Баатарын НЯМСҮРЭН 

 

Урин цаг айлчлан, байгаль дэлхий өнгөө засаж, үндэстэй бүхэн дэлгэрэх энэ цагт Найрамдлын Дархан хотыг зорилоо. Өдгөө залуучуудын хот хэмээн нэрлэгдэж, хөгжил цэцэглэлтээрээ түүчээлж яваа Дархан-Уул аймагт хөдөлмөр гавьяагаараа гайхагдсан эрхмүүд цөөнгүй. Түүний нэг нь “Залуучууд” театрт олон жил нэр төртэйгөөр ажиллаж, гавьяаны амралтдаа суусан Соёлын тэргүүний ажилтан, найруулагч, орчуулагч М.Цогт. Түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Театрын тайзнаа мандан бадарч, ажил хөдөлмөрөөрөө гайхагдсан “эгэл” эрхмийн урлагт үнэнчээр зүтгэсэн он жилүүд, амьдралын түүхээр аялъя. 

 

Гэр бүлийн авьяасаа өвлөсөн нь 

Нийтлэлийн баатар М.Цогт 1957 оны тахиа жил Улаанбаатар хотод айлын гурав дахь хүүхэд болж мэндэлжээ. Тэрээр мэдээ орсон цагаасаа урлагаар хүмүүжсэн гэдэг. Учир нь найруулагч М.Цогтын аав Б.Мижиддорж Монголын театрын алтан үеийн жүжигчдийн нэг. БНМАУ-ын гавьяат жүжигчин, олон түмэнд “Цоохор” хэмээн алдаршсан уран бүтээлч байв. Б.Мижиддорж гуайг "Цогт тайж", "Тунгалаг тамир", "Тууврын замд" киноны дүрээр хүмүүс андахгүй мэднэ. Олон дүрд ажиллаж үзэгчдийн  хүндлэлийг хүлээсэн жүжигчин байжээ. М.Цогтын ээж нь мөн л жүжигчин мэргэжилтэй. Драмын театраас ажлын гараагаа эхэлсэн авьяаслаг бүсгүй сэтгүүлч мэргэжил эзэмшиж Монголын Үндэсний телевизийн ууган ажилчдын нэг болсон гэдэг.  Урлагийн гэр бүлд өсөж торнисон хүүхэд уран бүтээлч болох нь бий. Үүний адил М.Цогт гэр бүлийнхээ мэргэжлийг өвлөж урлаг хэмээх их айлтай амьдралаа холбожээ. Дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохдоо уул уурхайн инженерээр суралцжээ. Ингэхдээ Намын даалгавар эвлэлийн илгээлтээр Орхон аймагт очсон байна. Нэг удаа барилгын салбарт ажиллаж байхдаа концертод хөгжмийн төрлөөр оролцсон аж. Энэ үед С.Удвал гуай ирж үзээд аймгийн даргад нь хандаж залуучуудаа урлагаар хичээллүүлэхийг зөвлөхдөө М.Цогтыг ихэд онцолсон байна. Дарга нь түүнийг нийслэл хотод очиж урлагийн сургуульд элсэх шалгалт өгөхийг зөвлөжээ. Шалгалтдаа хэсэг хугацаанд бэлдсэний эцэст ОХУ-ын Москва хот руу дөрвөн жилийн хугацаанд Гнесины нэрэмжит хөгжмийн сургуулийг Оперретта буюу хошин дуурийн жүжигчин мэргэжлээр суралцаж дүүргэжээ. Урлагийн замналыг сонгосон түүхийг нь сонирхоход “Би азтай хувь тохиолоор урлагтай холбогдсон. Харин аав минь намайг жүжигчин болсонд баярлаагүй байх. Энэ тухай ямар нэгэн зүйл хэлээгүй. Намайг Дархан-Уул аймагт ажиллаж амьдрахад аав нөлөөлсөн. ОХУ-д сургууль төгсөөд ирэх үед томилолтоор хуваарилсан. Тухайн үед Драмын театрын дарга ажилд орохыг зөвлөсөн. Гэтэл аав  Дархан хотод И.Нямгаваад хариуцуулж өгнө гэж билээ. Би ч үг дуугүй зөвлөгөөг нь дагасан” гэлээ.  1980 онд Дархан-уул аймгийн “Залуучууд” театраас ажлын гараагаа эхэлжээ.

Гавьяат жүжигчин Б.Мижиддоржийн гэр бүл, 1972 он.

 

 

Түүний аав  алсын бодолтой хүн байж. Учир нь тухайн үед гадаадад сургууль төгссөн хүн өндөр албан тушаалд ажиллах ёстой байсан үе санж. Аав нь аливааг багаас нь эхлэх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталж “Залуучууд” театрт дагалдан хөгжимчнөөр ажилд оруулжээ. Энэхүү ажлаа хоёр сар хийгээд драм руу оржээ. Түүнийг драмд туршлагатай уран бүтээлчид угтаж авсан гэдэг. Энэ үед уран элэглэлийн “Элгэн цамц” хэмээх жүжгийг анх тавихаар зэхэж дүр хуваарилах үетэй нь таарч. Ингэж л тус жүжгийн дүрээр тайзнаа анх гарсан удаатай. Тухайн үеийн “Залуучууд” театрын найруулагч И.Нямгаваагийн тухай М.Цогт дурсахдаа “Хүний хийгээгүйг сэдэж, шинийг эрэлхийлдэг. 1980-1990-ээд оны авьяаслаг залуу найруулагчдын нэг. Олонд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч” гэсэн юм. М.Цогтын анхны тайзнаа гарсан дүрийг жүжигчин Э.Оюун гуай шүүмжилсэн нь М.Цогтод илүү хичээх, хөдөлмөрлөх сэдэл өгсөн нь лавтай. 

ОХУ-ын Ленинградад сурч байсан Монгол оюутнууд.

 


Хоёр жилийн хугацаанд жүжигчнээр ажилласны дараа түүний найруулагч нь дахин сурахыг зөвлөсөн байна. Улаанбаатар хотод ирж шалгалт өгч хоёр дахь сургуульдаа сурахаар зэхэж. 1982-1987 онд ОХУ-ынн Ленинград хотын ЛГИТМИК буюу Театр, кино, хөгжмийн дээд сургуульд драмын найруулагчаар Г.А.Товстоноговын удирдлага дор суралцжээ. Сургуулиа төгсөж ирэх үед нь “Залуучууд” театрын найруулагчид хотын  театр руу ажиллахаар явсан байна. Тиймээс М.Цогт 1987 оноос “Залуучууд” театрын найруулагчийн албанд томилогджээ. Харин 1991-1993 онд театрын даргаар ажилласан гэдэг. Даргын ажлаа амжуулахаас гадна уран сайхны удирдагч хийнэ. Нэгэн цаг үед орон нутгийн театр төсөв мөнгөгүй хэцүү үетэй нүүр тулжээ. Энэ үед М.Цогт театрын үйл ажиллагаагаа зогсоогүйгээр авч гарсан. Дараагийн даргад албан тушаалаа хүлээлгэж өгөхдөө театраа хуримтлалтай болгоод өгсөн аж. 1993 оноос ерөнхий найруулагчаар 30 жил ажиллаад гавьяаны амралтдаа суужээ.

 

 

“Гэгээн муза” наадмын шилдэг найруулагч 

 

