-“Волтам” ХХК 25 тэрбум төгрөгөөр лобби хийх гэж байна гэж иргэн шүгэлдэв-

Тамхи нийгмийг талцуулдаг сэдэв болоод удаж байна. Жилдээ 4000-6000 иргэн уушги, зүрх судасны өвчлөлөөр хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Манай улсын тамхины хэрэглээг дэлхийн улс орнуудтай харьцуулахад эхний 10 дугаар байрт орж байгаа нь хэрэглээ ямар байгааг илтгэж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 43.7 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь янжуур тамхийг тогтмол хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан. Харамсалтай нь 13-15 насны хүүхдүүдийн 14 хувь нь утаат тамхи, 3.4 хувь цахилгаан тамхи хэрэглэж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрчүүдийн наслалт эмэгтэйчүүдээс 9.5 жилээр бага байгаа нь архи, тамхины хорт зуршлаас үүдэлтэй. Хорт хавдрын шалтгааны 36 хувь нь тамхитай холбоотой” гэдгийг “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганд онцолж хэлсэн. Эндээс үзэхэд тамхины хэрэглээг бууруулах нь үндэсний хэмжээний бодлого хэрэгжүүлэх ажил болчихоод байгааг харуулж байна.

Сүүлийн хоёр жил иргэд, ээж аавууд төдийгүй парламентын гишүүд тамхитай тэмцэх шаардлага байгааг хэлж, өсвөр насны хүүхдүүд цахилгаан тамхи хэрэглэж байна гэх шүүмж гарсан. Боловсролын салбарын асуудлыг 2022 оны 5 сард хэлэлцэх үед БСШУС-ын байнгын хорооны гишүүд сургуулийн орчинд сурагчид цахилгаан тамхи хэрэглэж байгааг хэлж, хуулийн төсөл оруулж ирэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. Үүгээр сэдэлжин Тамхины хяналтын тухай хуулийн төслийг 2022 онд боловсруулсан. Хуулийн төслийг Эрүүл мэндийн яам хариуцан тухайн үед сайдаар ажиллаж байсан С.Энхболд ажлын хэсгийг ахалж байсан. Хачирхалтай нь Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хав дарагдаад 2 жилийн нүүр үзлээ. Худалдаа эрхлэгч болон иргэд, төрийн бус байгууллагуудаас цахилгаан тамхинд татвар тогтоолгох хүсэлт, үндэслэл бүхий саналаа боловсруулаад яаманд удаа дараа өгдөг ч хоёр жилийн хугацаанд Тамхины хяналтын тухай хууль анхны хувилбараараа хадгалагдсаар байгаа аж.

Уг хуулийн төсөлд янжуур тамхины онцгой албан татварыг 836 төгрөг, харин цахилгаан тамхийг 12,000 төгрөг байхаар тусгасан байна. Гаднын улс оронд цахилгаан тамхи, халаадаг тамхи, никотин агуулсан бохь, наалт зэргийг никотин агуулсан бүтээгдэхүүн гэж тамхинаас тусдаа бүтээгдэхүүн гэж хуульдаа тусгадаг. Дэлхийн 132 улсад мөрдөгдөж буй татварын хэмжээг харж үзвэл Никотин агуулсан бүтээгдэхүүнийг  утаат, янжуур тамхитай харьцуулахад 75-80 хувь орчим бага татвар ногдуулж байна.  Гэтэл ЭМЯ-наас боловсруулж буй Тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд одоогоор мөрдөж буй янжуур тамхины гааль, онцгой албан татвар болон НӨАТ одоогоор 1425 төгрөг байгааг 2435 төгрөг болгож нэмэгдүүлэх бол цахилгаан тамхины татварууд болох гааль болон НӨАТ-ын татвар 1488 төгрөг байгааг 12.000 төгрөг болгож нэмэгдүүлснээр янжуур тамхинаас долоо дахин өндөр татвар ногдуулах тооцоолол танилцуулжээ. Манай улсын хувьд ийм харьцангуй татвар тавьж байгаа нь утаат тамхины хэрэглээг дэмжсэн үйлдэл мэт харагдаж байна. УИХ-ын гишүүд ч утаат тамхины хор хөнөөлийн талаар дурдахгүй мөртлөө эхийн хайр, энэрэл үзүүлж буй дүр эсгэн зөвхөн цахилгаан тамхийг шүүмжилж байгаа нь учир дутагдалтай харагдаж байна.

Нэмж хэлэхэд ДЭМБ-аас хамгийн сүүлийн үед “электрон никотин дамжуулах систем”-ийг 18-аас дээш хүнд хэрэглэх зөвлөмж гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мөн адил 18 нас хүрээгүй иргэнд цахилгаан тамхи худалдаалахгүй гэсэн шийдвэрийг 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлээр танилцуулсан.

Иймд Өмгөөллийн ЭМ ЖИ ЭЛ КОНСАЛТИНГ ХХК хуулийн фирмийн хуульчид дараах дүгнэлтийг гаргажээ.

“УИХ 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орж, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон баталсан. Мөн УИХ 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Тамхины хяналтын суурь  конвенцид нийцүүлэн баталсан. Уг хуульд 2012 онд 1 удаа, 2015 онд 3 удаа, 2019 онд 1 удаа, 2022 онд 2 удаа, 2023 онд 1 удаа нийт 8 удаа нэмэлт өөрчлөлт оруулснаас 4 удаагийн өөрчлөлт нь бусад хуулийг дагаж оруулсан өөрчлөлт байна.

