарт улсын хэмжээнд бараг онц байдал зарлахдаа тулаад байхад, танай аймгийн эрүүл мэндийнхэн урдаас менежмэнтийн аян яриад сууж байх юм. Яамны удирдлага томоохон эмнэлгүүдээр явж, иргэдээс ямар санал, гомдол гарч байгааг нэг бүрчлэн үзэж, араас нь хөөцөлдөж байна. “Тусламж үйлчилгээг сайжруулах аян” зарласныг та хоёр мэдээгүй юу. Ний нуугүй хэлэхэд та бүхний ажилд би сэтгэл дундуур байна” гэж зэмлэсэн юм. Сайдыг оношлогооны төв рүү ороход нэгэн ээж тав орчим насны хүүхдээ хөтлөчихсөн гомдол гаргаж угтлаа. Хүүхэд нь Эрдэнэтийн эмнэлэгт төрсөн цагаасаа эхлэн идээт үрэвслээр шаналж, одоог хүртэл эмнэлэг дорвитой эмчилгээ хийхгүй байгааг дуулгасан юм. Сайд БОЭТ-ийн эмч, ажиллагсадтай уулзахдаа “Би сумын эмнэлгээс сайд болтлоо энэ салбарт ажиллахдаа эмнэлгийнхнээс ард түмэн юу хүсдэг вэ гэхээр бага ч гэсэн сэтгэл гаргахыг хүсч байгаа шүү гэдгийг л мэдэрсэн” гээд иргэдийн эрүүл мэндэд сэтгэл гаргаж ажиллахыг хүсч байгаагаа хэлсэн юм. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж, эмнэлгийн ажиллагсадын цалинг нэмэхээр ажиллаж байгаагаа сайд ярьсан. Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагад 2013 онд сайдын багцаас гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж.
Аймгийн БОЭТ сайдаараа “Хөхний рентген” дүрс оношлогооны аппаратын нээлтийн туузаа хайчлуулсан юм.