Хөдөлмөрч найруулагч М.Цогт театрын алтан тайзнаа ажиллах хугацаандаа драмын жүжгүүд, дуурь, дуулалт жүжгүүд, хүүхдийн жүжгүүд, концертуудаараа олны хүндлэлийг хүлээсэн. Тухайлбал, А.Вампиловын  “Хэрээт төгөл”,  Д.Төрбатын “Улаан зурвас”, Л.Зорины “Үл танигч”, Ш.Гүрбазарын “Нүгэл”, Ш.Башбековын “Төмөр хүүхэн”, Пьер Шеногийн “Бурхан өршөөг!”,  Н.В.Гоголийн “Тоглоомчид” тэргүүтэй 40 гаруй жүжиг олны хүртээл болгожээ. Мөн 30 гаруй концертыг найруулсан байна. Хорь гаруй жүжгийн зохиол, олон киног монгол хэлээр хөрвүүлсэн гавьяа ч бий. Авьяаслаг найруулагч М.Цогт жил бүр зохион байгуулагддаг шилдэг бүтээл шалгаруулах “Гэгээн муза” наадмын шилдэг найруулагчаар шалгарсан удаатай. Мөн  Шараф Башбеховын “Төмөр хүүхэн” Пьер Шеногийн “Бурхан өршөөг!”, Н.В Гоголийн “Тоглоомчид” жүжгээрээ тусгай байрын шагнал хүртсэн. Харин 2013 онд “Гэгээн муза” 10 дахь удаагийн наадамд шүүгчээр уригдан ажилласан билээ. Урлагийн “акулууд” ур чадварыг нь шагшин магтдаг ч М.Цогт магтаалыг зөв талаас нь хүлээн авч илүү хөдөлмөрлөдөг байна. Мөн үргэлж ном уншиж, сурч мэдэхийг эрмэлздэг. Гэрийн номын санд нь урлагийн номууд илүүтэй байдаг гэнэ лээ. Зөвхөн ном уншаад зогсохгүй судалгаа хийж Дэлхийн улс орнуудын жүжгийн зохиолыг орчуулж олонд хүргэж буй. Тиймдээ ч хойч үедээ бусад улсын театрын онцлог шинжийг таньж мэдүүлэхийг зорилгоо болгосон нь энэ. Түүний нэгэн бахархам чанар нь идэвх зүтгэлтэй, ажлаас хойш суухыг мэддэггүй. Орон нутгийн найруулагчдын ажлын онцлог  ачаалал ихтэй. Тухайлбал, театрын тайзнаа концерт тоглолт, драмын жүжиг тавигдахад найруулагч оролцоно. Найруулагч мэргэжлийн ур чадвар, мэдлэгээс гадна удирдан зохион байгуулах, бусадтай ойлголцох чадвар чухал. Эдгээрт суралцсан уран бүтээлч олонд хүндлэгдэж уран бүтээлээрээ танигддаг нь жам гэлтэй. М.Цогт бүхий л цаг үед хамт ажиллаж туршлага, сургамж үлдээсэн хүмүүстээ үргэлж талархаж явдаг гэнэ. Найруулагч болоход анхны концертын цомнолыг нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан бичсэн түүхтэй. Харин хөгжмийн зохиолчоор нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог ажилласан байна. М.Цогт олон алдартай уран бүтээлчтэй хамтарч  ажиллажээ.  Эндээс харахад “Залуучууд” театр чанартай бүтээл туурвидаг байсан нь тод харагдана. Тус театр жилд дөрвөн уран бүтээл туурвих ёстой. Зарим жил бүх бүтээлийг найруулах үе М.Цогтод байжээ. Үүн дээр концерт, тоглолт нэмэгдэхээр ажлын ачаалал дунд дурсамж бүтээсэн бахархам түүх түүнийх. Гэхдээ шантралгүйгээр чанартай уран бүтээл хийхийг эрхэм зорилгоо болгон хөдөлмөрлөжээ. “Залуучууд” театраас гурван удаа М.Цогтыг урлагийн гавьяат  зүтгэлтэн цол олгохоор тодорхойлж явуулсан байна. Гэвч одоог хүртэл хариу нь ирээгүй аж. Энэ талаар “Аливаа шагналыг гуйж биш хийсэн бүтээснээ үнэлүүлж авах чухал” гэлээ. Тэрээр өөрийгөө тодорхойлохдоо залуу насандаа зоригтой байсан. Дунд насанд ухаан сууж, өтөл насанд илүү туршлагажсан гэж онцолсон юм. 

