Баатарын НЯМСҮРЭН 

 

“Зууны мэдээ” сонин “Zero waste” буландаа Дархан-Уул аймгийн “Боргил” брэндийг онцоллоо. Тус үйлдвэр  өөх ашиглан органик саван үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. 

 

“БОРГИЛ” БРЭНД ИНГЭЖ ҮҮСЖЭЭ 

“Боргил” брэнд нь 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Цар тахал үргэлжилж байсан үед Ш.Түмэндэлгэр брэндээ үүсгэн байгуулсан байна. Тэрээр “Монголчууд импортын бүтээгдэхүүнээс хэт хараат болсон. Өмнө нь савангаа үйлдвэрлээд хэрэглэдэг байсан гэдгийг ч мартчихсан гэхэд буруудахгүй байх. Тиймээс ядаж савангаа үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэж бодсон” гэв. Хүүхдээ хараад гэртээ сууж байсан тэрээр онлайн сургалтад хамрагдаж эдийн саван хийж эхэлжээ. Гэрийн нөхцөлд хийсэн савангаа өөрөө хэрэглэхэд харшил өгөхгүй байсан учраас хүмүүст түгээх хэрэгтэй гэж бодсон аж. Ингээд ойр дотнын хүмүүстээ савангаа хэрэглүүлж сэтгэл ханамжийн судалгаа авснаар “Боргил” брэндээ бүтээхээр сэтгэл шулуудсан тухайгаа ярьж байлаа. Хэрэглэсэн хүмүүс надад урам зориг өгч, амжилт хүссэн. Үүнээс урам авч савангаа олноор үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх болсон гэдгээ хэлэв. Жижигхэн талбайтай ажлын байр түрээслэн саван үйлдвэрлэж эхлэхдээ нэр төрлийг нь олшруулан өөр ижил төстэй бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн аж. Тухайлбал, биеийн гуужуулагч, ванны бөмбөлөг, эко лаа үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 

 

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ҮЙЛДВЭРЭЭ ӨРГӨТГӨЖЭЭ

Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл олшрохын зэрэгцээ үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байх үедээ АНУ-ын төсөл хөтөлбөрт хамрагдаж санхүүжилт авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн гэдэг. Гоо сайхны таван төрлийн саван, гал тогоо, эдийн саван үйлдвэрлэж буй тус үйлдвэр өдөрт 500 ширхэг саван үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Ийнхүү үйлдвэрлэлээ өргөжүүлэхдээ өөх хайлуулах цех байгуулсан байна. Түүнчлэн байгууллагуудтай хамтран хог хаягдлын аян зарлаж, савангийн түүхий эд болох өөхийг цуглуулжээ. 
Мөн аяга, таваг угаадаг савангаа борлуулахдаа угаагч алчуурыг хамт худалдаалдаг байна. Ингэхдээ гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэн угаагч алчуурыг хийлгэдэг аж. Түүнчлэн тэд Дархан-Уул аймгийнхаа бөөний худалдааны төвүүдтэй хамтарч ажиллан бүтээгдэхүүнээ борлуулдаг юм билээ. 

 

“БОРГИЛ” БРЭНД БАЙНГЫН ХЭРЭГЛЭГЧТЭЙ

Савангийн гол түүхий эд нь өөх. Үүнийг цуглуулахдаа анх хүмүүсээс хүнсэндээ хэрэглэдэггүй өөхийг граммаар нь үнэлж авахдаа савангаар сольдог байна.
Түүнчлэн бэлэн тосыг арай өндөр үнээр авна. 
“Боргил” брэнд өдгөө байнгын хэрэглэгчтэй болсон бөгөөд саванг нь хэрэглэсэн хүмүүс харшил өгөхгүй, хөөсрөлт сайтай байна хэмээн сайшаадаг тухай үүсгэн байгуулагч Ш.Түмэндэлгэр ярьж байна. Тэр ч бүү хэл эдийн саван нь хувцас сайн өнгө оруулдаг, уусалт багатай хэмээн хэрэглэгчид хэлдэг байна. 
Савангийн гол түүхий эд малын тос хэдий ч үнэр оруулах ямар нэгэн бодис ашигладаггүй хэмээн тэрээр онцолж байлаа. “Органикаар нь хэрэглэгчдэд хүргэж байгаа нь бидний давуу тал. Хүн өдөр тутмын амьдралдаа органик бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Мөн манай саван нярай хүүхдийн өлгий, даавуу, хувцсыг угаахад тохиромжтой. Арьсандаа тосон суурьтай саван хэрэглэвэл хуурайшихгүй” хэмээн тайлбарласан юм. 

 

ГИТАРЫН УТСААР САВАНГАА ЗҮСДЭГ

Өөх хайлуулж тос болгоод саван бэлэн болохгүй гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тэгвэл саван эцсийн бүтээгдэхүүн болж гарах сүүлийн дамжлага нь хатаалт. Тус үйлдвэрийнхэн нэг сарын хугацаанд тохирсон хэмд хатааж хэрэглэгчдэд хүргэдэг. Ингээд саван төрлөөсөө хамаарч хатаалтын хугацаа янз бүр байдаг аж. Тухайлбал, нүүр гарын саванг 45 хоногийн хугацаанд хатаадаг байна. Ингэснээр хөөсрөлт сайтай, уусалт бага цагаан өнгөтэй саван болдог тухай тэд хэлж байв. Мэдээж орц, найрлагын тунг тааруулах нь хамгийн чухал. Бүтээгдэхүүн бүртээ зориулж технологийн карт гаргаж хөтөлсөн нь тэдний ажлыг хөнгөвчлөх нэг онцлог. Үүний зэрэгцээ савангийнхаа чанарт онцгой ач холбогдол өгдөг. Түүнчлэн хаягдал бүтээгдэхүүнийг эко эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхийн зэрэгцээ сав, баглаа боодолдоо ч анхаардаг тухай ярьж байв. Тиймээс цаасан уут ашигладаг ажээ. 
Үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний ажлыг илүү хөнгөвчлөхөд анхаарч байгаагаа Ш.Түмэндэлгэр хэлж байв. Зарим техникээ монголчлох маягаар бүтээсэн тухайгаа ч хэлэв. Тухайлбал, гитарын утас ашиглаж  савангаа зүсдэг аж. Тэрээр савангийн үйлдвэрээ кластераар хөгжүүлэхийг зорьж буйгаа ярьсан юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 62 (7306)