“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн,  Аюулгүй байдал судлалын докторант Жигжидийн Цэсэнг урьж, ярилцлаа.

Блиц:

Овог нэр:

Жигжидийн Цэсэн

Төрсөн газар:

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Баянтэрэм бригад

Боловсрол:

-Сэтгүүлч, утга зохиол судлаач, төрийн удирддлагын магистр, аюулгүй байдал судлалын докторант 

-Судалгаа, хамгаалсан сэдэв: 1990-ээд оноос хойшхи Монгол романы дүр дүрслэлтийн онцлог сэдвээр Уран зохиол судлалын магистр, “Улс төрийн зарим шийдвэрт Пи Ар аар нөлөөлөх нь” сэдвээр Төрийн удирдлагын магистр,

Ажилласан байдал:

-Мянганы зууч сонин, Ардчилал сонин, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Үйлдвэр Хөдөө аж ахуйн яам, Монголын Ардчилсан Холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар

Сонгуульт ажил:

-МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн, МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч, Орон даяар номын сан хөгжлийн төв байгуулах Demo hub төслийн удирдлагын багийн гишүүн

Хобби:

-Ном унших, пазль эвлүүлэх, блог бичих 

-Сэтгүүл зүй бол нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг онцгой салбар. Та энэ салбарт өөрийн гэсэн зам мөрийг гаргаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ.  Ер нь анх яагаад сэтгүүлч болъё гэж бодсон юм бэ.  Энэ талаар яриагаа эхэлье?

-Малчны хотонд төрж өссөн бяцхан охин Талбулагийн нүүрсний уурхайн буйдхан тосгон дахь сургууль руугаа морь унаад, цүнхээ үүрээд явдаг байлаа. Яг л Цагаан толгой номын зураг шиг хүүхэд нас минь өнгөрсөн.

Эргээд бодоход хамгийн сонирхолтой нь сэтгүүлч мэргэжлийг би дөнгөж есөн настайдаа сонгосон байдаг юм. Сүхбаатар аймгийн Талбулагийн нүүрсний уурхайн бага сургуульд ангидаа наймуулхнаа суралцдаг хоёрдугаар ангийн сурагч байлаа. Тэр үед манайд хаанаас ч юм нэг сонин ирж, нэг бичвэрийн дор хүний нэр байхыг нь хараад ээжээс “Энэ хүний нэр ямар учиртай юм бэ” гэсэн. 

Ээж минь “Аан наад бичвэрийг чинь бичсэн хүний нэр байгаа юм” гэж билээ.  Тэгэхэд надад нэг бодол орж ирсэн нь “Би сонин дээр юм бичээд дор нь нэрээ тавьдаг хүн болно” гэсэн анхны мөрөөдөл бий болж байлаа. Энэ дурсамж санаанаас гардаггүй юм.  Ингээд тавдугаар ангид байхад Монголын радиогоор “Сэтгүүлч Гомбын Золжаргал “Ган үзэгтэн” шагнал авлаа” гэсэн мэдээг сонсоод “Аан сэтгүүлч хүн ийм шагнал авч болдог юм байна. Би сэтгүүлч болоод ийм шагнал авна” гэж бодсон. Санасандаа олон жилийн дараа хүрсэн дээ.  Яагаад ч юм их л багаасаа энэ мэргэжилд дуртай болж билээ.  Сэтгүүлзүйн салбарт, эсвэл төрийн байгууллагад мөртлөө энэ л салбартаа хамааралтайгаар 20 гаруй жил ажилласан. Цаашдаа илүү өөр түвшинд ажиллана гэж бодоод суралцаад л явж байна. 

-Хүүхэд насны гэгээн мөрөөдөл нь биелсэн хүн ховор байдаг шиг санагддаг.  Таны хувьд сэтгүүлч бэлтгэдэг их сургуульд элсэхийн тулд хэр их хөдөлмөрлөсөн бэ?

-Энэ мэргэжлийг эзэмших зам минь тийм ч дардан байгаагүй. Сүхбаатар аймагтаа арван жилийн сургуулиа төгсөөд конкурс өгсөн. Гэтэл тэр жил манай аймагт сэтгүүлчийн ангийн ганцхан хуваарь ирсэн байсныг түрүү жилийн төгсөгч авчихсан юм. Ингээд би Монгол, англи хэлний багшийн ангид элсэн орж, нэг жил суралцаж байгаад дараа жил нь дахиад аймагтаа очиж конкурс өгсөн. Тэр үед УБИС-ийн спортын сэтгүүлчийн ангийн ганц хуваарь ирсэн байсныг мөн би авч байлаа. Хүссэн сургуульдаа орлоо гэж бодтол дандаа биеийн тамир, спортын хичээл заагаад болдоггүй.  Тэгээд өөрийн бичсэн шүлэг, тэмдэглэлээ барьж, Ц.Өнөрбаян багш дээрээ орж ангиа солих хүсэлтэй байгаагаа хэлээд  УБИС-ийн Утга зохиолын ажилтан сэтгүүлчийн ангид элсэн орж суралцсан түүхтэй. 

