Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Заяабаатарыг урьж, ярилцлаа.

 

-Техник технологи, интернэт орчин хурдтай хөгжиж буй энэ үед дэлхий нийт соёлын олон хэлбэрээр нэгнээ танин мэдэж байна. Харин аливаа орон судлалд шинжлэх ухаанчаар хандахын ач холбогдол юу вэ. Тухайлбал, Монгол судлалд?  
-Аливаа улс орны түүх, хэл, соёл, угсаа гарвалийг судалж ирсэн орон судлалын салбар ухаан орчин үед нийгэм, сэтгэлгээ, хууль эрх зүй, эдийн засаг гэхчлэн өргөн хүрээг хамрах болсон. Үүний нэг адил Монгол судлалын салбар Монгол Улс, Монгол үндэстний тухайд биднийг гадаад талаас харж судалдаг ухаан юм. Үүний зэрэгцээ монголчууд өрсдийгөө олон талаас судалж, нээсээр ирсэн. Нөгөөтээгүүр, монгол судлал бол бид өөрсдийгөө гадаад ертөнцөд зөвөөр таниулах хамгийн боломжит гүүр юм. Өнөө үед гадаадын улс орнууд Монголыг энтертайнмент чөлөөт байдлаар сонирхон, соёл сэтгэлгээний талаас дэлхий нийтэд таниулж байна. 
Гэвч энэ нь тухайн баримтат нэвтрүүлэг талаасаа сонирхолтой боловч зарим бодит байдлыг гуйвуулах, гажуудуулах хандлага байдаг. Харин Монгол судлал шинжлэх ухааны үүднээс судалгаа шинжилгээ хийж, аливаа асуудалд баримттай, бодитой ханддаг давуу талтай.

-Тэгвэл хэдий үед Монгол судлалын салбар шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих болсон бэ? 
-Монгол судлалыг 1830-аад оны үед шинжлэх ухааны салбар ухаан болж хөгжсөн гэж үздэг. Тодруулбал, монгол хэлний анхны хэл зүйн бичиг Европт гарч, Казанийн их сургуульд монгол хэлийг зааж эхэлсэн түүхтэй холбож тайлбарладаг. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны үүднээс Монгол судлалын салбар үүсэж бий болсон хэрэг юм. 
Харин анхны эх үүтгэлийн тухайд бидний өвөг дээдэс Хүннүгээс эхлээд олон мэдээ баримтыг хятад сурвалжид тэмдэглэснийг дурдаж болно. Мөн түүхийн бүхий л цаг үед Монголыг гадна ертөнцөөс сонирхон судалсан элч төлөөлөгч, аялагчдын тэмдэглэл нь Монгол судлалын бас нэг сонирхолтой эх сурвалж юм. 

-Дэлхийн Монгол судлалын төв нь Монгол Улс, Улаанбаатар хот юм аа гэдгийг хадгалах, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх төрийн бодлогод Олон улсын монголч эрдэмтдийн хурал нэг чухал түлхүүр нь болов уу. Тун удахгүй бас XIII дахь удаагийн ээлжит хурал зохион байгуулагдах гэж байна. Энэ тухайд?
-Олон улсын монголч эрдэмтдийн хурал сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг жишиг тогтоод байна. Энэ удаагийн XIII хурал мөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Олон Улсын Монгол Судлалын Холбоо эрхэлж, Эдийн засаг, хөгжлийн яам үндсэн удирдлагыг хэрэгжүүлж, Гадаад харилцааны яам, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, Архивын ерөнхий газар, МУИС, МУБИС, СУИС гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. 
Ийм өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаагийн учир нь таны асуулттай холбогдоотой буюу дэлхийн Монгол судлалын төв нь Монгол Улс, Улаанбаатар хот гэдгийг улам бататгах, бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын төрийн бодлогын хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагийн чанад учир нь цаанадаж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа бодитой хэрэгжүүлж буй хэлбэр гэж харж болно. 

