Д.ЦЭРЭННАДМИД
Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншарав гэхэд танихгүй ээ гэх хүн тун ховор биз. Яагаад гэхээр энэ эрхмийг дэлхийн спортын хамгийн дээд баяр олимпын наадмаас монголдоо анхны медалийг авчирсан гэдгээрээ онцгой гавьяа байгуулсан гэж хүндэлдэг юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг энд нийтлэв.
-Ярилцлагынхаа өмнө нэгэн зүйлийг тодруулъя гэж бодлоо. Тэр юу вэ гэвэл нэгэн номонд Монголын түүхэнд бичигдэх үйл явдлын эхний тавд олимпын их наадмаас монгол хүн анхны медаль авсан тухай бичсэн байсан. Үүнийг хэн гэгч тэгж тодорхойлсон юм бэ?
-Миний хувьд түүхийн сэдэв, эрдэмтдийн бүтээлийг ихэд сонирхдог юм. Өөрт хэрэгтэйг бүр их анхаарна. Өөрийн чинь асуултад шуудхан хариулахад уг тодорхойлолт нь түүхийн ухааны доктор Д.Хоролдамбын бүтээлд байдаг юм. Тэнд Монголын Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны хувьсгал дараа нь 1921 оны ардын хувьсгал, Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагад элссэн он цаг, Монгол хүн сансарт ниссэн өдөр, олимпын наадмаас монгол хүн анхны медаль авсан тэр үйл явдал гээд л бичигдсэн бий.
-Эндээс харахад Монголын спортын түүхийн онцгой үйл явдал хөндөгдөж байна даа. Тэр дотор олимпын наадмаас анхны медалийг авч ирсэн Ч.Дамдиншарав гэдэг хүний нэр бас тодорч ирдэг. Тиймээс та олимпын наадамд оролцсон тухайгаа дурсан ярьвал сонин болов уу?
-За тэгье ээ. Монгол Улс 1962 онд олон улсын олимпын хорооны гишүүн болсноор 1964 онд Японы Токиогийн олимпод тамирчнаа анх илгээсэн юм. Энэ олимпод очсон 21 хүний нэг нь би. Ердөө 19 настай залуу байлаа шүү дээ.
-Тухайн үед олимпын эрхийг яаж авч байсан бэ?
-Улс дотроо шалгаруулалт хийгээд л явуулж байсан юм. Миний хувьд цэл залуу тамирчин. Улсын шигшээд ирээд ч удаагүй ийм л байсан. Өмнө нь бүх ард түмний спартакиадаас мөнгөн медаль авсан. Шигшээд миний жинд надаас илүү амжилттай Хашбат, Лодой гээд тамирчид байсан. Гэтэл би хэнийг олимпод явуулахыг шийдэх сорилго тэмцээнд тэр хоёрыгоо ялаад гарч ирсэн юм. Х.Баянмөнх бид хоёр анх удаа гадаадын тэмцээнд явж байгаа нь тэр байлаа. Би урьд нь юун олимпод явах тийм бодол төрж байсангүй, гэнэтийн юм гэгч болж билээ. Тэгээд л олимп гэдэг ямар том баяр юм бэ гэдгийг мэдэрсэн. Нүд нээгдсэн гэж ч болно.
Түүнээс хойш олон улсын олон ч тэмцээн уралдаанд оролцлоо. Улмаар 1968 онд Мехикогийн олимпод очсон доо.
-Хоёр дахь олимпдоо гэхээр хуучин тамирчин болсон шиг байсан байх даа?
-За тиймээ. Урьд нь олимпод барилдаад үзчихсэн хүн чинь өөр л байсан даа. Тэр олимпын өмнө Германд болсон олон улсын тэмцээнээс алтан медаль авчихсандаа их урамтай байсан. Мөн 1967 онд ах дүү армиудын "Интернационал" тэмцээн Улаанбаатарт болоход ЗХУ, Болгар, Румын, Польш, БНАСУ-ын бөхчүүд оролцсон юм. Энэ тэмцээнд Х.Мөнхбат, Д.Сэрээтэр бид гурав жиндээ аварга болж байлаа.
