Б.ЖАВХЛАН
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт тав, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтад 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамруулсан байна.
Зөрчил холбогдсон гадаадын 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), дөрвөн уригч иргэн (дөрвөн иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, таван аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 87 иргэнийг албадан гаргасан байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй буцааж, гурван иргэнийг хилээр гаргалгүй буцаажээ.