Л.ХЭРЛЭН

 

Монгол хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, шударга ёс зөр­чигдөж байгааг са­нуулж, айдас хүйдэс дагуул­сан шинэ цагийн хэлмэгдүү­лэл­тийг зогсоо­хын төлөө ээжүүдийн өлсгөлөн үр­гэл­жиж байна.

Манай сурвалжлах хэ­сэг өчигдөр 12.00 цагт МАХН-ын байранд өлсч буй долоо, Сүхбаатар дүүр­гийн эмнэлэгт эмчлүүлж буй таван эмэгтэйтэй уулз­сан юм. Дүүргүүдийн эмэгтэйчүүдийн байгуул­лагаас өлсгөлөн зарласан ээжүүдийг эргэж тойрч, үүдэнд нь ээлжээр  жи­жүүрлэн тэднийг эргэж ирсэн, уулзаж сэтгэлийн дэм өгсөн хүмүүсийг бүрт­гэх, хандив цуглуулж  ам­ны хаалт, улавч, нөм­рөгөөр үйлчлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

Өчигдөр өглөөнөөс хойш 820 гаруй хүн ээжүүд­тэй уулзаж, сэтгэ­лийн дэм өгсөн бол нийс­лэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгаас 100 гаруй захидал илгээж, утсаар байнга холбогдож байгааг  үүдний жижүүр тэмдэг­лэсэн байлаа.

Ээжүүд   нэгдүгээр сарын 9-ний  09.00 цагаас өлсгөлөнгөө эхлүүлсэн бол биднийг очиход   “11 хоног буюу 272 цаг нойтон, 26 цаг хуурай  өлсч байна” гэсэн бичгийг хаалган дээр өлгөсөн байв. Өлсгөлөнг анх  таван  бүсгүй эхлүүлсэн бол нэг хоногийн дараа долоо, гурав хоногийн дараа ес болж хүрээгээ тэлсэн. Өдгөө 13 ээж өлсч  байна. Тэдний найм  нь МАХН-ын байранд өлсгөлөнгөө үргэлжүүлж байгаа бол хуурай өлсгөлөн зарлас­наас хойш зүрхний хэм алдагдаж, даралт нь буур­сан учир таван  хүнийг  Сүхбаатар дүүргийн эмнэлэгт  шилжүүлжээ.

  Ээжүүд Монголд бий болсон хэлмэгдүүлэлт, хилс хэрэгт тулгагдаж  хохирсон хүмүүсийн хамгийн тод жишээ нь МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөн­хийлөгч Н.Энхбаярыг хэмээн онцолж буй. Энэ ч үүднээс түүнийг болон хоригдож буй хүмүүсийн  эрүүл мэндээ хамгаа­луулах эрхийг зөрчихгүй байх, улс тө­рийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг шаардаж байгаа. Өнөөдөр ч тэр байр суурь хэвээр байгаагийн зэрэгцээ    хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр өөрсдийг нь мөнгөөр өлссөн, улс төр хийсэн хэмээн гүтгэж, нэр төрийг нь  гутаан дором­жилж байгаад  гомдолтой байгаагаа ярив.

Төр, засаг нүд  чихгүй мэт авирлаж, ээжүүдийн дуу хоолойг сонсохгүй бай­гаад  өлсгөлөн зарлагс­дын  олонх нь  гомдоллож байв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан  түүний  ээж Б.Хонинхүү гуайгаар дамжуулан   захи­дал илгээсэн ч хариу ирэхгүй, Төрийн тэргүүн эх хүнийг дорд үзэж буйд харамсч байгаагаа  илэр­хийллээ. Амьдарч буй ний­гэм маань Үндсэн хууль­даа заасанчлан  хүмүүнлэг энэрэнгүй бус, ардчилсан Ерөнхийлөгч ч  ардчилсан биш  авирлаж байгаад  ээжүүд сэтгэл дундуур байгаа гэв.  Харин өлсгөлөнд оролцож байгаа Баянзүрх дүүргийн иргэн Н.Отгон  “Ээжүүдийн тэм­­цэл  эцэстээ тулж   хуу­рай өлсгөлөн зарласнаас хойш  шоронд хоригдож буй иргэд болон Н.Энх­баярыг  эмнэлэгт шил­жүүлэх тухай нааш­тай мэдээлэл дуулдаж эхэл­сэн”-ийг онцоллоо. Хэдий тийм ч ээжүүд өлсгөлөнгөө зогсоох бодолгүй  гэнэ. Учрыг асуувал “Шоронд байгаа хүнд өвчтэй хүмүүс болон  Н.Энхбаярыг эмнэ­лэгт хэвтүүлнэ  хэмээн хуурч ээжүүдийг гэрт нь хариулчихаад бахь байд­гаараа байхыг үгүйс­гэх­гүй. Яагаад гэвэл ШШГЕГ-ын дэд дарга Д.Хосбаяр  Н.Энхбаярыг нэгдсэн II эмнэлэгт шилжүүлэхээ өнгөрсөн   пүрэв гаригт мэдэгдсэн ч өнөө  хүртэл  шийдвэрээ биелүүлэхгүй байна” гэ­лээ.  Тэдний байр суурийг хүргэе.