Ёстой л үзэж тарна даа л гэж бодох үе байж дээ. Сонирхуулж хэлэхэд тухайн үед чөлөөт бөхийн дүрэм тун хатуухан. Гурав, гурван минутаар есөн минут барилдана. Оноо авах хэцүү. Чөлөөтөд өнөөгийн дүрэм бол урлаг тал нь давамгай болсон. Тэвэрч биедээ наагаад эргэхэд л хоёр оноо өгдөг. Тэгвэл тэр үед чинь өрсөлдөгчөө дээш нь харуулаад унагалаа гэхэд нуман тулгуурт зоочихсон юм шиг болоод далаараа дэмжээнд хүрээгүй бол оноо байхгүй тийм дүрэм үйлчилж байлаа.
-Олимпоос анхны медалийг авсан барилдааныхаа тухай сонирхуулаач?
-Би эхний тойрогт Египетийн бөхийг цэвэр орхиод, хоёрдугаар тойрогтоо Туркийн бөх, Европын аварга. ДАШТ-ний шагналт байрын эзэн М.Эссенжелийг мөн цэвэр ялчихдаг юм.
Дараа нь Италийн бөх В.Грасситэй таараад гурван онооны илүүтэй болоод байтал шүүгч барилдааныг зогсоогоод өрсөлдөгчид ялалт өгчихсөн. Түүний хоёр хуруунаас атгаж барьц тавиулсныг дүрмийн бус гэж шалтаг заасан юм билээ. Ингээд би хармааны зургаан онооныхоо тавыг алдаж дараа нь нэг ялагдахад л үзэгчдийн суудалд шилжих болов.
Гэвч ард түмэн, монгол эх орон, итгэл хүлээлгэсэн монголчууд минь байгаа гэсэн бодлоор би өөрийгөө хурцалж дараагийн учраа Герман, Унгарын бөхчүүдийг хоёуланг нь цэвэр ялж чадсанаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Тэр хоёрын нэгийг цэвэр биш оноогоор ялахад тийм амжилтад хүрэхгүй байсан. Тиймээс олимпоос би медаль авчихлаа гэж бодохоор сэтгэл их огшиж байлаа.
Харин хамгийн сүүлчийн учраа Японы бөх, олимп, дэлхийн аварга О.Накататай олигтой барилдаж чадаагүй. Урьд нь хүндхэн хоёр барилдаан хийчихсэн жиндээ орох гэж 10 кг хассан нөлөөлсөн байх.
-Алив сайхан амжилтын эхлэлийг тавина гэдэг юутай ч зүйрлэшгүй гэдэг. Үүнийг медалийн салхийг хагалсан гэж ярьдаг даа. Өөрийг чинь медалийн болзол хангачихлаа гээд орж ирэхэд нөхөд чинь ихээхэн баяртай угтсан байх л даа?
-Тэгэлгүй яахав. Даамийдаа баярлалаа гэцгээгээд намайг тэвэрч аваад сүйдтэйнхэн баярласан. Нөхдөдөө урам зориг өгсөн. Мөөеө гэхэд хана дэлсэн босож ирээд одоо би тэр муу Америк өрсөлдөгчийг дэлгэж өгнөө гээд л.
Тэгээд 30 минутын дараа Сэрээтэр хоёр дахь медалийн болзлыг хангасан бол Ж.Мөнхбат, П.Артаг нар маань гээд дөрвүүлээ медальтан болсон доо. Миний авсан медаль булган сүүлтэй байсанд би үнэхээр баярласан шүү.
-Дараа нь та чинь Мюнхений олимпод бас барилдсан гэдэг биз?
-Тиймээ. Би тэр олимпод зөвхөн сонгомлын төрөлд барилдсан. Тухайн үед би дасгалжуулагчийн албанд шилжсэн байсан ч тэмцээнд оролцох шаардлагатай болсон.
Миний жинд Хойлогдорж маань оролцож медальд хүрсэн нь сайхан. Би 1970 онд Монгол-Японы тамирчдын уулзалт тэмцээнд барилдаж байхдаа хүндхэн гэмтэл авч бүтэн жил эмчлүүлсэн. Гэхдээ улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчхээд л байлаа.
