Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэж байна.

 

...Жам ёсны болгоё гэж байгаа юм. Обьект байхгүйгээр тэмцчихээч ээ гээд байгаа юм. Архины ширээний ард стратегийн ордыг нэг компанид өгчихсөн тухай ойлголтыг мартуулах гээд байна шүү дээ. Тэгэнгүүтээ ЖДҮ-чдийг өмнөөсөө босгож харуулж байна шүү дээ. Хувийн хэвшил рүү халдаад байна шүү дээ. Гэтэл баялаг ашиглаж, баялаг бүтээж байгаа хоёр өөр шүү дээ. Баялаг бүтээж байгаа шүү дээ бид нар гээд. Энэ бол бүлэглэлийн олон жилийн хугацаанд хийсээр ирсэн зүйл. Үүнийг “үхсэн муур” технологи гэдэг юм. Зарим газар “толь” технологи гэдэг. Цацруулагч толь. Энэ юу вэ гэхээр үндсэн үйл явц, маш чухал үйл явдал явж байх үед өөр үйл явдлаар сарниулж нийгмийн анхаарлаас холдуулна. Үүнийг хамгийн сайн хийж гаршсан газар бол манайд шүүх засаглал, гэхдээ би шүүх засаглалыг бүхэлд нь хэлж байгаа зүйл ерөөсөө биш шүү. Цагаан суваргыг наймаалцах үед давхар шүүхийн наймаа явчихсан. Элбэгдорж Ерөнхийлөгчийг сонгуульд дэмжээд зарим нь орд авсан. Зарим нь шүүх засаглалын томилгоо авсан. Шүүгч нарыг солих томилгооны асуудал хуулиар хаалттай. Үүнийг маш сайн хийж чадсан. Тийм учраас шүүхэд гаднаас хүн орж ирж томилогдох боломжгүй байхгүй юу. 300, 400-хан хүн бүгдийг нь захирамжаар өөрчилж байгаад томилчихсон. Тэгэхээр Элбэгдоржийн хувьд шүүх дээр хэзээ нь намайг яллаж чадахгүй, шүүх намайг яаж ч чадахгүй гэж боддог нь тэр. Яг Элбэгдоржийг тойрсон хүмүүсийг шүүх яагаа ч үгүй. Чимгээ, Содномдаржаа хоёр дээр шүүх ямар бяртай вэ гэдгээ харуулж байгаа юм. Гэтэл өнөөдөр Бадамжунай гэдэг хүн шүүх дээр оччихоод зогсож л байна. Яг энэ бүлэглэл яадаг вэ гэхээр, жишээлбэл шүүхтэй холбоотой авлигын шүүхийн асуудал гарангуут яг энэ өдрийн орой нь Өнөрөөг баривчилсан. За ингээд энэ асуудал ингээд өөр асуудлууд болж хувирсан. Хүмүүс намайг авлигын эсрэг, шүүхийн талаар үг хэлснийг ч бараг оройдоо мартчихсан. Гэтэл энэ хамгийн чухал асуудал байсан. Шүүх дээр авлигачид явахгүй байна гэдэг асуудал яригдаж байсан. Гэтэл эргээд бодоход тэр сэдэв тэгээд байхгүй болсон. Сая Гарамжав гуайг баривчиллаа, сонгуулийн үед. Өмнө нь би тогтоол гаргачихсан байсан юм. Иймэрхүү үйл явдлууд болдог учраас, өмнө нь Анандбазар, Төмөрхүү гээд олон хүн дээр ийм зүйл болж байсан учраас зориуд би үүнийг гаргасан. Нэр дэвшилт 24-нд эхэлсэн. Би 22-нд энэ тогтоолыг гаргасан. Тэгэхэд л болж байгаа биз. Энэ өөрөө юу вэ гэхээр яг тэр өдөр СЕХ дээр нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолоо СЕХ-ны гишүүд гаргаж байсан. Зарим нэг бүртгэгдэх боломжгүй, хуулиараа бүртгэгдэх боломжгүй нөхдүүд Захиргааны хэргийн шүүхэд нөлөөлж энэ шийдвэрийг гаргуулах гэж байсан өдөр байхгүй юу. Гэхдээ одоо энэ ингээд дуусахгүй. Тухайн өдөр СЕХ-г ч мартсан. Захиргааны хэргийн шүүх дээр хэн хэн дээр ямар асуудлууд болж байсан бэ гэдгийг бүр мартсан. Үүнийг “үхсэн муур” гэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)