Америкийн алдарт дуучин Тейлор Свифтийн 12 дахь студийн цомог болох “The Life of a Showgirl” АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 4.002 сая хувь борлогдов. Ингэснээр орчин цагийн хөгжмийн түүхэнд эхний долоо хоногтоо хамгийн их хувь зарагдсан цомог боллоо гэж “Luminate” компани мэдээллээ. “The Life of a Showgirl” цомог нь 2015 онд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ-д 3.378 сая хувь борлогдсон Аделийн “25” цомгийн эзэмшиж байсан дээд амжилтыг эвдсэн байна. Энэ сарын 3-нд худалдаанд гарсан тус биет цомгийн борлуулалт эхний долоо хоногтоо 3479500 хувьд хүрчээ. Т.Свифт мөн “Billboard 200” шилдэг цомгуудын жагсаалтыг хамгийн олон буюу 15 удаа тэргүүлсэн соло уран бүтээлч болсон байна. Тэрээр өмнө нь тус жагсаалтыг 14 удаа тэргүүлж байсан Дрейк, Жей Зи нартай эн зэрэгцэж байжээ. Мөн “Billboard 200” жагсаалтыг 19 удаа тэргүүлж байсан “The Beatles” хамтлагийн ард бичигдэж байна. Дуучин бүсгүйн хувьд дээд амжилтуудыг эвдэнэ гэдэг ховорхон тохиодог үйл явдал биш бөгөөд “The Life of a Showgirl” цомог нь худалдаанд гарсан даруйдаа түүхэн амжилтуудыг тогтоож эхэлсэн юм. Тус цомог худалдаанд гарсан эхний өдрөө 2.7 сая хувь борлогдсоноор долоо хоногт хамгийн олон цомог борлуулсан өөрийн амжилтыг нэгхэн өдрийн дотор эвдсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn