Гавана хотноо Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байгаа Колумбын босогчид хоёр талын эвлэрэл зарлахыг уриалав. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний (FARC) хоёр сарын турш гал зогсоох амлалт өнгөрсөн ням гаригт дууссан юм. “Хоёр талаас гал зогсоох тохиролцоонд хүрэх боломжийг судалж үзэхийг Колумбын Засгийн газраас асууж байна. Энгийн иргэд дайн байлдааны үйл ажиллагаанд өртөж хохирохоос сэргийлэхийн тулд ийм гэрээ байгуулах ёстой гэж бодож байна” хэмээн FARC-ийн төлөөлөгчдийн тэргүүн Иван Маркос ярилаа. Колумбын босогчид гал зогсоолт зарласан хоёр сарын хугацаандаа амласандаа хүрэлгүй халдлага, дайралт хийж байсан хэмээн Засгийн газраас мэдэгджээ.