 


-Уламжлал, шинэчлэлийг хослуулсан энэ удаагийн хурлаас Монгол Улс хөгжлийн бодлогодоо тусгаж, эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний бүтээлийн бодит үр дүнг хүртэх боломжтой юу? 
-Энэ удаагийн хуралд 30 гаруй орны 550 гаруй эрдэмтэн судлаач оролцох бөгөөд 60 хувь нь гадаадын судлаачид байна. Бид өөрсдийгөө судалж, тодорхойлох нэг хэрэг бөгөөд биднийг гадаадын судлаачид шинжлэх ухааны тодорхой чиглэлийн онол арга зүйн үүднээс судалж, юу гэж харж байна гэдэг бас өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн хүсэл эрмэлзлээс үл хамаарсан оношилгоо тавиулах гэж байна. Иймд тэдгээр судалгаа шинжилгээний үр дүнд тун нарийн анализ хийж, төрийн бодлогын хэмжээнд хэлэлцэх санааг нягтлан, уламжлан хэвшүүлэх хэрэгтэй. 
Монгол судлаачид анх монголчуудын уг язгуурыг тойрсон түүх, хэл, угсаа гарлын хүрээнд уламжлалт байдлаар судалж ирсэн бол өнөөдрийн монголчуудын ахуй амьдрал, нийгэм соёл, улс төр, эрх зүй, эдийн засгийн тогтолцоог сонирхон судалж байна. 


-Энэ удаагийн XIII хуралтай Монгол түүхийн томоохон тэгш ойнууд давхцаж байна. Үүнд Олон Улсын Монгол Судлалын Холбооноос хэрхэн анхаарч байгаа вэ? 
-Тийм ээ. Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Монгол түүхийн томоохон тэгш ойнуудтай давхцаж байна. Тухайлбал, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Өгэдэй хааны мэндэлсний 840, Эрдэнэзуу хийдийн 440 жил гэхчлэн дурдаж болно. Гэхдээ бид энэхүү хурлыг аль нэг ойд зориулан зохион байгуулах нь оновчгүй гэж үзсэн. Түүхэн ойн асуудал эрдэм судлалын ажлаас тусдаа бөгөөд гадаадын 300 гаруй эрдэмтдийг урьчхаад аль нэг ойд хамааруулах нь зохимжтой бус. Өвөг дээдсийн маань дэлхийд ноёлж явсан түүх бидэнд бахархалтай байхад өөр нэг үндэстэнд гунигтай түүх байж болно. 
Харин эдгээр тэгш ойгоо тохиолдуулан түүхээ санан сэргээж тодорхой сэдвээр хурал зөвлөгөөн хийх нь зайлшгүй шаардлагатай. Иймд энэхүү хурлын дараа Хархорин хотод наймдугаар сарын 13, 14-ний өдөр Их Монгол Улс байгуулагдсаны 820, Өгэдэй хааны мэндэлсний 840 ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хархорин хотын зөвлөл эрхлэн зохион байгуулах бөгөөд Олон Улсын Монгол Судлалын Холбоо, ШУА хамтран зохион байгуулагчаар оролцоно. Түүнчлэн Олон улсын монголч эрдэмтдийн хурлыг зорин ирсэн 300 гаруй гадаадын судлаачдаас Монголын эзэнт гүрнийг сонирхон судалдаг эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажлыг өөр хооронд таниулах, санал туршлага солилцох боломж нээгдэнэ. 


-Тэгвэл энэхүү Олон улсын монголч эрдэмтдийн хурал, гадаад дотоодын монгол судлаачдыг нэгтгэсэн танай байгууллагын үндэс суурь, хэзээ, хэрхэн тавигдсан түүхийг бидэнтэй хуваалцаач?  
-1959 онд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан тэргүүтэй Монгол судлалын нэрт эрдэмтдийн идэвх санаачилга, төрийн бодлогын хүрээнд Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хурлыг зохион байгуулсан. Үүгээр энэ удаагийн XIII хурал, дэлхийн Монгол судлаач эрдэмтдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулдаг Олон улсын Монгол судлалын холбооны эх үүтгэл тавигдсан юм. Анхдугаар хурлын хүрээ эх бичиг, түүх гэсэн уламжлалт салбараар хязгаарлагдаж байсан боловч Монгол судлалыг тогтолцоотой хөгжүүлэх, дэлхийн монгол судлаачид өөр хоорондоо нэгдэж ажиллах, цар хүрээгээ тэлэн хөгжих суурь болсон билээ. Цаашлаад 1987 онд ЮНЕСКО-гийн оролцоотой дэлхийн 36 орны эрдэмтдийн төлөөлөлтэй бүрэлдэхүүнээс Олон Улсын Монгол Судлалын Холбоо байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр АНУ-ын судлаач Оуэн Латтимор, ерөнхий нарийн бичгийн даргаар академич Ш.Бира сонгогдон ажилласан түүхтэй. Үүнээс хойш дэлхийн Монгол судлалын гол бодлогыг зангидах, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг тэлэх, бэхжүүлэх, цаашлаад Монгол судлалын бодлогын төр засагт уламжлах, Монгол судлалыг тогтвортой, эрчимтэй хөгжүүлэх гол бодлогыг зангидаж ажиллах чиглэлтэй ажиллаж байна. 

