Б.Нямсүрэн

“Америкт өссөн хүүхдүүд Монголтойгоо холбоотой, эх орныхоо төлөө юу хийж чадахаа боддог иргэн болон төлөвших нь бидний хамгийн том зорилго” хэмээн даруухан ярих энэ хүн бол гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын минь төлөөлөл. АНУ-д амьдарч байгаа монголчууд олон жилийн өмнөөс хэл соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлэхээр монгол сургууль байгуулан ажиллуулах болсон. Одоогоор 10 гаруй монгол сургууль, хэл соёлын төв АНУ-д үйл ажиллагаа явуулдагийн нэг нь Мэрилэнд муж дахь “Монгол эрдэм” хэл, соёлын төв юм. Энэхүү хамт олон долоо хоног бүр хүүхдүүдэд эх хэл, түүх, ёс заншлаа өвлүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүдийг нэгтгэсэн хамтын нийгэмлэгийг бүрдүүлж байна. Тус төвийн захирал Э.Пүрэв-Эрдэнэтэй Америк дахь монголчуудын амьдрал, тэр дундаа монгол хүүхдүүддээ хэл соёл, монгол ахуйгаа хэрхэн өвлүүлж, үргэлжлүүлж байгаа талаар ярилцсанаа хүргэе.

 

"Хүүхдүүддээ Монгол хэл, соёлоо өвлүүлэхээс бүх зүйл эхэлсэн"

-Юуны өмнө “Монгол эрдэм” хэл соёлын төвийнхөө талаар танилцуулахгүй юу. Мэрилэндийн монгол хэл, соёлын төвийг анх хэрхэн байгуулж байсан бэ?
-Манай байгууллага 2017 оны аравдугаар сард байгуулагдсан. Үүсгэн байгуулагчид нь н.Мандах, н.Уянгаа, н.Ууганбилиг гээд Монголдоо элэгтэй, хэл соёлоо монгол хүүхдүүддээ сургах үлдээж өвлүүлэх нэг зорилготой ээж аав нарын л нэг. Тухайн үед Арлингтон хотод монгол сургууль байдаг ч Мэрилэндээс арай зайтай учир тэр болгон монгол сургуульд хүргэж өгөх боломжгүй байсан учраас өөрсдийн амьдарч байгаа ойр орчимд байгаа монголчууддаа ойртуулах үүднээс сургуулиа анх нээж байлаа. 


Анхны Монгол хэлний багшаар н.Мөнхбат багш ажиллаж байсан. Миний хувьд дөрвөн жилийн өмнөөс энэ төвтэй холбогдсон. Эхнэр маань Монгол хэлний багшаар ажилладаг байсан учраас үйл ажиллагаатай нь ойроос танилцаж, дараа нь өөрөө нэг жил багшилсан. Ингэснээр сайн дурынхны хүчээр бүтэж байгаа энэ хамт олны үнэ цэнийг илүү сайн ойлгосон.
Хоёр жилийн өмнөөс байгууллагынхаа бүтцийг шинэчилж, Удирдах зөвлөлтэй болсон. Одоо долоон гишүүнтэй Удирдах зөвлөл ажиллаж байна. Тэргүүнээр америк хүн ажилладаг бол би дэд тэргүүний хувьд Монгол талын үйл ажиллагаа, өдөр тутмын ажлыг хариуцдаг. Манай сургууль байгуулагдсанаас хойш ойролцоогоор 120 орчим хүүхэд хамрагдсан байна. Өнгөрсөн хичээлийн жилд долоон багш, 23 сурагчтайгаар гурван ангид хичээллэж, жил бүрийн аравдугаар сараас тавдугаар сарын сүүл хүртэл бямба гараг бүр тогтмол сургалт явуулдаг.