 

А.Одончимэг /Баянхонгор аймгийн төлөөлөл/ :

БИДНИЙ АМЬ НАС ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР БАЙГАА

-Эхчүүдийн  биеийн байдал ямар байна?

-Бид 11 хоног, 272  цаг өлсч байна. Анх нойтон өлсгөлөн зарласан. Харин дунд нь  хуурай өлсгөлөн зарласны дараа таван хүний бие муудаж эм­нэлэгт хүргэгдсэн. Хэдий тийм ч  бидний тэмцэл ШШГЕГ-ын журамд өөрчлөлт оруулж чадлаа.  Н.Энхбаяртай хоригдож байгаа олон хүн эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй болсонд ар гэрийнхэн нь баярласнаа илэрхийлж бидэнтэй утсаар холбогдсон. Мөн хуурай өлсгөлөнгөө зогсоохыг эх орны өнцөг булан бүрээс олон ээж учирлаж гуйсан учраас эргээд нойтон өлсгөлөнд шилжээд байна. Бидний тав нь эмнэлэгт, найм нь МАХН-ын байранд, бие сайнгүй, амь нас хутганы ирэн дээр байна. Өлсгөлөн зарласан хүмүүст хамгийн аймшигтай зүйл хүлээлт байдгийг энэ дашрамд хэлье.  Бид хүлээж, цөхөрч байна.

 

Д.Дэлгэрмөрөн /Дархан-Уул аймгийн төлөөлөл/: ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭЖ АВТАЛ ТЭМЦЭНЭ

-Өлсгөлөнгөө зогсоо­хыг олон хүн хэлж зөвлөж байгаа гэсэн. Та бүхний байр суурь ямар байна?

-Өлсгөлөн зарлах  тухай сонсоод  ирсэн ч  шаардлагын хариу нааштай гарах болов уу гээд  нутаг буцсан.  Гэтэл үр дүн гарахгүй байхаар нь эргэж ирээд өлсгөлөнд оролцож байна. Бидний шаардлагыг хэзээ хүлээж авна, тэр цагт тэмцлээ зогсооход бэлэн байна.

 

Б.Чимгээ /Сэлэнгэ аймгийн Мандал сумын төлөөлөл/:

ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ГЭДЭГ НЬ  Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ШОУ БАЙЖЭЭ  

-Ээжүүдийн үгийг төр, засаг хэр сонсч байна вэ?

-Сохор, дүлий төр за­сагтай байгаадаа  эмгэнэн гашуудаж яалт ч үгүй тэмцлийн хурц хэлбэрийг сонгосноор  бидний тав нь эмнэлэгт хүргэгдсэн. Ээж­дээ хайр­тай гэж сон­гуулийн сурталчилгаагаа хийдэг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биднийг эх хүн гэж бодохгүй байж болох ч, төр засаг биднийг хүн гэдэг үүднээс  хандаач гэж хэлмээр байна. Бид­ний итгэлийг алдаж бай­гаа нь өөрсдөөс нь болж байгааг хэлье. Ээждээ хайртай гэдэг нь  Ц.Элбэг­доржийн шоу байжээ  гэж бодож байна.    Монгол­чууд “Төрийн сүлд минь өршөө” гэж зал­бирдаг ард түмэн. Гэтэл  өнөөдөр залбиръя гэвч тө­рийнх нь сүлд хазгайд­чихсан, төрд ажиллаж бай­гаа хүмүүс нь гажуудчихжээ.

 

Д.Амарбаясгалан “Баянзүрх дүүргийн төлөөлөл/:

ТӨР, ЗАСАГТАА ИТГЭНЭ

-Шударга бус харгис хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж  өлсгөлөнд нэгдсэн. Төр, засаг бидний гуйлт,  хүлээлт, горьдлогыг  харж үзнэ гэдэгт итгэж байна.