-Та Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлаар Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна. Монгол судлалын бодлогын түвшинд хэзээнээс ажиллах болсон бэ? 
-Би 1994 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэж, сурахуйн төлөө нэрт эрдэмтдийн бүтээл туурвилтай танилцаж, энэ чиглэлээр магистр, докторын судалгаа шинжилгээний ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалахын сацуу БНСУ, Япон улсын Монгол судлалын сургалт, судалгааны төвүүдэд уригдан багшилсан. Улмаар 2014 онд УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Монгол судлалын үндэсний зөвлөлийн анхны нарийн бичгийн даргаар томилогдож, 2023 онд Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлаар Олон Улсын Монгол Судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. 
Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажил нэг төрийн бус байгууллагын удирдлага хэмээх нэр зүүгээд санаа амар явах хэрэг биш. Энэ бол цаг тутамд Монгол судлалын асуудлыг төрийн бодлогын хүрээнд ойлгуулах, тодорхой дэмжлэг авах, гадаад дотоодын эрдэмтэдтэй холбоо тогтоож, идэвхтэй үйл ажиллагаа явуулахад тасралтгүй анхаарч ажиллах хариуцлагатай алба. Манай холбооны ерөнхийлөгчөөр дүрэм журмаараа гадаад улсын иргэн, Монгол судлалын тэргүүлэгч эрдэмтэн ажилладаг бөгөөд одоогоор Япон Улсын монголч эрдэмтэн, профессор Юки Конагаяа ажиллаж байна. 
Өнөөдрийг хүртэл Монгол судлалын салбарт судалгаа шинжилгээ хийж, бодлого тодорхойлох түвшинд ажиллаж байгаа нь миний хувь заяа ийм байжээ гэж харахаас илүүтээ ажил үүргээ хэрхэн хариуцлагатай биелүүлэх вэ гэх бодлын эргүүлэгт үргэлж автаж байдаг даа. 


-Энэ удаагийн хурлын агуулгад монгол уламжлалт мэдлэг ухааны салбарыг нэмсэн гэсэн. Монгол хүний ондоошил, соёл, сэтгэлгээ, танихуйн тулгуур ойлголтыг судалсан тэдгээр судалгаа их сонирхол татаж байна?
-Хуралд оролцож буй цөөнгүй гадаад эрдэмтэд монголчуудын уламжлалт анагаах ухаан, байгалийг танин мэдэх зэрэг мэдлэгийг сонирхон судалж, илтгэл тавьдаг тул энэ төрлийн судалгааг зөвхөн нэг салбарт хамруулалгүй тусдаа бие даасан салбар бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ удаагийн салбар хуралдаанд угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан гэх бие даасан салбар болгож өргөтгөсөн юм. 
Техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ эрин үед үндэстний танин мэдэхүйн өвөрмөц онцлогийг судалснаар орчин цагт хараахан шийдэлд хүрээгүй асуудлыг танин мэдэх боломж бий. Тиймээс монголчууд орчлон ертөнцийг танин мэдсэн туршлага, сэтгэлгээний онцлогоор хүн төрөлхтөний мэдлэгийн ай савд хувь нэмэр оруулах боломжтой юм. 


-Дэлхийн улс орнуудын Монгол судлалыг хөгжүүлэх зорилго, ач холбогдол харилцан адилгүй өөр байна. Тэр дунд хамгийн нөлөө бүхий судалгааны бүтээлүүдийг олон улсад аль улсын Монгол судлал хийж байна вэ? 
-Монгол судлал хөгжсөн улс орон бүр өөрсдийн онцлогтой судалгаа шинжилгээг хийгээд явж байна. Гагцхүү тухайн байгууллагад хамаарч буй эрдэмтдийн тоо, сонирхох судалгааны сэдэв, цар хүрээ зэрэг нь харилцан адилгүй өөр өөрсдийн онцлог хийгээд зорилготой. Тухайлбал, Монгол үндэстний нэгээхэн хэсэг оршин суудаг БНХАУ-ын судалгаа илүү өргөн хүрээнд хийгээд бусад орны Монгол судлалтай харьцуулахад далайцтай бодлого хэрэгжүүлдэг.  
Харин Японы монголч эрдэмтэд манай улсын хэл, соёл, түүх, угсаатны зүй, орчин үеийн нийгэм гээд бүх л салбараар нарийвчилсан судалгаа хийж байна гэх мэт.

-Энэ удаагийн олон улсын монголч эрдэмтдийн хуралд таван тивийн 30 гаруй орны судлаач оролцож байгаа гэсэн. Дотоодод төдийгүй олон улсад Монгол судлалыг сонирхон судлах залуу судлаачид нэмэгдэх, Монгол судлал дэлхий дахинд нөлөө бүхий байр суурь эзлэхэд юу хамгийн чухал вэ? 
-Монголын түүх дэлхийн түүхтэй зайлшгүй холбоотой, нөлөөтэй. Тиймээс гадаад эрдэмтэд Монголын түүхийг судлах явцдаа өөрсдийн орны түүхийн зарим сэжим холбоосыг олж хардаг. Түүнчлэн монголчууд хүн төрөлхтний түүхэнд өвөрмөц уламжлал, сэтгэлгээ, өв соёлтой ард түмэн учраас бусад үндэстний анхаарлыг татдаг. Тэр дундаа бид хотжилт эрчимжсэн эрин үед өөрсдийн өв соёл, уламжлалаа өвлүүлэн, хадгалж яваа цөөн үндэстний нэг юм. Өөрсдийн соёлын дархлааг хадгалахаас гадна хурдацтай хөгжиж буй орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж байна. Хамгийн гол нь бид өндөр хөгжлийн дунд өв соёлоо умарталгүй, нүүдлийн болон орчин үеийн соёл иргэншлийг хослуулан амьдарч буйгаараа онцлогтой. Тиймээс үүнийг урлаг, шинжлэх ухаан зэрэг олон салбараар дамжуулан сурталчлан таниулах нь чухал.


-Монгол судлалын эрдэмтэн судлаачдын үе мөн өөрчлөгдөж байна? 
-Ахмад эрдэмтэд маань Монгол судлалд чухал хувь нэмэр оруулсан. Тэд залуу үедээ залгамж халаагаа өгснөөс хойш Монгол судлал уналтад орсон юм шиг үзэл хандлагатай би санал нийлдэггүй. Яагаад гэвэл бүх салбарт үе солигдож, залуус тухайн салбартаа хувь нэмэр оруулах үйлсэд хичээн зүтгэж, шинэ өнгө төрхийг цогцлоодог. Бид ахмад эрдэмтдийн Монгол судлалд үлдээсэн өвийг хүндэтгэж, энэхүү уламжлалыг цааш залгамжлуулах ёстой. 


-Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандаж буй эрдэмтэн судлаачдад судлаачийн ёс зүй нэн чухал байдаг. Монгол судлалын ирээдүй болсон залуу судлаачдад судлаачийн ёс зүйн тухай та хуваалцаач? 
-Судлаач хүн аливаа зүйлд үнэнч, шударга хандах ёстой гэж боддог. Мөн судалгааны онол, арга зүйгээ сайжруулж, баримт нотолгоонд үндэслэн өөрийн үзэл бодлоо шигтгэх хэрэгтэй. Түүнчлэн бусад салбар ухааны судалгааг харьцуулан жишиж, үгүйсгэлгүй хүндэтгэлтэй хандах нь чухал юм. Цаашид салбар хоорондын судалгааны ажлыг өргөтгөх хэрэгтэй. Мөн өмнөх үеийн нийгмийн тогтолцооноос үүдсэн үзэл суртлын өнгө аяс шингэсэн бүтээлийг өнөө цагийн үүднээс шүүмжилж, бүхэлд нь буруутгах зохисгүй. Учир нь тэдгээр бүтээлд өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй хадгалагдан үлдсэн чухал санаа дүгнэлт олон бий. 


-Судалгаа шинжилгээ гэдэг судлаачдын сонирхол, цаг хугацаа, санхүү эдийн засгийн асуудал гээд олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгвэл залуу судлаачдын дэмжлэг, шинжлэх ухаанд хөрөнгө оруулж буй Монгол Улсын өнөөгийн байдал ямар байгаа вэ? 
-Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх явдал бол Монгол төрийн үл тасрах бодлого байх учиртай. Монгол төрөөс Монгол судлалыг дэмжиж буй өнөөгийн бодлогыг бид үгүйсгэж болохгүй. Зарим цаг үед доголдож, дэмжлэгийн хүрээ явцуурдаг тохиолдол байдгийг бас хэлэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх бодлогыг Эдийн засаг, хөгжлийн яам эрх үүргийнхээ хүрээнд хариуцаад дэмжээдд явж байна. Үүнийг энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын цар хүрээ, улс орон, эрдэмтдийн оролцоо, зохион байгуулалтаас харж болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn