Ц.МЯГМАРБАЯР

 

Монголчуудын шүтээн болсон газарт ураны лиценз олгогдоогүй

 

“Уран олборлох лицензийг есөн аймгийн нутагт олгосон”, тэр дундаа монголчуудын шүтээн болсон газар, тусгай хамгаалалттай бүсэд уран олборлохоор болсон гэх мэдээлэл 2025 оны хоёрдугаар сарын 2-нд сошиалд тархсан. Монголын баримт шалгах төвөөс уг мэдээллийг шалгаж, төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг тогтоосон байна. Тухайн пост 772 реакц, 202 сэтгэгдэл авч, мянга гаруй удаа цааш түгжээ.

Баримт шалгалтаар тухайн үед Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Дорнод аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан ч “есөн аймагт”, тэр дундаа тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолборт газарт уран олборлоно гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг тогтоосон байна.

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Цацраг идэвхт ашигт малтмалын асуудал эрхэлсэн мэргэжилтэн А.Тэмүүлэнгээс тодруулахад”Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 10 хүрэхгүй байна. Хамгийн сүүлд тавдугаар сард ураны илэрцтэй холбоотой хоёр тусгай зөвшөөрлийг Дундговь болон өөр нэг аймагт нэмж бүртгэсэн.  Одоогоор ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Үүнээс “Бадрах Энержи” ХХК гурав, “Гурвансайхан” ХХК дөрөв ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнд “Өлзийт”, “Чойр”, “Гурвансайхан”, “Хайрхан” гэсэн дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр гэж бүртгэгдсэн.

 “Шинь Шинь” ХХК мөн цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй бүртгэлтэй. Энэ хоёр компани уранаа хамгаалж гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, холимог металл олборлох зорилгоор. Хайгуулын тусгай зөвшөөрөл одоогоор байхгүй. Үндэсний геологийн алба, Цөмийн энергийн газрын хамтарсан шийдвэрээр лити хэмээх газрын ховор элементийг цацраг идэвхт ашигт малтмалын ангилалд бүртгэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Монгол Урианум” ХХК-ийн хайгуулын талбайгаас литийг хассан. Ингэснээр тус компанийн хайгуулын талбай уран буюу цацраг идэвхт ашигт малтмалын талбайн ангиллаас хасагдсан” гэсэн юм. Гэхдээ нээлттэй цахим мэдээлэлд

 2016-2026 он буюу өмнө ялгасан уран буюу цацрагтай талбай Монгол Улсад 4.0 сая га талбайг хамарч байсан бол одоо 2.0 сая га болж багассан. Харин монголчуудын шүтээн болсон газарт ураны лиценз олгогдоогүй” гэв.

 

Зээрийн уушгины бүтэц ураны хордлогын шинж биш аж

 

2025 оны дөрөвдүгээр сарын 17-нд Tseren Enebish нэртэй Facebook хаягаас “Явж чадахгүй тамирдаад унахдаа үхэв. Бид гэдэс дотрыг задлахад найман уушгитай, зүрх нь хавиргандаа наалдсан, уушгиндаа хавдартай, цус нь бүлэгнэсэн байв” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэгт цагаан зээрийн уушгины 7-9 салбарласан бүтцийг цацраг идэвхийн хордлогын улмаас үүссэн гэх агуулгаар тайлбарласан байна. Бичлэг 2800 гаруй реакц, 442 сэтгэгдэл авч, 1900 гаруй удаа цааш түгжээ.

Гэвч мэргэжлийн эх сурвалжийн мэдээллээр зээр, тугал, үхэр зэрэг зарим хивэгч амьтны уушги нь 7-9 салбарласан бронхи буюу гуурсан хоолойн системтэй байдаг. Эдгээр гуурсан хоолой нь агаарыг уушгины янз бүрийн хэсэг, дэлбэнд хүргэдэг хэвийн анатомийн бүтэц юм. Тиймээс уушги олон салбарласан харагдаж байгаа нь өөрөө өвчин, тэр дундаа цацраг идэвхийн хордлогын шинж гэж үзэх үндэслэлгүй.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн газрын дарга Х.Алтангэрэлээс тодруулахад “Манай улсад мал болон зэрлэг ан, амьтны доторх эд, эрхтнийг юунаас болж өвчилсөн, уранаас болсон гэдгийг хэлэх боломжгүй. Мэргэжлийн нарийн лабораторийн шинжилгээгээр тогтоодог. Өнөөдөр Монгол Улсад өндөр хүчин чадал бүхий лаборатори нэг ч байхгүй. Хүсвэл тухайн үхсэн гэх зээр болон бусад амьтнаас дээж авч гадагшаа, тухайлбал Франц, Солонгос улс руу шинжилгээнд явуулж байж тогтооно” гэсэн юм. Мөн  Мал эмнэлгийн хүрээлэнгийн Химийн лабораторийн мэргэжилтэн н.Гэрэлмаа “Монгол Улсын хэмжээнд мал болон зэрлэг ан амьтнаас уран илэрсэн, илрээгүй гэсэн шинжилгээг огт хийж байгаагүй. Үүнийг тогтоох нарийн шинжилгээний лаборатори байхгүй” гэв. Иймээс үхсэн зээрийн уушгины бүтцэд үндэслэн “ураны хордлогоос болж үхсэн” гэж дүгнэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй. Ийм шалтгаант холбоог тогтоохын тулд эд, эрхтэн болон бусад шаардлагатай дээжид мэргэжлийн лабораторийн шинжилгээ хийх шаардлагатай юм.

