Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор Архангай аймгийн Хайрхан сумын харьяат “Хүч” спорт хорооны тамирчин, аймгийн арслан О.Баярбаасанг урилаа.

 

-Өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан Эрдэнэт хот “Илгээлтийн эзэд” 50 жил, Хангайн бүсийн хурдан морины уралдаанд зориулсан барилдаанд түрүүлсэн. Тухайн үед ямар мэхээр даваагаа ахиулсан бэ? 

-Тухайн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдавгаар манлайлуулсан 256 бөх хүч үзсэн. Би амжилттай барилдаж найм давж түрүү бөхөөр тодорсон. Үзүүр түрүүнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоожтой барилдсан. Эргээд бодоход хонгодох, тахимдах мэхээр ихэнх даваагаа авсан. Тус барилдаанаас хэсэг хугацааны дараа аймгийн арслан цолны батламж тэмдгээ гардаж авлаа. Үүний дараа Архангай аймгийнхаа улсын харцага Г.Батбаярын нэрэмжит аймаг цэргийн цолтой 64 бөхийн барилдаанд түрүүлсэн.

-Та тухайн барилдааны мөнгөн шагналаа улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хандивласан. Цахим орчинд хүмүүс танаар их бахархаж байсан. Ер нь түрүүлбэл шагналаа хандивлах зорилготой байв уу?

-Барилдааны дэвжээг зорихдоо сайн барилдаж шагналаа хандивлахаар төлөвлөсөн. Түрүүлээд туг тойрохдоо зорилгоо биелүүлж чадсандаа бахархсан. Хүний амьдрал баялаг шүү дээ. Ер нь чаддаг зүйлээрээ хариу нэхэхгүйгээр бусдад туслах шиг сайхан зүйл байхгүй. Шагналын дөрвөн сая төгрөгөө ар гэрт нь шилжүүлэхдээ тус хүргэж байна л гэж бодсон. 

-Та энэ жилийн наадмаар хаана зодоглосон бэ?

-Төрөлх нутаг Архангай аймгийнхаа наадамд барилдаад гурвын даваанд өвдөг шороодсон. Дараа нь Говьсүмбэр аймгийн наадамд зодоглож мөн л гурвын даваанд унасан. Эдгээр барилдаанаасаа дүгнэлт хийж алдаагаа давтахыг хичээсэн минь арслан цолонд хүргэсэн байх.

-Бөхийн замналыг  сонгосон түүх нь сонирхол татаж байна. Хэдэн настайдаа тамирчны замналыг сонгосон бэ?

-Би нэг дүүтэй. Аймгийн заан О.Баяржаргал гэж залуу бий. Аав барилддаг, үндэсний спортдоо дуртай учраас биднийг бөх болоход нөлөөлсөн. Аав маань 2000 онд Орхон аймгийн наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн. Би барилдах сонирхолтой байсан нь тамирчин болоход нөлөөлсөн. Ингээд спортоор хичээллэхдээ наймдугаар ангийн сурагч байхдаа жүдо бөхийг сонгож хичээллэсэн. Тухайн үед хотод спорт  сургуульд сурч эхэлсэн юм. Харин үндэсний бөхөөр арваннэгдүгээр ангиасаа хичээллэсэн. Энэ үед Архангай аймгийн маань үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Тус тэмцээн миний анхны дэвжээ байлаа. Үүнээсээ урам авч, бөхийн спортод дурласан. 

-Дүүтэйгээ хамт хоёул барилддаг байх нь ховорхон тохиох хувь заяа. Ер нь их дэмтэй байх?

-Бид нэгнээ их ойлгодог. Хамтдаа хүсэл мөрөөдлөө ярилцаж,  бие биедээ урам өгнө. Хамтдаа наадмын ногоон дэвжээнд зодоглож өсөж төрсөн нутаг, аавынхаа алдрыг дуурьсгах сайхан. Энэ жилийн хувьд дүү маань улсын наадамд зодоглосон. Хоёр даваад гурвын даваанд улсын харцага Э.Ууганбаярт өвдөг шороодсон. Өнгөрсөн жил О.Баяржаргал маань Архангай аймгийнхаа түүхт 100 жилийн цол олгох 256 бөхийн барилдаанд урамтай сайхан барилдаж долоо давж аймгийн заан болсон. Би өөр газар барилдаж байсан учраас тухайн үеийн барилдааныг нь үзэж амжаагүй. Дүүгээ том цолонд хүрнэ гэж хардаг.

-Энэ цаг үед хүчтэний торгон дэвжээнд амжилттай барилдаж байгаа ах дүүсийг аав ээж нь их дэмждэг байх даа?

