УИХ-ын даргын ивээл дор УИХ-ын Тамгын газраас Монголын залуу программистуудын холбоо, Линукс хэрэглэгчдийн бүлгэмтэй хамтран “Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Нээлттэй эхийн программ хангамж хөгжүүлэгчид, судлаач, шинжээч зэрэг 30 гаруй мэргэжилтэн болон УИХ-аас томилогддог, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээлэл, технологийн 10 гаруй ажилтан энэхүү хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцож байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар үг хэлэв. УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсад мэдээллийн технологи хөгжсөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн бүх шатны байгууллагууд компьютерийн техник хангамж, сүлжээний дэд бүтцэд тэргүүлэх ач холбогдол өгч программ хангамжийн оюуны өмчийн талаар төдийлөн анхаарал хандуулаагүйн улмаас энэ асуудал цаг үеийн шаардлагаас хоцорч ирсэн байна. Өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд цахим хэрэглээ асар хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр программ хангамжуудын зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдах боллоо. Иймд Улсын Их Хурлын дарга миний бие саяхан төрийн байгууллагуудад хандан оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэх уриалга гаргасан. Цаашид үндэсний программ хөгжүүлэгчид Та бүхэн Монгол Улсын төрийн байгууллагуудад ашиглах үйлдлийн систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байна” хэмээгээд Улсын Их Хурал анхдагч, санаачлагчийн хувьд энэ чиглэлийн дагуу тодорхой санал санаачлагыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн ахлах референт Ж.Элбэгзаяа “УИХ, түүний Тамгын газрын мэдээллийн технологийн өнөөгийн байдал, бодлогын талаар” сэдвээр эхний илтгэлийг тавьсан. Тэрээр УИХ-ын Тамгын газраас мэдээлэл технологийн 450 орчим хэрэглэгчээ зөвшөөрөлтэй программ ашиглуулах, нээлттэй эхийн программыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж эхэлснийг онцлоод цогц бодлого боловсруулсан талаараа дурьдлаа. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 209 тоот захирамжаар мэдээллийн технологийг сайжруулах, аюулгүй байдлын хангах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх 2020 он хүртлэх хөгжлийн бодлогыг баталжээ. Энэ хүрээнд цахим шуудангийн албан ёсны зөвшөөрөлтэй лиценз ашиглаж эхэлсэн төдийгүй “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн аппиликешнийг гаргасан байна. Цаашид БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Цахим парламент” төслийг хэрэгжүүлж, хурууны хээг уншуулж санал хураах, байнгын хорооны хуралдааны танхимуудыг камержуулах зэрэг хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн аж.