Тэгэхээр хэн нэгэн дур мэдэн уранаас болж зээр үхсэн гэсэн баталгаагүй, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах нь хуулийн өмнө хариуцлага хүлээх заалттайг сануулах нь зүйтэй биз ээ.

 

Усны бодлогоо эргэж харах шаардлагатай

 

Эрдэмтэн, судлаачид Монгол Улс усны бодлогоо шинэчилж, усны үнэлгээ, судалгаа, ашиглалт, хяналт, мониторингийг нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагатай гэж үзэж байна. Ус нь бүх салбарын үйл ажиллагаатай холбоотой, стратегийн ач холбогдол бүхий нөөц учраас түүнийг хамгаалах, зөв зохистой ашиглахын зэрэгцээ улс орны эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгтэй гэж тэд онцолжээ.

Энэ асуудлын хүрээнд “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа”-ны үр дүн чухал ач холбогдолтой. 2011-2020 онд МУИС-ийн физикч, химичид Цөмийн энергийн газар, Геологийн төв лаборатори, мэргэжлийн хяналтын байгууллага болон Улаанбаатар хотын захиргаатай хамтран судалгаа хийж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд ундны усан дахь ураны тархалтыг судалсан байна.

Гэвч энэхүү судалгааг “хэн нэгэн ундны усанд уран тараасан” мэтээр тайлбарлах нь бодит агуулгыг гуйвуулсан хэрэг юм. Тухайлбал, 2026 оны долоодугаар сарын 20-нд Bataa Batsuh нэртэй Facebook хаягаас “Хэн ураныг ундны усанд тараасан, тэд бүгд цаазын ялтай. Уран бүх ундны усанд тархсаныг судалжээ” гэсэн тайлбартай пост түгээсэн нь судалгааны агуулгыг буруу ойлгуулсан байна. Судалгаагаар байгальд анхнаасаа оршин байсан ураны усан дахь агууламжийг тодорхойлж, эрсдэлтэй болон аюулгүй усны эх үүсвэрийг тогтоох, цаашид хяналт, мониторинг хийх, шаардлагатай тохиолдолд ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх үндэслэлийг бүрдүүлэхийг зорьжээ. Судалгааны үр дүнгээр цаашид хэрхэх тухайд зөвлөмж гаргасан байна. Үүнд, ундны усан дахь ураны агууламжийг дахин баталгаажуулах, өндөр агууламжтай усны эх үүсвэрүүдэд хяналт тавих, хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг судлах, газрын гүний усны ураны байгалийн дэвсгэр түвшнийг тогтоох, ураны олборлолтын явцад тогтмол мониторинг хийх гэсэн үндсэн чиглэлүүд багтжээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд газрын гүний усны ураны болон цацрагийн нөхцөл байдлын талаарх мэргэжлийн судалгааг хэлэлцэж, шаардлагатай зөвлөмжийг Засгийн газар, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг санал болгосон байна.

Мөн иргэдийн цацрагийн эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, ундны усныхаа чанар, ураны агууламжийн талаарх мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, “Монгол хүний бие уранд дархлаатай” гэх шинжлэх ухааны үндэслэлгүй ойлголтыг залруулах шаардлагатай гэж үзжээ.

Харин хяналтын байгууллагад ураны агууламж стандартаас давсан худгуудын хэмжилтийг дахин хийж баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд ашиглалтыг хязгаарлах, ураны агууламжийг худгийн усны тогтмол шинжилгээнд хамруулах, газрын гүний усны байгалийн ураны дэвсгэр агууламжийг тогтоон, албан ёсны мэдээллийн сан бүрдүүлэх зөвлөмж өгсөн байна. Энэ нь цаашдын ураны олборлолтын үед газрын доорх усны чанарт өөрчлөлт орж байгаа эсэхийг хянах суурь үзүүлэлт болох юм.

Хэрэв ураны төсөлтэй холбоотой байгаль орчны асуудал бодитоор байгаа бол түүнийг хараат бус шинжээчийн судалгаа, хэмжилт, мониторингоор тогтоох ёстой. Харин баталгаагүй мэдээлэл, зохион байгуулалттай эсэргүүцэл нь хуульд заасан оролцооны эрхийг ашиглан төслийг хугацаагүй гацаадаг тогтолцоо нь  хөрөнгө оруулалтын орчинд сөрөг дохио болсоор.

Ялангуяа ураны төслийн тухайд байгаль орчин, хүний эрүүл мэндийн асуудлыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хэлэлцэхээс илүү айдас төрүүлэх, эрсдэлийг хэтрүүлэн тайлбарлах, баталгаагүй мэдээллийг олон нийтэд түгээх хэлбэрийн кампанит ажил давамгайлбал хуульд олгосон иргэдийн оролцооны механизм төслийг гацаах хэрэгсэл болон хувирах эрсдэлтэй. Тиймээс асуудал нь иргэдийн оролцоог хасахад биш, хэний оролцоог ямар үндэслэлээр шийдвэр гаргалтад тусгах вэ гэдэгт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 186 (7928)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn