Б.ЭНХЗАЯА

“Алтан буудай, “Тэр­гүүн”, “Чингис голд” зэ­рэг брэнд үйлдвэрлэгч “Жем интернэшнл” ком­па­ни өчигдрөөс эхэлж хоёр сарын хугацаагаар хаалгаа барилаа. Учир нь ШӨХТГ-аас энэ сарын эхээр тус ком­па­нийн тус­гай зөвшөөрлийг түдгэл­зүүлэх саналаа ҮХААЯ-нд хүргүүлж буй­гаа мэдэгдэж байсан.

ҮХААЯ-ны Тө­рийн на­рийн бичгийн дарга “Жем интернэшнл” компанийн тусгай зөв­шөөрлийг хоёр сарын ху­гацаагаар цуцлах тушаа­лыг өнгөрсөн баасан гаригт гаргажээ. Шийдвэ­рийн дагуу ШӨХТГ-ын байцаагчид өчигдөр тус компанийн архины үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоов. Тэд­нийг “Архидан согтуу­рахтай тэмцэх тухай” бо­лон “Зар сурталчил­гааны тухай” хуулийг зөрч­сөн хэмээн  үзэж буй юм.

SEVEN ТЕЛЕВИЗЭД 10 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ТАВЬЖЭЭ  

TV7 буюу SEVEN телевизээр энэ сарын 1-нд гарсан “Үлгэрийн хайр” уран сайхны киноны дун­дуур “Жем интер­нэшнл”-ийн бүтээгдэхүүн “Алтан буудай”, “Тэр­гүүн”, “Чин­гис голд”, “Чингис платинум” архи­ны сур­талчилгаа гарсан нь тус компанийн үүдийг хаах шалтгаан болжээ. Харин зар сурталчилгаа түгээсэн SEVEN теле­визэд 10 сая төгрөгийн торгууль тавьснаа ШӨХТГ-ын дэд дарга А.Ариун­болд дуул­гав. Тэрээр “ҮХААЯ-ны тө­рийн нарийн бичгийн даргын тушаал гарсны дагуу хоёр сарын хугацаа­тай эрхийг нь түдгэлзүүлж байна. Хуулийн этгээд төрийн захиргааны шийд­вэрийг зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх нээлт­тэй” гэв. Энэ удаагийн зөрчил анхных биш аж. “Жем интернэшнл” компанийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болон шинэ жилийн баяраар хууль зөрчин ар­хины сурталчилгааг тү­гээсэн үйлдэлд удаа дараа сануулга өгсөн хэмээн ШӨХТГ-аас мэдэгдэж буй юм.

 ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШИЙДВЭР БОЛЛОО ГЭВ

“Жем интернэшнл”-ийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэг­дэв. Тэд уг асуудлаар Баянгол дүүргийн шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад арга хэмжээ авч буй нь хууль зөрчсөн хэмээн үзэж байв. Учир нь тус компанийнхан 2010 онд “Үлгэрийн хайр” киног ивээн тэтгэжээ. Уг киног нийтэд цацах тохиолдолд сурталчилгааг гаргахгүй байх талаар кино бү­тээг­чидтэй харил­цан тохи­ролцсон гэнэ. Гэ­тэл энэ сарын 1-нд “SEVEN” те­левиз “Үлгэ­рийн хайр” киног гаргахдаа уг сур­талчил­гааг гаргасан нь тухайн телевизийн ха­риуц­ла­гагүй үйлдэл хэ­мээн үзэж буй аж. Тэд ШӨХТГ-аас гар­гасан дүг­нэлтийн дагуу “SEVEN” телевизэд ханд­жээ. Тус телевизийн за­хирал А.Үйлстөгөлдөр “Тухайн өдөр эфирт ажил­ласан манай ажилтан хариуцлага алдаж энэхүү киног эфи­рээр нэвтрүүл­сэн байна. Танай ком­панид болон ШӨХТГ, ҮХААЯ-д манай телевиз буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн албан бичиг явуулъя” гэжээ. Мөн тус компанийнхан “Үлгэрийн хайр” киноны найруулагч Н.Ариунболдод мэдэгдэж, компанийн буруугүй гэд­гээ нотлуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмж­лэл гаргаад байгаа гэнэ. Тэд ҮХААЯ-д шүүхийн шийдвэр гартал үйлдвэ­рийн үйл ажиллагааг хэ­вийн үргэлжлүүлэх албан хүсэлтийг энэ сарын 15-нд гаргасан ч  түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Хуулиараа бол ҮХААЯ-аас Баянгол дүүргийн шүү­хийн шийд­вэр эцэс­лэн гартал манай ком­панийн тусгай зөв­шөөрлийг түдгэл­зүүлэх ёсгүй байсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоог­доогүй байхад, ард­чилсан нийгмийн хуулийг зөрчиж шийдвэр гаргасан ҮХААЯ, ШӨХТГ-ийн шийд­вэрийг тус компа­нийн олон зуун ажилтан эсэргүүцэж байна. Шүү­хийн шийдвэр гараагүй байхад ийнхүү хаасан нь хууль зөрчсөн шийдвэр боллоо хэмээн мэдэгдэв.