Х.МОНГОЛХАТАН

Амьдрал хүнд байна, амьдрахад хэцүү байна гэж ярих хүн олон байдаг. Харин өөрийн сонгосон ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж, ашиг орлогоо бага гэж чамлалгүй тууштай ажиллаж чадвал үр өгөөжөө өгч бусдаас илүү гарахгүй ч дутуугүй амьдарч болохыг харуулсан энгийн нэгэн айлд бид зочилсон юм. Зайсангийн автобусны буудлын жижиг дэлгүүрт нэгж зардаг Б.Отгонхүү эгчийг тэр хавийнхан андахгүй. Өглөө эртлэн хамгийн түрүүнд хаалгаа нээдэг энэ дэлгүүрийн эзэн тэрээр дэлгүүрээ ах дүүсдээ түрээслэн, өөрөө үүрэн телефон компаниудын гэрээт борлуулагчаар ажилладаг юм байна. Зөвхөн нэгж зарж олсон мөнгөөрөө XIII хороололд хоёр өрөө байртай, хөл дүүжлэх унаатай болж, дөрвөн ам бүлээрээ дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байгаа гэхээр танд итгэмээргүй санагдаж мэднэ. Тэгвэл Н.Батсүхийнх гэх Монголын эгэл жирийн нэгэн айлын амьдралын тойргоор хамтдаа зочлоё.
ТЭД ДУБАЙ РУУ МАРГААШ НИСНЭ
“Бидэнд сонин хэвлэлд бичүүлээд байх онцгой зүйл юу байх вэ. Эгэл жирийн л айл шүү дээ” гэсээр биднийг угтсан Б.Отгонхүү эгч ажлаасаа дөнгөж ирээд байв. Түүний хань Н.Батсүх ХААИС-д цахилгаанчнаар ажиллаж байгаад саяхнаас ЦЕГ-т орсон гэнэ. Харин том хүү Б.Мөнгөншагай нь Улаанбаатар их сургуулийн аялал жуулчлалын ангид сурдаг. Одоо “Жуулчин” компанид дадлага хийж байгаа аж. Бага хүү Б.Мөнгөнбаатар нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч.
Гэрийнх нь хойморт Дубай руу аялах эрхийн бичиг хүндтэй байр эзэлжээ. Учрыг лавлавал нийтлэлийн маань гол баатар Б.Отгонхүү эгч “Юнител” компанийн төлөвлөгөөгөө биелүүлж, сайн ажилласан 745 гэрээт борлуулагчдын дундаас азтан болж энэхүү эрхийн бичгийн эзэн болсон байна. “Honda fit” автомашин, Дубай руу аялах эрхийн бичиг хоёр, Оюутны төлбөрийн сая төгрөг, IPhone-5 гар утас таван ширхэг, Юнителийн модем таван ширхэгтэй энэхүү сугалаа үнэхээр шударга явагддаг юм билээ гэсээр бидний яриа эхэллээ.
Зун болохоор өөрийн болон нөхрийнхөө төрсөн нутаг Говь-Алтай, Архангай аймгаас эхлээд Монголынхоо үзэсгэлэнт байгалиар аялж, амралт сувилалд амарч өнгөрүүлдэг тэд хилийн дээс анх удаа алхахаар болсон нь энэ. Азтан болохынхоо өмнөх өдөр Солонгост ажиллаж, амьдардаг дүүтэйгээ утсаар ярин, урилга авахаар ярьж байсан аж. Гэтэл маргааш нь азтан болж аялал жуулчлал өндөр хөгжсөн, алт, машины орон гэгддэг Арабын нэгдсэн Эмирт улсыг зорих болсондоо сэтгэл өндөр байв. Элсэн дундаас үүсссэн энэхүү хотод одоо 28-35 градус байгаа гэсэн. Тиймээс нимгэн хөнгөн хувцас бэлдэж суув. Тэд маргааш буюу энэ сарын 22-нд яваад тав хоног Дубайгаар аялаад 26-ны шөнө ирэх юм байна.
ДӨРВӨН ОПЕРАТОРЫН САРЫН БОРЛУУЛАЛТ ЧАМГҮЙ ИХ
Б.Отгонхүү эгч өглөө 7.40 цаг орчимд дэлгүүрээ нээж, 16.00 цагийн орчимд гарч гэрээт борлуулагчдаараа тойрч, орлогоо цуглуулж явсаар 20.00 цагийн орчимд гэртээ ирдэг байна. Гэхдээ нэг үеийг бодоход ажил нь илүү амар болж байгаа гэнэ. Нэгж зарах, төлбөр тооцоогоо хийх, орлогоо авах гээд бүгдийг утсаараа амжуулдаг болсон нь ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх болжээ.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн холбооны дөрвөн компанийн гэрээт борлуулагч тэрээр анх 2003 онд Мобиком, 2008 оноос Юнител, Скайтел, Жимобайлын нэгжийг зарах болжээ. Зөвхөн Юнителийн нэгж зардаг 10 ширхэг дугаар түүнд бий. Тэднийгээ хүмүүст гэрээлж, энд тэндэхийн дэлгүүр заруулдаг байна. Сүүлийн үед зөвхөн карт гэлтгүй утаснаас нэгж шилжүүлэх, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн төлбөр авах зэргээр үйл ажиллагаа нь өргөжсөөр байгаа гэнэ.
Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд тэдний байнгын үйлчлүүлэгчид. Оюутнууд амраад явчихвал орлого нь эрс багасдаг гэсэн. Б.Отгонхүү эгч завсарлагаанаараа гарч ирсэн яаруу оюутнуудад үйлчилсээр хурдан шуурхай болсноо инээд болгон ярина. “Хоёр гартаа утас бариад зэрэг нэгж шилжүүлчихнэ. Намайг шалгах гэж утасны дугаараа хурдан хэлэхэд ч хэзээний бичиж амждаг” гэв.
Өдөр бүр орж гарсаар танил болсон тэр хавийн хүмүүст зарим үед нэгж зээлэх тохиолдол ч гарна. Гар утас хүмүүсийн чухал хэрэглээ болсныг нэгж борлуулалтаас харж болно. Өдөрт 500, 1000, 2000 нэгж цувуулж авсаар сард хэчнээн төгрөгийг утсанд зарлагадаж байгаагаа хүмүүс тэр бүр тооцдоггүй. Гэтэл Б.Отгонхүү эгчийн дөрвөн операторын сарын борлуулалт нь найман оронтой тоонд эргэлдэнэ. Монголд нэг утас барьдаг хүн ч ховор болж, дор хаяж хоёр түүнээс дээш гар утас барих болсонтой холбоотой. Нөгөөтэйгүүр сүүлийн үед үүрэн телефоны операторууд байр, машины сугалаа явуулж, олон шагнал урамшуулал зарласан нь борлуулалтыг өсгөжээ.
Гэхдээ энэ их мөнгөнөөс 3-5 хувь нь түүний ажлын хөлс болдог аж. Анх нэгж зарж эхлэхэд нь хүмүүс 2-3-хан хувийн төлөө ажиллана гэж юу байх вэ, ашиг олно гэж байхгүй гэдэг байж. Харин Б.Отгонхүү эгч бага гэж гололгүй зарсаар, хөдөлмөрийнхөө үр дүнг нь үзэж, амьдралаа ч дээшлүүлж чаджээ.
ЦАХИЛГААН БАРАА, ГАР УТАС, ДУГААРТ МӨНГӨ ЗАРЛАГАДДАГГҮЙ АЙЛ
Энгийн хэр нь тохилог хоёр өрөө байрандаа 2008 оны нэгдүгээр сард оржээ. Тухайн үед байрны ханш тэнгэрт гараагүй байсан болохоор 40 сая төгрөгөөр орон сууцаа худалдан авчээ. Дэлгүүрийн түрээс, нэгж зарсан орлогоо хуримтлуулж байрныхаа мөнгийг бүрэн олсон байсан ч ордер гарахгүй байсаар дөрвөн жил өнгөрчээ. Тэгээд байрныхаа мөнгөний 50 хувийг өгч, үлдсэнээр нь машин авчихаж. Тэгээд өнгөрсөн жил байрны ордероо гарсны дараа банкны зээл авч үлдсэн мөнгөө төлсөн байна. Одоо бол нэгж зарсан орлогоороо сард 400 мянган төгрөгийн зээлээ төвөггүйхэн төлөөд, өдөр тутмын хэрэглээндээ хангалттай хүрдэг гэнэ. “Би насаараа л худалдааны байгууллагад ажиллаж байна. Өөрөө дуртай болохоор энэ ажил маань надад хэцүү санагддаггүй” гэх тэрээр ажилдаа сэтгэл хангалуун явдаг нэгэн.