Тиймээс 1972 оны тэр олимпод оролцохоор болоод байсан юм.
-Сэтгүүлч миний хувьд нэг сонин тохиолдлыг хальтхан сонсож байсан юм. 1968 оны олимпоос та нарыг дөрвүүл медальтай ирэхэд жаахан таагүй угталт болсон гэдэг тухай ...?
-Үгүй яахав. Энэ тухай би ам нээсэн удаа бий. Гэхдээ нарийн ширийн хэлж байгаагүй байх.
Биднийг ирэхэд онгоцны буудлаас нэг нэгээр нь машинд суулгаад сүртэй нь аргагүй юм болсон. Шууд спортын ордонд авчирч уулзалт хийгээд долоо хоногийн дараа шагнал гардуулна л гэсэн.
Тэгж байхад чинь хүн бас юм бодно биз дээ.
Би анхны медальтан учир ямартай ч тун гайгүй шагнал авах байх гэж. Тэгсэн яасан гээ. Гурван хүрэл медальтны нэгд нь “Алтан гадас” одон зүүж, Т.Артаг бид хоёрт “Хөдөлмөрийн хүндэт медаль” өгсөн юм, 3000 төгрөг дагалдуулж.
Тэгтэл тэр олимпын жиндээ тавдугаар байрт орсон бөхөд гавьяат тамирчин цол хүртээсэн.
Энэ алаг булагхан шагнал бидний төдийгүй олон хүний гайхлыг төрүүлсэн юм л даа. Ингэж ярихаар нэг их гомдол мэдүүлсэн юм шиг санагдаж мэдэх юм. Ер нь бол тамирчин хүний амжилт зөв үнэлэгдэх учиртай. Тиймээс энэ тохиолдол хойч үеийнхэнд битгий давтагдаасай гэсэндээ наян насны өндөрлөг дээрээс хэлж байна л даа.
Тухайн үед би надад тэр гавьяат тамирчин гэдэг цолоо өгчих байх гэж бодож байснаа нуугаад ч яахав. Ийм л юм болсон.
Бас нэг шалтаг ч гэх үү, шалтгаан ч гэх үү юм нь миний өвөг дээдэс хутагт хувилгаад аав минь хүртэл бурхан шашны эрдэм номтой хүн байсных болов уу гэж сүүлд нь бодсон. Өмнөх нийгмийн үед чинь тийм хувилгаад тайж, язгууртан удамтай хүнд алдар хүнд хүртээдэггүй тал байсан даа гэж тэр үйл явдлыг цагаатгаж боддог юм.
-Тэр удам судрынхаа талаар жаахан тодруулна уу?
-Миний өвөг дээдэс Өвөрхангай аймгийн Богд сумынх. Өвөө маань Монголын 13 тамгатай хутагтын нэг Эрдэнэ бишрэлт, мэргэн ноён хутагт Б.Содномцэрэн гэгч бол аав Р.Чимэдбазар ном эрдмийг нь өвлөж авсан. Түмэн олондоо тустай нэгэн байсан юм.
Өвөө маань хэд хэд баригдаж тавигдсаны хойно 1937 онд хэлмэгдсэн. Аавын хувьд мөн л олон удаа баригдаж сүүлдээ 10 жилийн ял эдэлж яваад ирсэн хүн. Ногоон малгайтнуудын мөрдлөг хавчлагад мөн ч олон жил зовж зүдэрсэн дээ. Энэ тухайг нь би мэдэхийн дээдээр мэднэ. Ер нь нутагтаа амар тайван амьдрах боломжгүйдэж өөр суманд очиж амьдарсан үе ч бий.
Манай өвөө болон аавыг нутаг хошуугаараа бишрэн шүтдэг байсан юм шүү дээ.
-За тэгвэл одоо тамирчныхаа замналд эргэж оръё. 1960-аад онд тамирчдад бэлтгэлээ хангах боломж хэр байсан бэ?
-Чөлөөт бөхийнхөн бидэнд бэлтгэлээ хангах заал байсангүй. Спортын ордны заалны нэг буланд өглөө дэвжээгээ засаад орой хураах жишээтэй. Наад зах нь халуун ус гэж байгаагүй. Шигшээгийнхэн гэхэд долоо хоногт нэг удаа Улаанбаатар зочид буудлын доорх халуун усанд ирж орно гээд боддоо.