Нэлээд хөдөлгөөнтэй оюутан байсан. Хоёрдугаар курсэд байхаасаа л мэргэжлийн ажлынхаа зах зухаас мэдэрч эхэлсэн гэхэд болно. Тухайн үед Багшийн дээдэд хамгийн ойрхон сонины газар СТӨ-нд байсан.  Тэнд Б.Одгэрэл ахынхаа удирдлага дор  “Шар сонин” гэдэг нэртэй шар цаасан дээр хэвлэгддэг сониноос ажлын гараагаа эхэлж байлаа.  Хүмүүс шар хэвлэл гээд жаахан тийм хандах гээд байдаг. Би тэгдэггүй. Шар хэвлэл ч бас сэтгүүлзүйн хөгжлийн нэг хэсэг байсан гэж боддог. Дараа нь би их сургуулиа төгсөөд “Монгол туургатан”, “Мянганы зууч” сонинд ажиллаж, редактор, орлогч эрхлэгч хүртэл дэвшин ажилласан.  “Ардчилал” сониныг өдөр тутмын хэвлэл болоход нь Эрэн сурвалжлах албаны даргаар ирж ажиллаж байлаа. Тэгээд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, хэвлэлийн салбараа арай өөрөөр харж эхэлсэн дээ. 

-Хэвлэлийн төлөөлөгч болоод хэвлэлийн салбараа арай өөрөөр харж эхэлсэн гэлээ. Юуг онцолж хэлмээр санагддаг вэ?

-Би бичдэг сэтгүүлч. Өдөр тутмын сонины шуурхай хэмнэлд ажиллаад сурчихсан хүн. Харин сайдын хэвлэлийн төлөөлөгч болохоор арай өөр зүйлд суралцах шаардлагатай болдог юм билээ. Аливаа үйл явдлын мэдээг ямар өнцгөөс хүргэх вэ, хэрхэн чиглүүлж болох вэ гэдэг зүйлд суралцсан.  Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа  “Улс төрийн зарим шийдвэрт PR-аар нөлөөлөх нь” сэдвээр төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж байлаа. Ер нь олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэшиж эхэлсэн гэх үү дээ.  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр хэсэг ажилласан, тэр үед өөрийгөө жаахан голоод гадаад хэлээд ч болов сайжруулъя гээд АНУ-д жил гаруй англи хэл сурсан. УИХ, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиудаар сонгогчдод мэдээлэл түгээх, АН-аас нэр дэвшигчдийн бодлого үйл ажиллагааг сурталчилж, хүмүүсийн улс төрийн сонголтыг чиглүүлэх зорилтот кампанит ажлуудыг нэлээд зохион байгуулсан.  Ингээд 2017 оноос Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн албаны даргаар дэвшиж ажилласан.  Сэтгүүлзүйн салбарт, өдөр тутмын сонины халуун тогоонд чанагдаж явсан туршлага, мэдлэг, чадвар минь надад их хэрэг болсон. Төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга гэдэг маш хариуцлагатай ажил, тэндээс их ч зүйл сурсан.

Хамгийн чухал нь хэвлэл мэдээллийн салбарынхан улс орныхоо язгуур, эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Үүний тулд өөрсдөө ч илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй, хариуцлагатай болох шаардлагатай юм билээ. 

Ерөнхийлөгч бол ҮАБЗ-ийн дарга. Тэр хүний ажлын албанд ажиллахдаа Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын нөхцөл байдал ямар байгаа талаар ойлголттой болсон.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар мэдээллийг яаж мэдээлэх вэ, “Ер нь мэдээлэх нь зөв  юм уу, буруу юм уу” гэдэг зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, бодож мэдээлдэг байх шаардлагатай юм билээ. Энэ бүхний дараа би   ҮБХИС-ийн Аюулгүй байдал судлалын докторын ангид суралцах шийдвэр гаргасан. Дөрвөн жил номын дуу сонслоо. Ойрын үед докторын зэргээ хамгаалахаар хичээж байна.