 

 

 

“Залуучууд” театраас заяаны  ханьтайгаа учирчээ 

 

Авьяаслаг найруулагч М.Цогт 1980 онд “Залуучууд” театраас амьдралын ханьтайгаа танилцаж гал голомтоо бадраажээ. Тэд өдгөө 44 өвлийг үдэж, 44 хавартайгаа золгож байгаа. “Залуучууд” театрын тайзнаа амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулж урлагт үнэнчээр зүтгэсэн гавьяатай. М.Цогтын гэргий мөн л урлагийн мэргэжилтэй. Соёлын ордноос ажлын гараагаа эхэлсэн үзэсгэлэн төгөлдөр, авьяаслаг бүжигчин бүсгүй ажээ. Түүнийг гавьяат жүжигчин С.Соёл-Эрдэнэ гэдэг. Хөгжим бүжгийн сургуулийн анхны ардын бүжгийн ангийг төгссөн ажээ. Тус ангиас одоогоор таван гавьяат төрсөн байна. Нэг гэр бүлийн хоёр урлагийн мэргэжилтэй байх нь олон давуу талтай. Нэгнийхээ ажил мэргэжлийн сайн ойлгох их ухаан тэдэнд бий. Эхнэрийнхээ тухайд М.Цогт “Намайг магтах хүн олон бий. Хань минь  хамгийн том шүүмжлэгч. Тэрээр их зарчимч. Миний туурвисан уран бүтээлийг чанартай болгоход их анхаарч зөвлөдөг” хэмээн ярьсан юм. Тэд хоёр охин төрүүлж, өсгөсөн байна. Гэвч тэд урлагийн мэргэжил сонгоогүй аж. Хоёр охин нь өсөж том болоод мэргэжлээ сонгох болоход аав нь урлагийн мэргэжил эзэмшихийг зөвшөөрөөгүй байна. Урлагийн замнал хатуу, жаргал зовлонг нь биеэрээ мэдэрч туулсан болохоор тэр биз. Орон нутгийн театрт насаараа ажилласан М.Цогт “Манай театрт тулгамддаг асуудал бол боловсон хүчний дутагдал. Мөн бага үзэгчидтэй. Мөн төсөв мөнгө нь уран бүтээлийн чанар, тоонд нөлөөлдөг” гэлээ.

 

Уран бүтээлч хөгжиж суралцах чухал 

 

Театрын урлаг бол үзэж ойлгодог онцлогтой. Мэргэжлийнхээ тухайд нийтлэлийн баатар “Уран бүтээлч туурвиж буй бүтээлээрээ дамжуулж хүмүүст аливааг ойлгуулж, ухааруулах чухал. Үүний түрүүнд хүн байх, иргэн болж төлөвших хэрэгтэй. Амьдралын олон өнгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч бусдад түгээх ёстой” гэв. Тиймдээ ч театрын уран бүтээлчдээ хөгжиж суралцахыг захидаг аж. Мөн ном уншихыг зөвлөдөг байснаа онцолж байв. Хүн одоо хийж байгаа ажил, амжилтдаа ханаж болохгүй. Хэрэв ханаад эхэлбэл хөгжиж дэвшихгүй гэдгийг М.Цогт үргэлж бодож явдаг, хойч үедээ ч захидаг.  Эдүгээ театрт  судлаач, зохиолч ховордсоныг ч онцлов. Соёлын тэргүүний ажилтан М.Цогт туурвисан жүжиг, тоглолтоо урлагийн бүтээл болж чадсан эсэхийг дүгнэж, алдаанаасаа суралцсаар өдий хүрчээ. Ямар асуудал хөндөж хүмүүс юу хүргэв, бодол сэтгэлийг нь ариусгаж чадсанаар нь урлагийн бүтээл хэмжигддэг байна. Хүмүүсийн үнэлэмжээр аливаа бүтээлийн чансаа тодорхойлогддог  болохыг хашир найруулагч ойлгож суралцсаар явна.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 63 (7307)