 

Б.Хандсүрэн СХД-ийн төлөөлөл/:

ЭНЭ БОЛ ЭХЧҮҮДИЙН АРИУН ТЭМЦЭЛ

-Таваас зургаан хүү­хэд өсгөж хүмүүжүүлсэн Алдарт эхчүүд үрээ гэсэн сэтгэл,  эхийн цагаан сүү­гээрээ  нэгдэж өлсгөлөн зарласан. Энэ бол эхчүүдийн ариун тэмцэл юм.  Эх орны газар шороо, ард түмнийхээ төлөө тэмцэж явсан Н.Энхбаярын төлөө, эдийн засгийн алуурчдын эсрэг  бид хэр чадлаараа тэмцэж байна. Бидний тэмцлийн сум нь үг, чадах юм нь өлсөх юм даа. Цаг өнгөрч, нөхцөл байдал хүндрэх тусам Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржид  үг хэлмээр санагдаж байна. Яачихсан төр, засаг  вэ, яачихсан төрийн тэргүүн бэ гэж хамгийн түрүүнд бодогдох юм. “Ард түмэнтэйгээ амь нэг Ерөнхийлөгч байна”  гэж анх хэлэхэд нь “Бидний амь таны амь, таны амь бидний амь” гэж ойлгож хүлээж авсан.  Ямар ч хүн, сайд дарга байсан ч  алдаа гаргадаг, хүүхэд хүртэл аяга алдаад хагалдаг. Бу­руугаа засах, эргэж харах боломж байна шүү дээ. Өрсөлдөгчөө дарж авах гэж хэт улайрч байгаагаа  бодооч гэмээр байна. Н.Энх­баярыг хилс хэр­гээс нь цагаатгаж болмоор санагдах юм. Эс тэгвээс эмнэлэгт нь шилжүүл­чихэж яагаад болдоггүй юм бэ. Тэр чинь ард түмэндээ хүндлэгд­сэн, улс орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээсэн, Ерөн­хийлөгч байсан хүн шүү дээ. Тийм  ч учраас  “Та бүхний өлсөхийг тэвчиж чадахгүй, тэмцлээ зогсоо­гооч” гээд бидэнд захидал ирүүлсэн. Ард түмнээ хайр­лаж, ээжүүдээ хүндэлж байна гэдгийг нь бид ойлгосон.   Ямар ч хүн өр нимгэн ээжээс унадаг. Дэлхийн зүрх нь Монгол байдаг. Монгол Улсын шөрмөс, эд эс нь иргэн нь байдаг. Гэтэл тэр бүхэн алдагдаж, амьдрал өдрөөс өдөрт дордож байна, бидний бие эрүүл мэнд өдрөөс өдөрт муудаж байна. Тиймээс Ц.Элбэг­дорж оо, Н.Алтанхуяг аа, Х.Тэмүүжин сайд аа,  та бүхэн бодооч, бидэнтэй уулзаач гэж дамжуулъя. Бид эх орондоо хэрэггүй ээж байж болох ч үр хүүхэд, тэднийнхээ найз нөхдөд хэрэгтэй байх аа. Бас хэвлэл, мэдээл­лийн­хэнд хэлэхэд  биднийг гүтгэж, муухайгаар би­чихээ болиоч. Бид тэгээгүй шүү, улс оронд минь ус чандмань эрдэнэ шиг хэрэгтэй бол  түүн шиг улс орондоо хэрэгтэй  олон сайхан хүмүүсийг, төр засгийн удирдагч, ном эрдэмтэй хүмүүсийг хэлмэгдүүлж цаазалсан 1937 он шиг ирээдүй биднийг хүлээж байгааг ээжүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шүү  гэдгийг  хэлье. Та бүхэн мэдэж байгаа, 2009 оны сонгуулиар Ц.Элбэг­дорж ээжтэйгээ хамт уйлж байсныг. Тэр хүний ээжийн зэвсэг тэр үед нулимс байж. Тэгвэл бид адилхан эх хүмүүс. Бид ард түмний ээж. Хүүхдүүдээ өмөөрөөд бид уйлж байна. Бид авлигад өгөх мөнгөгүй, нааш цааш  гүйх тэнхэлгүй ч үрээ гээд үгээ хэлэх, үрийг минь гээд уйлах сэтгэлтэй ийм л хүмүүс шүү дээ.