Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, БШУЯ, ШУА хамтран “Морин хуур-2024” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Монголчууд ямар нэгэн арга хэмжээний нээлтийг морин хуурын аялгуугаар эхүүлдэг. Мөн уламжлалт цагаан сараар айл бүр тухайн жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй байхын бэлгэдэл болгон гэрийнхээ жаврыг үргээж морин хуураа татдаг ёс заншилтай. Өчигдөр МУИС-ийн танхимд цугласан эрдэмтэн, судлаач, багш нар ч энэ тухай ярилцаж,  энэ хөгжмийг хэрхэн хамгаалж, түгээн дэлгэрүүлэх талаар санал бодлоо солилцсон. Мөн морин хуурын үүсэл гарал, судалгаа, тулгамдсан асуудал гэсэн 14 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

Монгол Улсын Консерваторийн Уран сайхны удирдагч, профессор Ц.Пүрэвхүү “Морин хуурын уламжлал шинчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Өнөөдөр морин хуурын бүх сургалт Г.Жамъян багшийн тавилт, арга барилаар явдаг. Морин хуур тоглож сурах хүсэлтэй хүн Г.Жамъян багшийн 1985 онд гаргасан гарын авлагыг хэрэглэдэг. 

XIX-XX зуунд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, соёл урлаг, тэр дундаа үндэсний урлагаа дэмжих бодлогыг хүчтэй явуулж эхэлсэн. Морин хуур хөгжмийн хамгийн том төлөөлөгчийн нэг бол Д.Түдэв багшаас гадна их хуурч Г.Жамъян юм.

ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор /Ph.D/ Н.Мөнхцэцэг "Монголын үндэсний хөгжмийн нэр томъёог англи хэлээр орчуулах асуудал"-аар хэлэлцүүлсэн юм.

Эх сурвалж www.zms.mn