-Танай байгууллага өмнө нь "сургууль" нэртэй байсан. Харин одоо "Монгол хэл, соёлын төв" болсон гэж байсан. Яагаад ийм өөрчлөлт хийсэн бэ?
-Манайх зөвхөн хэлний сургалт явуулдаг байгууллага биш. Тиймээс өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, "Монгол хэл, соёлын төв" гэсэн нэрээр ажиллаж эхэлсэн.
Манай төвийг үндсэн гурван зорилготой гэж хэлж болно. Нэгдүгээрт, хүүхдүүддээ эх хэлээс нь гадна, Монголын түүх, соёл, уламжлалыг өвлүүлэх. Хоёрдугаарт, тэдэнд Монгол хүн гэдэг үнэт зүйл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх. Гуравдугаарт, Мэрилэнд орчимд амьдарч буй монголчуудыг нэгтгэсэн идэвхтэй хамтын нийгэмлэгийг бий болгох.
Тиймээс манай төв зөвхөн хүүхдүүд хичээлдээ ирдэг газар бус Монгол хэл, соёл, гэр бүл, олон нийтийг холбодог орон зай болж өргөжсөн.

 

Бид зөвхөн төрөөс дэмжлэг хүлээхээс илүү өөрсдөө боломжоо эрэлхийлэх хэрэгтэй

-Танай төвийн сургалтын онцлог юу вэ?
-Манай зорилго зөвхөн Монгол хэл заах биш. Хүүхдүүдээ Монгол хүн гэдэг үнэт зүйл, үндэсний бахархалтай иргэн болгон төлөвшүүлэхийг илүү чухалчилдаг гэж хэлж байсан.
Тиймээс сургалтын хөтөлбөрт Монгол хэлээс гадна дуу, бүжиг, ёс заншил, үндэсний уламжлал, түүхийг багтаадаг. Энэ жилээс ахлах ангийн сурагчдад Монголын түүхийг илүү судалгаанд суурилсан хэлбэрээр зааж эхэлсэн. Бид баримт цээжлүүлэхээс илүү тухайн сэдвээр нь өөрсдөөр нь судлуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг.


Жишээлбэл, хүүхдүүд Чингис хааны тухай судлахдаа түүнийг зөвхөн байлдан дагуулагч биш, төрийн бодлого, дипломат харилцаа, худалдааны тогтолцоонд ч томоохон нөлөө үзүүлсэн түүхэн хүн байсныг өөрсдөө олж мэддэг. Ингэж өөрсдийн дүгнэлтэд хүрэх нь хүүхдүүдийн сонирхлыг илүү өдөөж, урам өгдөг. Нөгөөтэйгүүр, бид Монголын өв соёлыг зөвхөн яриад өнгөрөх биш, хүүхдүүд өөрсдөө мэдэрч, оролцох орчныг бүрдүүлэхийг зорьдог. Цагаан сар, Наадам зэрэг үндэсний баярыг хамтдаа тэмдэглэж, монгол гэр барих, уламжлалт ёс заншлаа танилцуулах зэрэг олон арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг.

-Америк дахь монголчуудыг харахад ер нь тухайн амьдарч байгаа газар бүртээ нэгдэж, хамтарч арга хэмжээ зохион байгуулж, community болж чаддаг болсон нь анзаарагддаг. Танай төв ч эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулдаг юм байна..?
-Энэ бол манай төвийн онцлог давуу талын нэг. Хүүхдүүд хичээллэж байх хугацаанд эцэг эхчүүд ч хамт байж, хоорондоо танилцаж, туршлага солилцдог. Жишээ нь ээж нар нийлээд өдөр өдрийн хоолоо ээлжээрээ хариуцаж, бүх хүүхдэдээ хоол хийж өгнө. Сүүтэй цайгаа чанаж, хамтдаа ярилцаж суудаг. Ийм энгийн мэт боловч халуун дулаан уур амьсгал нь хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдийг ч ойртуулдаг.
Үүний үр дүнд олон гэр бүл бие биетэйгээ танилцаж, шинэ ирсэн монголчууд орчноо хурдан олж, хэрэгтэй үедээ харилцан тусалдаг болсон. Тиймээс бид өөрсдийгөө зөвхөн сургалтын байгууллага бус, монголчуудыг нэгтгэдэг соёлын төв гэж үздэг.