-Ээж аав зорьж ирж барилдааныг маань үзэх нь ховор. Зарим үед телевизээр шууд дамжуулж байгаа барилдааныг үздэг юм билээ. Дүү бид хоёрыг тултал дэмждэг.  Тэд маань Архангай аймгийн Хайрхан суманд амьдардаг. Малчин хүмүүс бий. Завтай үедээ аав ээждээ очиж туслахыг хичээдэг.

-Тамирчид зөвхөн бэлтгэлдээ анхаараад явдаг. Эсвэл биеийн тамирын сургуульд суралцдаг. Та алийг нь сонгож байв?

-Би 2021 онд  “Мон-Алтиус” сургуулийг төгссөн. Багш дасгалжуулагчийн мэргэжлийг сонгож суралцаад төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллаж амжаагүй явна. Бэлтгэлдээ л анхаарч байна даа.

-Бөхчүүдэд анхны цол нь үнэ цэнтэй байдаг. Анхны цолоо авсан түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Цол бүр үнэ цэнтэй санагддаг. Учир нь бөх хүн тухайн цолонд хүрэхийн тулд хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг. 2016 онд Хайрхан сумын наадамдаа барилдаж начин цол хүртсэн. Тухайн үед одоогийн улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ахтай таарч барилдсан. Үүний дараа жил сумын наадамдаа түрүүлж  заан цолоор амжилтаа ахиулсан.  Мөн Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа шөвгөрсөн. 2020 онд аймгийн начин болж 2023 онд цолоо баталж байлаа. Өнгөрсөн хугацаанд заал танхимын барилдаанд тогтмол барилдахыг хичээсэн. Аймгийн начин болсноосоо хойш улс аймагт хоёр удаа шөвгөрсөн байдаг.

-Эдгээр цолноос хамгийн их урам зориг өгсөн нь гэвэл?

-Сумын заанаас аймгийн цол авах зорилго тээж  гурван жилийн турш хөдөлмөрлөж хичээсэн. Нэгэнт бөхийн замналыг сонгосон учраас улсын том цолонд хүрэхийг чухалчилдаг. Үндэсний бөхийн хамгийн бахархалтай, сэтгэлд ойр санагддаг нь улсын харцага цол. Хүмүүс харцагыг харайдаг цол гэж дээдлэх нь бий. Спорт хүнд олон зүйлийг сургадаг. Хүн байх ухаан, хүндлэл, ёс зүйд суралцсан. Цаашид ч суралцана.

-Тамирчдын амжилт багштай салшгүй холбоотой. Өдий хугацаанд танд ямар багш зааж зөвлөсөн бэ?

-Миний анхны багш аймгийн арслан н.Баярсайхан. Мөн сумын заан Өсөхбаяр гэж үеэл ах минь бий. Энэ эрхэм хүмүүсээсээ үлгэр дуурайлал авч, заавар зөвлөгөөг нь дагаж бөхийн спортод хорхойссон. Харин одоогийн багш Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний дасгалжуулагч улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг. Тэднийхээ заавар зөвлөгөөг дагадаг. 2016 оноос хойш хоёр багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Олон зүйлийг захидаг. Барилдааны тухайд гэхэд мэхний гүйцэтгэлээ сайн хийгээрэй гээд алдаа оноог маань хэлэх жишээтэй. Манай Архангай нутгаас эр бяр нь тэгширсэн, хөдөлмөрч залуус үндэсний бөхөд түрж орж ирж байгаа нь бахархалтай.

-Алдаа оноо ээлжилдэг. Шантарч байсан удаа бий юу?

-Ер нь бэлтгэл сургуулилтаас шантарч байсан удаагүй. Харин санасандаа хүрч барилдаж чадаагүй үедээ илүү хичээх ёстойгоо ухаардаг. Ингээд бэлтгэлдээ шамддаг. Ер нь тамирчин хүн зөв хор шартай байх нь чухал.

-Хамгийн олон удаа таарч барилдсан бөх бий юу. Ер нь ямар бөхтэй барилдах амаргүй вэ?

-Бөх бүр өөрийн гэсэн онцлогтой. Унаж, давах ээлжилдэг. Нягт ихтэй хүмүүстэй барилдах амаргүй. Миний хамгийн олон удаа таарч барилдсан бөх гэвэл Архангай аймгийн харьяат цэргийн заан Ө.Батсуурь. Бид долоо удаа учраа таарсан байдаг.  Би гурван удаа давж, дөрвөн удаа унасан. Улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ ахаасаа суралцдаг. Барилдааныг нь үзэх дуртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)