- Та МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн.  Мөн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн радио телевизийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр доктор хамгаалахаар судалгаа хийж байгаа юм байна. Докторын ажлынхаа ач холбогдлын талаар ярихгүй юу?

- 2020 онд би МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Үндэсний зөвлөл жил бүр МҮОНРТ-ийн төсөв, төлөвлөгөөг, мөн бүтэц орон тоог шаардлагататай үед нь баталдаг.  Цаашид  МҮОНРТ-ийг стратегийн байгууллага гэдгийг бүх шатандаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Английн “ВВС” шиг ч юм уу, олон нийтийн гэх статусаар хөгжүүлэх нь бидний үүрэг. Магадгүй танд өнөөдөр MNB-ээр үзэх гоё кино, шоу байхгүй байж болно. Гэхдээ л тэр телевизийг дэмжээд авч явах үүрэгтэй юм. Цэргийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэдэг үгтэй. МҮОНРТ-ийг яг ингэж ойлгож болно.  Тийм учраас энэ байгууллагыг би чадварлаг уран бүтээлчидтэй, хүчирхэг техник тоног төхөөрөмжтэй, хамгийн гол нь хараат бусаар үйл ажиллагаагаа явуулаасай гэж боддог.  Эдийн засгийн хувьд ч, бодлогын хувьд ч хараат бус байх ёстой.  Тэгж байж олон нийтийн мэдэх эрх хангагдана шүү дээ. Английн “ВВС” гэхэд олон нийтээсээ санхүүждэг, төр нь бас бодлогоор дэмждэг.  Гэхдээ тэр дэмжлэг нь хараат бус байх боломжийг нь хэзээ ч хаадаггүй.  Тийм эрүүл тогтолцоотой байдаг юм билээ.  

-МҮОНРТ-ийн удирдлага солигдож, үзэгчдээс авах хураамжийн хэмжээг нэмэх талаар саяхан мэдээлэл гарсан. Үүнд олон нийт дургүйцэх хандлага ч ажиглагдаж байсан. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ. МҮОНРТ-ийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ?

-Ямар ч хэвлэл мэдээлэлгүй өглөөг угтаж байсан өдрийг чи мэдэх үү?

-Сайн санахгүй байна?

-2008 оны долдугаар сарын 2-ны өглөө.  Би тэр үед “Ардчилал сонин”-ы Эрэн сурвалжлах албаны даргаар ажилладаг байсан. 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн луйврыг эсэргүүцсэн бослого, тэмцэл болсон.  Тэгээд шөнө нь онц байдал зарлаж, маргааш өглөө нь ямар ч сонин, хэвлэл гараагүй.   Ямар их түгшүүртэй байсан гэж бодно.  Бүх зүйл унтарсан мэт санагдсан. Хүмүүс юунаас мэдээлэл авах вэ.  Хэвлэл мэдээллийн үнэ цэн ердөө л тэр шүү дээ.  Онц байдал зарласантай холбоотойгоор зөвхөн Үндэсний радио телевизийг үлдээгээд бусдыг нь бүгдийг нь хаасан.  Нийгмийн сэтгэл зүйг ямар нэг байдлаар удирдах хэрэгтэй болж байна шүү дээ. Энэ бол хүлээж авч ойлгож болохуйц онцгой процесс л доо. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд тухайн үед бид Үндэсний олон нийтийн радио телевизгүй байсан бол яах байсан бол.  Хувьчилчихсан байсан бол яах вэ.  Ямар ч мэдээлэл дамжуулах, бодлого барих гүүргүй байх байсан.  Азаар, 2005 онд Олон нийтийн радио телевизийн хуулийг баталж, энэ байгууллага олон нийтийн статустай болсон байсан.  Тэр тулдаа Үндэсний олон нийтийн радио телевиз олон нийтийн аюулгүй байдлын төлөө ажиллаж, хэдийгээр цагдаа, төрийнхөн багагүй түрэмгийлсэн ч гэсэн энэ байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүргээ гүйцэтгэсэн юм. 

-Үндэсний аюулгүй байдлыг хангахад Үндэсний олон нийтийн радио телевиз чухал үүрэгтэй гэлээ. Үндэсний аюулгүй байдалд өөр ямар асуудлууд багтдаг?

- Үндэсний аюулгүй байдлыг системийн үүднээс авч үзвэл гадаад, дотоод гэсэн хоёр орчинтой. Гадаад орчин гэхээр мэдээж олон улсын харилцаа буюу гадаад харилцаа. Монгол Улс БНХАУ, ОХУ гэсэн дэлхийн хоёр том гүрний дунд оршдог. Геополитикийн хувьд дэлхийн том гүрнүүдийн стратегийн бодлого явдаг онцгой байршил юм. Манай улс улс төр, дипломатын аргаар гадаад харилцааны бодлогоо хэрэгжүүлдэг. Одоогийн мөрдөгдөж байгаа 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 6 бүрэлдэхүүн хэсэг бий. Түүний нэг нь мэдээллийн аюулгүй байдал. Энд байгаа заалтуудын зарим нь мэдээллийн түгээлт, нууцлал, сүлжээний аюулгүй байдалтай холбоотой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн агуулгатай холбоотой заалтууд цөөнгүй бий. Тийм учраас манай салбарынхан үүнийг судлах, суралцах ёстой байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, бичиж нийтэлж, нэвтрүүлж байгаа сэтгүүлчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа улстөрчид ер нь монгол хүн бүр үндэсний аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулж байх хэрэгтэйг ойлгосон.

Үндэсний олон нийтийн радио телевиз үндэсний аюулгүй байдлыг хангахад ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дахин нэг жишээ хэлье. Сүүлийн үед манай улсад газар хөдлөлт ойр ойрхон давтамжтай бүртгэгдэж байна. Монгол Улсыг газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр нэрлэчихлээ. Газар хөдлөлтийн дохио Японы NHK дээр автоматаар дуугардаг шиг үүрэг, орон зай МҮОНРТ-д байгаа гэсэн үг. Ямар нэгэн байгалийн давагдашгүй гамшиг тохиолоо гэхэд интернэт байхгүй болно, цахим орчинд ямар ч мэдээлэл байхгүй болчихлоо гэж төсөөлье.  Тэр үед олон нийтийн статустай нөгөө л байгууллага маань үүргээ гүйцэтгэнэ шүү дээ. Гэтэл одоо энэ байгууллагыг байх ёстой эсэх асуудлыг хүмүүс хөндөж ярьж байна.  Энэ бол байж боломгүй асуудал.  Тэр бүү хэл одоо  шинээр баригдаж байгаа барилгуудын стандартад ч хуучны радиогийн шугамыг хүртэл оруулах ёстой гэж би боддог. Бүх нийтийн аюулгүй байдлыг хангахад, онцгой нөхцөлд, гамшгийн үед хамгийн түрүүнд бодит мэдээлэл хүргэх үүрэг бүхий суваг нь энэ. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бид тийм үүрэг ногдуулж болохгүй, тэд бол бизнес хийж байгаа, хүмүүсийн хувийн өмч, хөрөнгө. Тэгэхээр МҮОНРТ бол Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг бүхий стратегийн байгууллага юм.

-Сэтгүүлчид олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, улс төрд орж сонгуульд өрсөлддөг.   Гэтэл нийгэмд “сэтгүүлчид яах гэсэн юм” гэсэн эр зоригийг мохоох хандлага бас байна.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай мэргэжил онцгой л доо. Хөрвөх чадвар маш сайтай болдог. Яагаад гэхээр үргэлж шинэ мэдээлэл авдаг, уншдаг, өөрсдийгөө хөгжүүлдэг.  Хүмүүстэй харилцаж, аливаа асуудлын дунд үнэлэлт, дүгнэлт өгч, өнцөг, гарц гаргалгаа олж, харах, эмх цэгцтэй сэтгэх гэх мэт олон чадварт энэ мэргэжил тасралтгүй сургаж, хөгжүүлж байдаг. Ер нь бол хоцрогдож болдоггүй мэргэжил. Тэгэхээр тасралтгүй өөрийгөө боловсруулж, хөгжүүлж байдаг энэ салбарын төлөөлөл бодлого боловсруулах түвшинд очиход буруудах зүйл байхгүй гэж боддог.  Мөн цаад утгаараа сэтгүүлч хүн хүмүүсийн төлөө гэсэн сэтгэлтэй болчихсон байдаг.  Үргэлж уншигч, үзэгч, сонсогчийг л бодож, тэдэнд мэдээлэл хүргэх гэж ажилладаг.  Тэдний өмнөөс ажиллаж, тэдний дуу хоолой болж явдаг шүү дээ. Тийм учраас олон нийтийн төлөө сэтгэлээ зовоож, тэдний мэдэх эрхийг хангах гэж яваа хүмүүс бол бодлого гаргах чиглэлд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллаж чадна гэж боддог. Түүнээс биш өнөөдөр улс төрд байгаа зарим нэг сэтгүүлчдээр манай салбарынхныг үнэлж дүгнэх нь хэт өрөөсгөл.  Харин ч сэтгүүлчид хамгийн шударга байдаг шүү.

