Д.ОЮУНЧИМЭГ 

 

Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоон, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулна хэмээн Алсын хараа 2050”-д тусгасан. Тэгвэл энэхүү ажлыг гүйцэтгэхийн тулд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай хэмээн “Шинэ сэргэлийн бодлогын Хурдасгуур төв”-ийн Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга Б.Аз хэлж байв. Тухайлбал, тэтгэвэрээ тогтоолгохын тулд 20 гаруй алхам хийнэ. Ингэхдээ зарим нь цахимаар шийдвэрлэгдэх боломжтой алхмууд  байна. Тиймээс тэтгэвэрт гарч байгаа хүмүүс явдал чирэгдэл ихтэй байгаа тухай гомдоллосоор ирсэн. Тэгэхээр процессын дахин инженерчлэл хийснээр зургаан алхам хийхэд л болох аж. 


Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Цэвэгжав тэтгэвэрт гарахаар хөөцөлдөж эхэлжээ. Тэрээр хагас сарын хугацаанд өдөртөө багадаа хоёр удаа нийгмийн даатгал руу явах ажилтай болсон гэнэ. Энэ нь түүнд сэтгэл зүйн хувьд дарамт учруулж байгаа тухай ярьж байлаа. 
Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль ч мөн шинэчлэгдсэнээр хэрэгжиж байгаа. 


Монголын хууль гурав хоног хүчинтэй гэдэг. Харин энэ удаагийн багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах хүрээнд нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн хугацаанд сургалт, сурталчилгаа чамгүй хийж, сургагч багш нарыг бэлтгэсэн тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг хэлж байв. Тэрээр мэдээллийн технологийн чиглэлээр хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой программ хангамжийг шинэчлэх, өөрчлөх ажлыг эхлүүлсэн хэмээн тайлбарласан байна.


Тэгвэл цахим орчны давуу талыг процессын дахин инженерчлэлтэй хослуулчихвал зургаан алхам хийгээд л болчихно. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс таван төрлийн үйлчилгээ авна. Иргэн хүсэлтээ өгнө. Хүсэлт материалыг үйлчилгээний ажилтан утсаар холбогдож цахимаар хүлээж авах боломжтой. Хүсэлтийг хүлээж авсны дараа боловсруулалтын ажилтан тооцоолол хийнэ. Ингээд зарлагын нэгжийн дарга нь хянаж баталгаажуулан, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнд утсаар хариуг нь өгснөөр тэтгэвэр авах эрх нь үүсэх юм байна. Үүний дараагаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын баримт бичиг боловсруулах төв шалган архивлахад болчихож байгаа хэрэг. 
Багадаа нэг сар зарим үед хоёр сар зарцуулдаг 20 гаруй дамжлагаар явдаг ажлыг шинэчлэл хийснээр утсаар ярьж, цахимаар бичигг баримтаа бүрдүүлснээр шийдвэрлэх боломжтой юм байна. 
Энэхүү шийдлийг “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв”-ийнхний хийсэн судалгааны үр дүнгээс харж болох нь. Бэрхшээлийг нь гарц, шийдэлтэй нь олоод өгчихсөн ажлыг төрийн байгууллага дотооддоо нутагшуулж ажиллах л үлдэж байгаа аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)