Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд 17 хоног үлдлээ.

“Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Хангайн бүс есөн мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ бүсэд 15 нам, хоёр эвсэл, нэг бие даагч гээд нийт 80 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал, улс төрийн гол хүчнүүд нэлээд танил хүмүүсээ илгээжээ.  Мөн тойргийг солонгоруулж, өнгө аяс нэмэх шинэ дүр төрхүүд ч харагдаж байна.  

Хангайн бүсийн тойргийг МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөлөн өрсөлдөж байна.  Тэрээр парламентын түүхэнд хамгийн олон жил буюу хоёр парламент дамнан спикерээр ажилласан улстөрч.  Түүний удирдсан 2020-2024 оны парламент гэхэд УИХ-ын хянан шалгах тогтолцоог бүрдүүлж, Хөгжлийн банкны, нүүрсний, ногоон автобусны зэрэг сонсгол зохион байгуулж, олон асуудлыг ил болгож, авлигын эсрэг реформ хийсэн билээ.  Мөн цахим шилжилт, баялгийн хууль, шүүхийн хууль зэрэг гол хуулиудыг батлахад Засгийн газартайгаа баг болж ажилласан байдаг.

УИХ-ын гишүүн,  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэй­чүүдийн төлөөлөл болж, Хангайн бүсэд өрсөлдөж байна. Түүнийг геополитикийн амаргүй цаг үед Монгол Улсын гадаад бодлогыг тогтвортой авч явах ажлыг тун боломжийн хийж гүйцэтгэсэн хэмээн үнэлдэг.

УИХ-ын гишүүн С.Чинзориг мөн тус тойрогт нэр дэвшжээ. Түүнийг улс төрд олон жил “чанагдсан” тууштай, тулхтай гишүүн хэмээн ярьдаг.  Зарим улстөрч шиг тойргоо сольж, явсангүй, тойрогтоо дахин нэр дэвшээд байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймагт төрж өссөн. Удам дамжсан цэргийн хүн. Тэрээр Монгол Улсын Зэвсэг хүчин, батлан хамгаалах бодлогыг ирэх дөрвөн жил тодорхойлж ажиллахаар нэрээ дэвшүүлжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат өвөрмөц үзэл бодолтой, түүнийгээ ч бусдаас өөрөөр илэрхийлдэг.   Тэрээр өнгөрсөн дөрвөн жил парламентын нэгэн содон өнгө нь байсан.  Тэр ч утгаараа Хангайн тойрогт хүчтэй өрсөлдөх нэр дэвшигч байх биз ээ.

АН-ын гишүүн, хуульч О.Алтан­гэрэл Өвөрхангай тойрогт нэр дэвши­хээр нэлээд эртнээс бэлтгэл базаасан.  Тэрээр улс төрд шинэ хүн биш ч Хан­гайн бүсэд хууль зүйн салбарын залуу үеийн төлөөлөл болон өрсөлдөж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Хосбаяр Хан­гайн бүсэд өрсөлдөж байна.  Түү­ний нагац ах УИХ-ын гишүүн асан П.Алтан­гэрэл сонгуулийнх нь штабыг удир­­даж, оролцоно.   Улс төрийн хувьд “би­түү морь”  ч гэлээ тойрогтоо нэлээд нэр хүндтэй өрсөлдөгчид тооцогдож байна.

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар Хангайн бүсэд нэр дэвшжээ. Өнгөрсөн  хугацаанд тэрээр нийгмийн олон асуудалд иргэдийн дуу хоолой болж ажилласан.  Хотын тойрогт нэр дэвшин өрсөлдөж байсан туршлага түүнд бий.  Харин энэ удаа орон нутгийг зорьсон нь нэлээд зоримог сонголт байлаа. 

Загвар өмсөгч О.Билгүүн ХҮН-аас хангайн бүсэд өрсөлдөж байна.  Тэрээр өнгөрсөн зун “Архангайн-100” жилийн ойг зохион байгуулахад энтэртаймент чиглэлд нэлээд идэвхтэй ажиллаж байв.   Харин хотод гудамжны хоолны соёлыг нэвтрүүлэхээр нэлээд асуудалтай тулгарч байсан ч амжилттай хэрэгжүүлж чадсан.   Тэрээр Хангайн тойргийг солонгоруулах нэр дэвшигчийн нэг юм.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ.  Хангайн бүсэд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, түүх соёл, археологи, рашаан сувилал, шашны жуулчлал, гадаад, дотоод худалдаа, тээвэр-ложистикийн төв байгуулна хэмээн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)