Харин 2022 оны 1 дүгээр сарын 22-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор  Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн байдаг. Уг Тамхины хяналтын тухай хуулийн 3.1.1-д татах, сорох, зажлах буюу үнэрлэх зорилгоор  хэрэглэж болох тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон шатааж сорох зориулалтаар үйлдвэрлэсэн тамхины бүтээгдэхүүнийг хэт өргөн хүрээнд тодорхойлж никотин дамжуулах системтэй хольж тамхин бүтээгдэхүүн гэж хавтгайруулан нэрлэсэн байна. Тэгвэл тамхины хяналтын суурь конвенцийн танилцуулгын 1.1.е-д “Тамхин бүтээгдэхүүн гэдэг нь татах сорох, зажлах буюу үнэрлэх зорилгоор  хэрэглэж болох тамхины навчийг бүхэлд нь буюу  хэсэгчлэн түүхий эд болгон шатааж сорох зориулалтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ” гэж заасан нь  өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тамхины хяналтын тухай хуулийн 3.1.1-д заасан зохицуулалттай бүрэн нийцэж байна. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Гэтэл олон улсын гэрээнд заасан зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжтой зөрчилдүүлэх нөхцлийг дээрх хуулийн төсөлд тусгасан байна. Монгол Улс Тамхины суурь конвенцид нэгдэн орсон орны хувьд никотин дамжуулах систем буюу никотин агуулсан бүтээгдэхүүний конвенци зөрчин тамхин бүтээгдэхүүн гэж  хуулийн төсөлд тодорхойлсон нь үндэслэлгүй байна гэж дүгнэлт гаргажээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2023 онд хийсэн Тамхины тархалтын судалгаагаар никотин дамжуулах систем буюу никотин агуулсан бүтээгдэхүүн гэдэг нь никотинтой шингэнийг ууршуулан уур болгон сорох зориулалттай бүтээгдэхүүн хэмээн тусдаа бүлэг болгож тодорхойлсон байх бөгөөд тамхин бүтээгдэхүүнээс тусдаа ойлголт юм. ДЭМБ-аас уг бүтээгдэхүүнийг тамхи гэж тодорхойлсон албан судалгааг танилцуулаагүй. Электрон никотин дамжуулах систем буюу никотин агуулсан бүтээгдэхүүн гэж нэрлэж байгаа юм байна.

Иймд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тамхи болон никотин дамжуулах системийг тусад нь тодорхойлж хуульчлах ёстой гэдгийг хуульчид дүгнэж байна.

Хоёр өөр бүтээгдэхүүнийг нэг агуулгад багтааж тодорхойлсноор олон улсын гэрээ зөрчих төдийгүй хуулийн хэрэглээнд зөрчилтэй байдал бий болгож улмаар Үндсэн хуулийн зөрчил үүсгэхээр байна гэж хуулийн фирмийн хуульчид үзжээ.

 

МАНАЙД ОХУ, КАЗАКСТАН УЛС ХАЙРЦАГ “CASTER”-ЫГ ТАЛ ҮНЭЭР “БЭЛЭГЛЭХ”-ИЙН УЧИР

 

Дараагийн нэг хуудуутай асуудал нь Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт орох сургаар Казакстан, ОХУ-ын тамхи үйлдвэрлэгч нараас манай улсын янжуур тамхины импортлогчдод өөрсдийн эрх ашгийг хуульд тусгуулахын тулд 25 тэрбум төгрөгийн өртөг бүхий янжуур тамхийг Монгол Улсад оруулж ирсэн гэдгийг иргэн шүгэлдлээ. /Эх сурвалж нууц.мн мэдээллийн сайт/

Өөрөөр хэлбэл, Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр иргэдээс санал авах үеэр дээрх үйл явдал өрнөсөн гэв. Тухайн иргэн хэлэхдээ “Манай улсад хямд үнээр маш их хэмжээний янжуур тамхийг оруулж ирсэн. Нэг хайрцаг caster тамхийг 3400 төгрөгөөр оруулж ирээд иргэдэд 6500 орчим төгрөгөөр борлуулдаг байсан бол хуулийн төсөл оруулж ирэх сургаар 1700 орчим төгрөгөөр оруулж ирээд харин зарахдаа 6500 орчим төгрөгөөр зарж байгаа. Ингэснээр “Волтам” ХХК оруулж ирсэн янжуур тамхинаасаа хамгийн багадаа 7.5 сая ам.доллар буюу 25 орчим тэрбум төгрөгийн орлого олсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Казакстан, ОХУ зэрэг томоохон тамхи үйлдвэрлэгч нар манай улсын тамхи импортлогч нарт ийнхүү тамхиар “бэлэг” барьсан нь хуулийн төслийг боловсруулж эхлэхтэй зэрэгцэж болсон үйл явдал гэдгийг дахин тодотгоё. “Тэгвэл энэ мөнгийг Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцэж эхлэх үеэр лоббиндоо ашиглах гэж байна” хэмээн дээрх иргэн шүгэл үлээсэн юм. Иймд Ерөнхий сайд аа, нийгмийг талцуулсан Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцэхгүй байгаа нь хэн нэгэн, бүр гаднаас лобби явуулж, боомилчихоод байгаа юм биш биз ээ.

Тамхи эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймдээ ч олон улс тамхины хэрэглээг бууруулахаар тэмцэж байгаа. Тухайлбал, Англи улсын 2013 онд тамхины хэрэглээ 36 хувьтай байхад ЭМЯ-наас утаат тамхины татварыг огцом нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр 10 жилийн дотор 12 хувь болж буурсан. Цаашид Англи улс 2030 он гэхэд тамхины хэрэглээг 5 хувь болгож бууруулах зорилт тавин ажиллаж байна.