Д.БОЛОР
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдалд тайлбар хийхийг хүссэн юм.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэх боломж нөхцөлөөр хангахыг хүссэн ээжүүд өлсгөлөн зарлаж байгаа. Тэдний хүсэлтийг хүлээж авах боломжтой юу?
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилгаар Хууль зүйн яамны харъяа агентлагуудаар хоёр удаа шалгалт хийлээ. Шалгалтын үр дүн нэг талаасаа иргэдийн эрх ашгийг хөндсөн юм шиг. Нөгөө талаас хувь хүнд зориулагдсан юм шиг үр дүнтэй. Н.Энхбаяр гэдэг хүнийг суллуулах, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьж цөөнгүй эх өлсгөлөн зарлаж байна. Энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхээс өөр арга алга. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэр дундаа хорих ял эдлүүлж байгаа үйл ажиллагаанд аль нэг намын дарга гэсэн ойлголт байхгүй. Шүүхээс шийтгүүлсэн ялтан Н.Энхбаяр гэсэн ойлголт бий. Гэвч өлсгөлөн зарласан эхчүүдийн зүгээс манай яаманд хандаж хүсэлт гомдол өгсөн юм алга. Хууль зүйн сайдад хаягласан ямар нэгэн бичиг баримт ирүүлээгүй. Өлсгөлөн зарлаж буй ээжүүдэд хандаж хэлэхэд, бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учир амь насанд аюултай байдлаар шахалт хийж шаардлага тавих нь зохимжгүй. Өлсгөлөнгөө зогсоохыг хүсч байна.
-Таны яриад байсан Мөрдөх алба хэзээ байгуулагдах вэ. Мөнгө угаасан гэх хэд хэдэн хэрэг илэрсэн шүү дээ?
-Монголд мөнгө угаахтай холбоотой нөхцөл байдал нэлээн хүндэрсэн. Олон улсын шинжээч нар “Монголчууд мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэхгүй бол ирэх зургадугаар сар гэхэд хар жагсаалтад оруулна” гэсэн сануулга өгсөн. Хар жагсаалт руу орохгүйн тулд мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхи, терроризм зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх алба байгуулахаар хуулийн төсөл боловсруулсан. Удахгүй өргөн барина. Эхний хэрэг гэхэд МИАТ-аар дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй зургаан хүнийг саатууллаа. МИАТ-ыг ашиггүй ажиллаж байгаа болгоод олсон ашгийг нь гадаад руу мөнгө угаах байдлаар гаргаж, түүнийгээ өөр данс руу шилжүүлж байсан гэх юм билээ. Хуулийнхан шалгаж байгаа учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.
-МИАТ-ын удирдлагууд холбоотой гэсэн үг үү?
-Энэ бол ганц хоёр захирлын хийж чадах ажил биш. Аль нэг намын оролцоо байж мэдэх юм.
-Ээжүүдийн өлсгөлөнтэй зэрэгцээд эмнэлгээ хэвээр үлдээх гэсэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар өлсөж байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Төрийн тусгай албаны нэгдсэн эмнэлэг бол цэргийн анги. Цол зэрэгтэй албан тушаалтнууд ажилладаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар цэргийн анги нэгтгэл байгууллага дотор цуглаан зохион байгуулахыг хориглосон байгаа. Өлсгөлөн юм уу төрийн бодлого, удирдах албан тушаалтны эсрэг зогсохыг хориглодог. Хэрэв цол зэрэгтэй хүн өлсгөлөн зарлавал шууд баривчилна. Жагсаал цуглаанд оролцвол цолыг нь хурааж, албан тушаалаас нь чөлөөлнө.