-Та чөлөөтийн 52 кг-д барилддаг. Жингийн чинь өрсөлдөгч дэлхийд хэн байсан бэ?
-Болгарын алдарт бөх О.Николаев, Ираны Живади, ЗХУ-ын Р.Дмитриев нарыг нэрлэж болох юм. Хүчтэй өрсөлдөгчид маань тэд байлаа.
Нэг зүйлийг хэлэхэд тухайн үед чинь өрсөлдөгчөө судлах, барилдаантай нь танилцах боломж үгүй байв. Хувийн тэмдэглэлийн дэвтэртээ баруун, зүүн талтай ч гэх юмуу, тийм мэх голлон хийдэг гэх зэрэг тэмдэглэл хийсэн байх төдий.
Одоогийнх шиг бичлэг үзнэ гэж байсан биш.
-За тэгээд удалгүй дасгалжуулагч болсон гэдэг биз?
-Нэг удаа Ж.Ёндон генерал дуудаж “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагч болохыг санал болгосон. Би гэмтлийн улмаас амжилт буурсан үе. Тэгээд л дасгалжуулагчийн амьдралын замд шилжсэн. Ер нь цэрэг армийн байгууллага гэдэг хүнийг жинхэнэ зориг тэвчээртэй хүнийг бий болгодог, амьдрахуйн ухаанд сургадаг газар.
Армидаа би хайртай, бахархаж явдаг. Тэнд очсоных гавьяат гэдэг эхний алдар цолонд ч хүрсэн юм. Ёндон, Б.Дорж гээд генералууддаа баярлаж явдаг. Батлан хамгаалах яамны сайд байсан Батын Дорж гуай гэхэд бөхөд тун элэгтэй , бөх таньдаг хүн. Аварга Д.Хадбаатар, улсын харцага Ж.Бор мэтийн ирээдүйтэй олон хүнийг “Алдар”-ийн бөх болоход тэр хүн санал гаргаж бараг “хөтөлж ирж” байсан даа.
-Дасгалжуулагч хүний жаргал, зовлон гэж бий байх. Зүгээр тамирчнаасаа илүү үүрэг хариуцлага үүрдэг гэдэг дээ?
-За тиймээ. Тамирчин амжилт үзүүлэхгүй бол дасгалжуулагч буруудах үе байдаг байлаа. Ер нь шагнал урамшил ч чанга байсан даа. Тухайлбал, Москвагийн зуны олимпын наадмаас чөлөөт бөхийнхөн мөнгө, хүрэл медальтай ирсэн шүү дээ.
Гэтэл медалийн эзэн Д.Оюунболд, Ж.Даваажав нарт ямар ч шагнал өгөөгүй. Алт авхуулж чадаагүй дасгалжуулагч буруудаж юун шагнал, сайшаал. Донгодуулж байлаа.
Харин тэр явдлаас 10 жилийн дараа тэдэнд гавьяат тамирчин цол өгч байж билээ. Ер нь амжилтыг нь цаг тухайд нь үнэлээгүйгээс тамирчны амжилт цаашдаа буурдаг талтай.
Миний дасгалжуулагч болсон үеийн эхлэл нь тэр байлаа.
-Та чинь улсын шигшээ багийг олон жил дасгалжуулсан даа. Энэ тухайгаа тодруулж хэлнэ үү?
-“Алдар”-аас улсын шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ирж байлаа. Ер нь дасгалжуулагч болсноосоо хойш шавь нараа бэлтгэж эхэлсэн дээ.
Би Монголын чөлөөт бөхийн шигшээ багт 1978 онд дасгалжуулагчаар анх орж дундаа завсарлагаатай16 жил ажилласан. Шавийн тоо бол учраа алдсан олон. Шигшээ багийн “гал тогоо барих” ажилд 2004 он хүртэл зүтгэсэн дээ.
Шавь нараас минь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоёр төрсөн бол ардын болон гавьяат цолтон 30 гаруй байдаг юм.