-Таныг сэтгүүлчийн мэргэжлийг сонгох үед хүүхдүүд энэ мэргэжилд дурлаж тэмүүлж сонгодог байжээ.  Харин одоо манай мэргэжлийн нэр хүнд унасаар л байна.  Энэ юутай холбоотой гэж боддог вэ?

-Сэтгүүлч мэргэжлийн минь нэр хүнд унаж байгаатай санал нэг. Хэдхэн өдрийн өмнө бүүр их мэдэрч, харамсаж суулаа.   МСНЭ-ээс “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-өөр “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” арга хэмжээг Төв талбайд  зохион байгуулсан.  Манай мэргэжлээр сурч байгаа, ирээдүйд сэтгүүлч болох оюутнууд маань бас ирсэн.   Гэтэл зарим сургуулийн сэтгүүлчийн анги оюутангүй болсон гэнэ.  Би бүүр шоконд орлоо.  Би энэ мэргэжлийг сонгож, энэ замаар явахдаа ямар их дурлаж, тэмүүлж байлаа.  Одоо ч мэргэжилдээ хайртай хэвээрээ.  Гэтэл манай салбарыг авч явах дараа дараагийн үеийнхэн маань их цөөрсөн байна. Надад гунигтай санагдсан.   Сэтгүүлчийн нэр хүнд нийгэмд унаж байгаа нь үнэн.  Гэхдээ энэ бол хөгжлийн тодорхой нэг явц, давлагаа гэж би боддог.   Монголын хэвлэл мэдээллийн салбарт өнөөдөр 10 орчим мянган хүн ажиллаж байна.  Үүний 7000 орчим нь сэтгүүлч.  Энэ 7000 хүний бараг 10 ч хүрэхгүй хүмүүсийнх нь ёс зүйн асуудлаас болоод өнөөдөр мэргэжлийн нэр хүнд унаж байна.  Түүнээс сэтгүүлчид бүгд болохгүй байгаа асуудал биш л дээ.

Манай салбарт мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгосон, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүлч олон бий.  Цаашид бид сэтгүүлчдээ илүү мэргэжлийн байлгах ёстой. Үүнийгээ дагаад үнэ цэнийг нь нэмэгдүүлэх ёстой.  Нийгмийн асуудлыг нь шийдэх гарц гаргалгаатай байх ёстой. Үнэхээр манай салбарынхны дундаж цалин бага байгаа нь үнэн.  Энэ нь дараа дараагийн үе бэлтгэгдэх, мэргэжил сонголтод нөлөөлж байгааг ч үгүйсгэх аргагүй.   Сэтгүүлч хүн хэзээ ч өөрийнхөө төлөө ажилладаггүй. Манай гэрийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа билээ, гэрт маань ус, түлээ байгаа билүү ч гэж бодох сөхөөгүй л Баянхошуунд байгаа айл өрхийн түлээ түлшний асуудал, Дарь эх орчмын шар усны үер, Зайсангийн ундны усны бохирдол гээд л дандаа бусдын төлөө, хаана асуудал байна тэнд явж байдаг. 

Ажлаа дуусахад хоолны махгүй, түлээгүй хүйтэн гэр угтдаг үе олон ч, олон нийтийн эрх ашгийн төлөө ажилласаар л байдаг. Ийм л онцгой мэргэжил.  Гэтэл нөгөө талаас олон нийт сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэгүй байх ёстой юм шиг үзэж байгаа нь харамсалтай.  Сэтгүүл зүйн редакцыг өөрсдийнхөө өмнө үнэгүй ажиллах үүрэг хүлээсэн мэт ойлгоод үүрэг хариуцлага нэхээд байдаг.  Сайн дурын үйлс мэт хараад байдаг.  Уг нь бол илүү үнэ цэнтэй байх ёстой салбар юм шүү дээ. Хүний дотроос, хүний оюун санаанаас,  хүний сэтгэлээс үүсэж гардаг уран бүтээлийг үйлдвэрлэж байгаа бүтээгчид гэдэг утгаараа л үнэ цэн байх ёстой. Нэмээд хэлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага ажиллуулна гэдэг талх үйлдвэрлэж байгаатай яг ижилхэн. Өдөр бүр олон нийтэд шинэ мэдээ мэдээлэл хүргэхийн төлөө ажилладаг. Үүний тулд хүмүүс цалинжуулж, ажлын байр түрээсэлдэг бизнес юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 95 (7339)