М.ТИЛЕГЕН
Өнгөрсөн бямба гаригт Алжир улсын тусгай албад тус улсын зүүн хэсэгт шатдаг хийн үйлдвэрийг эзлэн авсан алан хядагчдаас барьцаалагдсан хүмүүсийг аврах тусгай ажиллагаа дуусгавар болов. Тусгай ажиллагааны сүүлчийн өдөр 11 алан хядагч болон долоон барьцааны хүн алагдсан байна. Амиа алдсан долоон хүн гадаадын иргэд аж. Тэднийг алан хядагчид тусгай албаныхан дайрахаас нь өмнө хороосон байна. Амь үрэгдсэн барьцааны хүмүүс аль улсын иргэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ажиллагаа эхэлснээс хойш барьцаалагдсан хүмүүсээс 23 нь амиа алдаж, 31 алан хядагчийг устгалаа хэмээн Алжирын эрх баригчид мэдэгджээ. Түүнчлэн тусгай ажиллагааны үеэр Алжирын 685, гадаадын 107 иргэнийг эсэн мэнд суллажээ.
Энэ сарын 16-ны өглөө 20 орчим лалын хэт даврагч Алжир болон Ливийн хилээс 100 км-ын зайд оршдог “In Amenas” хэмээх шатдаг хийн үйлдвэрт ажилладаг “Вритиш Петролеум”, “Сонатраш”, “Статойл” компанийн ажилчдын байр руу довтолж 700 гаруй хүнийг барьцаалсан аж. Барьцаалагдсан хүмүүсийн 132 нь гадаадын иргэд байжээ. Уг хэргийн хариуцлагыг “Аль-Кайда” бүлэглэлийнхэн хүлээсэн байна. Алан хядагчдын толгойлогч болох Мухтар Бельмухтар нь “Аль-Кайда” бүлэглэлийн удирдагчдын нэг аж. Тэдний тавьсан шаардлагын талаархи мэдэлээл янз бүр байгаа. Зарим нь тэднийг Алжирын Засгийн газар Францын цэргийн хүчнийхэнд агаарын орон зайгаа ашиглуулж байгааг эсэргүүцэж, Мали улсын дотоод хэрэгт Францын тал оролцож байгааг зогсоохыг шаардсан гэж байна. Бас нэгэн хувилбараар Алжирын шоронд хоригдож буй лалын хэт даврагчдыг суллахыг шаардсан гэх. Алан хядагчид хэрэв Алжирын цэргийнхэн тусгай ажиллагаа явуулж дайрах юм бол орон сууцыг дэлбэлнэ хэмээн заналхийлжээ.
Эхний өдөр алан хядагчид үйлдвэрт ажилладаг Алжирын 60 иргэнийг чөлөөлж, барьцаанд авсан гадаадын иргэдийг авч тус улсын нутгаас гарч явахыг зөвшөөрөхийг шаардсан байна. Харин түүний хариуд Алжирын эрх баригчид алан хядагчидтай хэлэлцээр явуулахгүй гэдгээ мэдэгдээд, барьцааны хүмүүсийг суллахыг үүрэг болгожээ. Түүний дараа алан хядагчид барьцааны хүмүүсийг авч машинтай зугтахыг оролдсон ч Алжирын цэргийнхэн агаараас довтолсон байна. Ажиллагааны улмаас 35 барьцааны хүн болон 10 алан хядагч амиа алджээ. Нэгдүгээр сарын 18-нд цэргийнхэн барьцааны 570 хүнийг суллажээ. Тэднээс 100 орчим нь гадаадынх байв. Одоо гадаадын ажилчдаас 30 хүний хувь заяа тодорхойгүй байна. Барьцаалагдсан гадаадын иргэд АНУ, Их Британи, Норвеги, Япон, Румын болон бусад улсаас ирсэн ажилтнууд аж. Дээрх улс орон Алжир руу нисдэг тэрэг илгээж, тус улсад байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс шилжүүлж эхэлсэн байна. Мөн “Бритиш Петролеум” компанийн албаны хүний мэдээлснээр гадаадын олон зуун ажилчид Алжир улсаас яваад байгаа гэнэ.