Аав нь насаараа худалдааны байгууллагад ажилласан болохоор хүүхэд байхаасаа энэ мэргэжилд сэтгэлтэй байж. Айлын бага охин тэрээр арван жилийн сургуулиа төгсөөд Анагаахын дээд сургуулийн хуваарь авсан ч аавтайгаа хуйвалдан Худалдааны техникумд оржээ. Завханы худалдааны техникумыг 1980 онд төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Дундговь аймагт очиж, ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй. Гурван жил ажиллаад Улаанбаатар хотод шилжин иржээ. Харин 1998 онд Зайсангийн автобусны буудлын хоёр ширхэг жижиг ТҮЦ-ийг хоёр сая төгрөгөөр худалдан авсан нь хувийн бизнесийнх нь эхлэл байв. Тухайн үедээ л багагүй мөнгө зарж тоосгон жижиг дэлгүүр болгон худалдаа үйлчилгээ явуулах бүх шаардлагад нийцүүлэн засч сайжруулсан байна.
Удалгүй тэднийх Зайсандаа хоёр давхар байшин бариулсан боловч гал гарч, хоёр давхар нь шатахдаа хоёр хүүхдийнх нь амийг авч оджээ. Үр хүүхдээ алдан сэтгэлийн шархтай болсон түүнд Улаанбаатар хотод байж чадахгүй хэдэн жил төрсөн нутагтаа амьдарчээ. Удалгүй том хүүгээ төрүүлэн дахин нийслэлд ирж энэ дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн байна. Хорвоогийн жаргал зовлон, хүнд хэцүүг хангалттай амссан Б.Отгонхүү эгч амьдралд сөхрөлгүй ажиллаж хөдөлмөрлөн, олонтойгоо явсаар өнөөдрийн зэрэгт хүржээ.
Тэрээр гэрээт борлуулагчдынхаа дунд эхний 10-т явдаг, үлгэр жишээч нэр хүндтэй нэгэн. Тиймээс үүрэн телефоны компаниудаас олон шагнал урамшуулал авч, басхүү азтан болж байжээ. Гэрийнхээ ихэнх цахилгаан бараа, утас, дугаарыг худалдан аваагүй гэсэн. Гэр бүлийн дөрвөн гишүүн дөрвүүлээ бүх сүлжээний утас барина.

Б.Отгонхүү:
ДӨРВӨН АЙЛЫН 30-ААД АМ БҮЛИЙГ ТЭЖЭЭДЭГ ДЭЛГҮҮРИЙГ МИНЬ ХААНА ГЭЖ ДАРАМТАЛДАГ
-Нэгжийн гүйлгээ сүүлийн үед харьцангуй сайжирсан гэлээ. Хүмүүсийн хандлага аль операторт ам сайтай байна?
-Сүүлийн үед хүмүүс “Юнител”-д ам сайтай байна. Мэдээж аль хямд тарифтай, үйлчилгээ сайтай руу хошуурах нь тодорхой. Урд нь цагаан утас дэлгүүр, гудамжинд их байсан. Одоо бол илт багассан. Хүн бүр дор хаяж хоёр утастай, бүр жаахан хүүхэд хүртэл гар утастай болсон болохоор нэгжийн эрэлт хэрэгцээ их байна. Нэгэнт нэгжээ зарах учраа олсон болохоор заавал ажил дээрээ суух ч албагүй болсон. Дэлгүүрийн худалдагчид борлуулчихна, утсаараа нэгж зарчихна. Одоо өөртөө аль болох цаг зав гаргаад, амарчлаад л байна.
-Хүн бүр өсч дэвжих, илүү сайн сайханд тэмүүлдэг. Дэлгүүрийнхээ салбарыг хүн ам ихтэй газар юм уу, гэрийнхээ ойр нээх бодол байна уу?
