Баатарын НЯМСҮРЭН

 

Хүүхэд нас гэдэг дурсамж дүүрэн, хамгийн гэгээн, амьдралын мартагдашгүй үе билээ. Энэ үеийн дурсамж хүн бүрийн сэтгэлд том орон зайг эзэлдэг. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Миний хүүхэд нас” буландаа Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Баярцэцэгийг онцолж байна.

 

Хүршгүй зүйлийг мөрөөдөл гэнэ

 

-Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн. Манайх ам бүл есүүлээ. Би долоон хүүхэдтэй айлын нэг нь.  Өнөр олуулаа сайхан дурсамжийг бүтээжээ. Гэхдээ ээж минь ах эгч нараас минь илүү намайг хайрлаж, эрхлүүлж өсгөсөн дөө. Бага байхын дуулдаг, авьяастай охин байлаа. Гэр бүлийнхэн маань концерт тоглож хөгжилдөнө. Тэр үе минь дурсамж болж үлджээ. Манай гэр бүлийнхэн бүгд  авьяастай ч урлагаар явсан нь би. Манай элэнц өвөө Богд хааны дуучин байсан юм билээ. Мөн эмээгийн удмынхан бүгд л сэцэн цэлмэг хоолойтой сайхан дуулдаг хүмүүс байсан гэдэг. Төрийн дуучин хүний авьяасыг үргэлжлүүлж яваадаа талархдаг.  Хүүхэд байхдаа санхүүч, эмч болно гэж их мөрөөднө. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд элсэхдээ урлагийн мэргэжил сонгосон түүхтэй. Хүршгүй зүйлийг мөрөөдөл гэж нэрлэдэг. Багын минь бас нэгэн мөрөөдөл сансарт нисэх. Энэ мөрөөдөл одоо хүртэл биелээгүй л явна. Хойшдоо ч биелэхгүй бизээ. 

 

Хүүхэд бүр аз жаргалтай байгаасай

 

Наймдугаар анги төгсөх хүртлээ нутагтаа амьдарсан түүхтэй. Миний нутаг ОХУ-ын хилтэй ойрхон оршдог онцлогтой. Намайг хүүхэд байхад суманд минь Орос  хүмүүс амьдардаг байлаа. Эргээд бодоход аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдарч байсан нь том тансаглал байж дээ. Гэр бүл элэг бүтэн байхад юу ч тохиолдсон даваад гарна. Сайн сайхныг бүтээж чаддаг. Ах, эгч нар минь өдгөө тус тусын амьдралтай болсон ч нэгнээ гэсэн сэтгэлтэй.  Би  өсвөр наснаасаа өмнө их нээлттэй охин байлаа. Харин өсвөр наснаас хойшоо дотогшоо чимээлсэн даруухан нэгэн болсон.

Хүн бүр хүүхэд насандаа буцаж очихыг мөрөөддөг.  Хүний амьдралын хамгийн гэгээн үе хүүхэд насанд тохиодог гэдгийг ойлгож явна. Тэр үед сэтгэл ариун, аз жаргалтай байдаг шүү дээ. Бүхнийг эерэг гэгээнээр хардаг сүү шиг үе гэж тодорхойлмоор байна. Би хүүхэд бүр аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Миний бодож явдаг зүйлийн нэг нь эхээс мэндэлж байгаа үр бүхэн хайрлагдах эрхтэй төрж байгаа. Мөн хийхийг хүссэн, дуртай зүйлээ бүтээж амьдрах хамгийн чухал. Өөрийн бодож төлөвлөснөө гэр бүлийнхэнтэйгээ ярьж хуваалцах хэрэгтэй. Олон зүйлийг туршиж үзээд дуртай зүйлээ олоод ирээдүйд жаргаж хөдөлмөрлөхийг эх орны ирээдүй болсон хүүхдүүддээ захимаар байна. Хүнд олон сонголт гарч ирнэ. Тэр бүгдийг туршиж үзээд өөрийгөө танихыг, эрхэмлэхийг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 64 (7308)