Мөн үндэсний бөхөөр дөрвөн аварга, арслан, заан, гарьд гэвэл 12, харцага, начин 20 илүүг бэлтгэж дээ.
-Тэднээсээ хэдэн хүний нэр хэл гэвэл...?
-Дархан аварга Д.Цэрэнтогтох, Т.Өсөхбаяр, аварга Д.Хадбаатар, Д.Сумъяабазараар эхлээд З.Дүвчин, А.Энхээ, А.Баатархүү, Б.Ганбаатар, Д.Ганхуяг, Ё.Ишгэн, Б.Сайнбаяр, Т.Санчир гээд явж өгнө л дөө. Маш олон хүний тухай ярьж болно.
Дасгалжуулагч хүний нэг гол бахархал бол сайн шавь нар байдаг.
Миний шавь нар дандаа л Дамийл багшаа гэх. Энэ үг ямар их урам зориг, эрч хүч өгдөгт баярлаж явна даа.
-Монголын чөлөөт бөхийн түүхийг алтан, мөнгөн үе гэж зааглан хэлэлцдэг. Тэгэхээр өөрийг чинь аль үеийнх вэ гэж асуумаар байна...?
-Шуудхан хэлэхэд би алтан үеийн тамирчин, мөнгөн үеийн дасгалжуулагч юм болов уу даа.
Намайг улсын шигшээгийн дасгалжуулагч болсноос хойш чөлөөтийнхөн олимп, дэлхийн аваргаас 10 гаруй медаль хүртсэн дээ. Медалийн өнгийг голлоод хэл гэвэл мөнгөн медаль байсан. Тэгэхээр мөнгөн үеийн дасгалжуулагч юм уу даа.
-Тэгвэл одоо Монголын чөлөөт бөх хүрлийн үедээ явна уу?
-Тэгж хэлэх ч хаашаа юм. Бидний үеэс хойш 40 гаруй жил өнгөрөхөд манай чөлөөтийн эрэгтэй багийнхан олимпоос медаль аваагүй л байна. Би эрчүүдийнхээ олимпын медаль зүүгээд ирэхийг харахсан гэж бодож л явдаг.
Төгсгөл буюу Сурвалжлагчийн зүүсгэл үг
Цаг хугацааг хамгийн хөдөлмөрч хийгээд өмнөө зорилготой хүн л эзэгнэдэг гэдэг. Тийм болохоор Монголын чөлөөт болон үндэсний бөхийн хувь заяаг залж залруулж Монголын спортын түүхэнд мартагдашгүй гавьяатан бол Ч.Дамдиншарав гэдгийг хэлэх байна.
Хамгийн тодотгох юм нь юу юм бэ гэвэл Монголын тамирчдаас олимпын наадмаас анхны медаль авчирсан хүн шүү гэдгийг давтан онцолъё.
За тиймээ. Энэ хүн Монголын тамирчид урьд нь хүрээгүй оргилд хүрч чадсан юм чинь, өмнө аваагүй тэр алдрыг анх хүртсэн юм чинь басхүү урьд нь төсөөлөөгүй байсан мэдрэмжийг монголчуудад мэдрүүлсэн юм чинь тэрний эргэн тойронд ямар их хүндлэл нэр төр оршном бэ?
Энэ хүний тухай удахгүй болох Парисын олимпын өмнө бас Монгол Улсад биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн оны босгонд дурсан сануулж байгаадаа бахархалтай байна.
Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, мөн БНБУ-ын гавьяат дасгалжуулагч, Монголын спортын түүхийн содон хүн Чимэдбазарын Дамдиншарав ёстой түүхэн хүний нэг юм даа.
Түүн шиг тамирчин хийгээд дасгалжуулагчаар зургаан олимпод оролцсон хүн олонгүй л байх аа.
Удам судрынх нь баян түүх түүний ажил амьдралын замыг шулуутгаж өгдөг биз дээ.
Одоо ч Ч.Дамдиншарав гуай спортын төлөө сэтгэлээ чилээж Өвөрхангай аймгийн үндэсний бөхийн “Их Монгол” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байна.
Олон шавьтай төдийгүй бас олон сайн багш, дасгалжуулагчийн багш нь юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 88 (7332)