-Санаа бол байна. Уржнангаас хойш л гэрийнхээ ойр дэлгүүр нээчих санаатай сураглаад л байгаа юм.
Ер нь дэлгүүр хоршоо ажиллуулах дарамт ихтэй. Манайх автобусны буудлын дэлгүүр болохоор ажиллуулахгүй гэсэн дарамт байнга шахуу ирнэ. Гэхдээ тавьсан бүх шаардлагыг нь бүрэн биелүүлсэн болохоор арай ч хаачихгүй л байна. Гэхдээ л байнга айдас түгшүүртэй. Стандартын шаардлагад нийцээгүй автобусны буудлын дэлгүүрүүдийг буулгана гэсэн шийдвэр өнгөрсөн намар гарсан. Тэр дагуу манайд саяхан шалгалт орсон. Тэгээд шаардлага хангасан байна, өргөдөл бичиж өгөөрэй, хурлаар хэлэлцэнэ гэсэн. Удахгүй шийдэгдэх байх.
Улсаас тусламж дэмжлэг авахгүй, татвараа ном ёсоор нь төлөөд дөрвөн айлын 30-аад ам бүлийг энэ дэлгүүр тэжээж байна. Тиймээс энэ дарамт шахалтаа болиосой л гэж хотын засаг захиргаа, мэддэг чаддаг хүмүүсээс нь гуймаар байдаг юм.
-Нийгмийн даатгалаа хувиараа төлдөг үү?
-Тэгэлгүй яах вэ. Одоо 50 гарч яваа хүмүүс төлөхгүй бол тэтгэвэр олдохгүй шүү дээ.
-Дэлгүүр ажиллуулна, юм зарна гэдэг хүний ая эв олохоос эхэлнэ. Олон хүний ааш занд тохируулах хэцүү биз?
-Хүн бүрийн ааш занг олно гэдэг хэцүү. Янз бүрийн хүнд тааруулж харьцана гэдэг чухал шүү. Нэг хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж гаргахад дараа нь заавал дахин ирдэг.” Миний хүү, миний дүү” гэж ярьсаар аманд орчихсон байдаг. Нэг настай хүнийг “Миний хүү” гэж санамсаргүй дуудчихаад загнуулсан. Бас зээгээ дагуулсан нэг хүнийг өвөө гэчихсэн чинь “Ажил төрлөө хийж яваа хүнийг өвөө гэж дуудаж, доромжиллоо” гээд толгой түрүүгүй загнуулж билээ. Гэтэл тэр хүн хорооны идэвхтэн хөгшин байсан юм билээ. /Инээв.сур/
-Нэгж зээлээч, өгөөч гэсэн гуйлга тасрахгүй биз?
-Байлгүй яах вэ. Манай хоёр талын хамаатнууд, найз нөхөд бүгд л утсаар нэгжээ авна. Гэхдээ дараа нь дансанд хийх юм уу, уулзахаараа тооцоогоо өгчихдөг юм.
-Тэгэхээр та зээлээ сайн тэмдэглэж авахгүй бол болохгүй нь ээ. Танд хар дэвтэр хэр болон байна?
-Тэгэлгүй яах вэ. Бичээд л, тэмдэглээд л байна. Нэг зузаан хар дэвтэр бий. Нэлээд олон хүний нэр, зээл бичсэн байгаа./инээв.сур/
-Амьдралдаа сэтгэл дундуур байгаа, сайхан амьдрах хүсэлтэй хүмүүст хандаж та юу хэлэх бол?
-Залхуурлыг л болих хэрэгтэй. Одоогийн нийгэмд хүний үг сонсч, ах захаа хүндэлдэг залуус ховор болж. Ажлыг бага, хүнд, хэцүү гэж гололгүй хийж сурах хэрэгтэй. Бид хоёр ч хөвгүүдээ ажил хий гэж байнга үглэнэ. Том хүү минь сурахынхаа зэрэгцээ ажил хийж төлбөрөө төлж, хэрэгцээний мөнгөө олж, өөрийгөө болгоод явдаг юм. Ямар амьдралыг хүсч мөрөөдөж байна түүнийхээ төлөө хичээж, зүтгэж хөдөлмөрлөх хэрэгтэй.