-Ойрын үед ямар шинэ ажлууд эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх хичээлийн жилээс ахлах ангийн сурагчдад зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хүүхдүүд өөрсдөө төсөл боловсруулж, Монголтой холбоотой нийгмийн санаачилга хэрэгжүүлэх боломжтой болно. Мөн энэ жилээс "Сайн иргэн" зан чанарын сургалтыг тогтмол явуулж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан талархал, хариуцлага, уучлал, хамтын ажиллагаа зэрэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд анхаарч байна.
Бид зөвхөн хүүхдүүдтэй ажиллаад зогсохгүй эцэг эхчүүдийг ч энэ үйл явцын нэг хэсэг болгодог. Долоо хоног бүр сургалтын агуулгатай холбоотой зөвлөмж хүргэж, хүүхдүүдтэйгээ тухайн сэдвээр гэртээ ярилцахыг зөвлөдөг. Учир нь хүүхдийн хүмүүжил анги танхимаар хязгаарлагдахгүй, гэр бүлийн орчинд үргэлжилдэг гэж бид үздэг.

 

Боломжийг хүлээх биш, өөрсдөө бүтээх хэрэгтэй

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын маань нөхцөл байдал ер нь сүүлийн жилүүдэд хэр өөрчлөгдсөн бэ. Нөгөө талаар гадаадад байгаа элэг нэгтнүүдээ дэмжих тал дээр ямар өөрчлөлт хэрэгтэй гэж та боддог вэ?
-Манай төв байгуулагдсан цагаасаа Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газартай хамтран ажиллаж ирсэн. Тэд боломжийнхоо хүрээнд ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, арга хэмжээнд оролцох зэрэг олон талаар дэмждэг. Гэхдээ төсөв, эрх хэмжээний хувьд бүх хэрэгцээг бүрэн хангах боломжгүй.
Таны асуултаас ч анзаарагдаж байна. Нөгөө талаар гадаадад амьдарч буй монголчуудын дунд байдаг нэг түгээмэл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй гэж би боддог. Тэр нь юу вэ гэхээр, бид зөвхөн төрөөс, Элчин сайдын яамнаас дэмжлэг хүлээхээс илүү өөрсдөө боломжоо эрэлхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх цаг болсон.
Бид дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын нэгд амьдарч байна. Энд боловсрол, соёл, олон нийтийн төсөл дэмждэг сан, ашгийн бус байгууллага, компани маш олон бий. Тэр боломжуудыг ашиглаж чадвал зөвхөн төрөөс хараат байх шаардлагагүй.
Манай төв ч энэ чиглэлд ажиллаж эхэлсэн. Аль байгууллагатай хамтрах боломжтой, ямар грант, санхүүжилтийн эх үүсвэрүүд байгааг судалж, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх гарц эрэлхийлж байна.

-Үүнийг ойлгож, дэмжих эцэг эхчүүдийн оролцоо хэр байна вэ. Ний нуугүй хэлэхэд, зарим талаар долоо хоног бүр монгол сургуульд хүүхдээ зөөх боломж бололцоо Америкт байгаа айл бүрт байдаггүй шүү дээ. Тэгэхээр яаж энэ оролцоог илүү нэмэгдүүлэх хэрэгтэй вэ?
-Зарим гэр бүл амралтын өдрүүдэд ажилладаг учраас тогтмол оролцох боломжгүй үе бий. Гэсэн ч манай төвд ирсэн эцэг эхчүүд аажмаар хоорондоо танилцаж, нэг нэгэндээ түшиг болдог.
Хүүхдүүдээ ээлжлэн хүргэж өгөхөөс эхлээд өдөр тутмын амьдралдаа бие биедээ тусалдаг болсон нь бидний хамгийн том ололтын нэг. Энэ бол зөвхөн хүүхдийн боловсролын тухай биш, гадаадад амьдарч буй монголчуудыг нэгтгэсэн итгэлцэл, хамтын нийгэмлэгийн үнэ цэнэ юм. Цаашид бид үйл ажиллагаагаа зөвхөн Мэрилэндээр хязгаарлахгүй. Вашингтон, Виржиниа, Мэрилэндийн бүсэд амьдарч буй илүү олон монгол гэр бүлийг хамруулсан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.

 

Гадаадад сурахыг мөрөөдөхөөсөө өмнө бодит бэлтгэлтэй байх хэрэгтэй

-Өнөөдөр Монголд байгаа залуусын олонх нь гадаадад суралцах, амьдрахыг чухалчилдаг боллоо. Нэг талаар залуу насандаа гадагшаа гарч ажиллаж амьдрах нь ч зүйтэй. Гэхдээ нөгөө талдаа хэн Монголыг хөгжүүлэх вэ гэдэг асуудал бас гардаг. Ер нь гадаадад сурч, амьдрахыг зорьж буй залуучуудад таны зүгээс юу зөвлөх вэ?
-Би гадаадад сурахыг эсэргүүцдэггүй. Харин түүнийг хэт романтик байдлаар төсөөлөхтэй санал нийлдэггүй. Өнөөдөр зарим хүн "Америкт сурч байна" гэдгийг өөрөө амжилтын баталгаа мэтээр ойлгодог. Гэвч бодит байдал дээр хэлний мэдлэгээс гадна бие даан амьдрах чадвар, санхүүгийн бэлтгэл, цагийн менежмент, сэтгэл зүйн тэсвэр зэрэг олон зүйл шаарддаг.
Америкт ирсэн олон оюутан сургалтын төлбөр, амьдралын зардлаа олохын тулд хэт их ажиллаж, үндсэн зорилго болох боловсролдоо бүрэн төвлөрч чаддаггүй. Зарим нь сургуулиа төгссөн ч хүссэн хэмжээндээ мэдлэг, ур чадвар эзэмшиж чадалгүй буцах тохиолдол бий. Энэ бүхний ард эцэг эхийнх нь санхүүгийн томоохон зүтгэл, золиос байдаг. Тиймээс гадаадад сурахаар төлөвлөж байгаа бол зөвхөн хэлний шалгалтад бэлдэх бус, амьдралын бэлтгэлээ ч давхар хангах хэрэгтэй. Өөрийгөө авч явах чадваргүй бол сайн сургуульд орсон ч хүссэн үр дүнд хүрэх амаргүй.


-Та хүүхдүүдээ Монголд сургах шийдвэр гаргасан тухайгаа ярьсан...?
-Манай хоёр охин Америкт өссөн ч Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Энэ туршлага надад Монголын их, дээд сургуулиудаа бид өөрсдөө илүү үнэлэх ёстой юм байна гэх бодлыг төрүүлсэн. Миний хувьд бакалаврын боловсролоо эх хэлээрээ эзэмших нь олон давуу талтай. Харин дараагийн шатны боловсролоо гадаадад үргэлжлүүлэх нь илүү үр дүнтэй байх тохиолдол олон байдаг.


Сүүлийн жилүүдэд "Заавал гадаадад сурвал илүү амжилттай болно" гэсэн ойлголт өөрчлөгдөж байна. Өнөөдөр дэлхий даяар дипломоос илүү ур чадвар, хөдөлмөрч зан, хариуцлага, бие даах чадварыг үнэлдэг болсон.
Тиймээс хаана сурахаасаа илүү ямар хүн болж төлөвших нь чухал. Монгол хэл, соёл, үнэт зүйлээ хадгалж чадсан хүн дэлхийн хаана ч өөрийн үнэ цэнийг бүтээж, эх оронтойгоо холбоотой амьдрах боломжтой гэж итгэдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 135 (7877)