Б.БОЛОР

Байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашигт малтмалыг худалдан борлуулах үйл явцыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, урьдчилан сэргийлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан. Ингээд өнгөрсөн онд “Монголын хөрөнгийн бирж”-ээр нүүрсний арилжааг нээлттэй, дуудлага худалдааны зарчмаар борлуулж эхэлсэн. 
Биржээр арилжиж эхэлснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, худалдаалах үнэ өссөн үзүүлэлттэй байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолж “Далд эдийн засаг ил болж, худалдан авагч тал аливаа зуучлагчгүйгээр шууд худалдан авах тогтолцоо бүрдэж, төсвийн орлого нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүн гарсан” хэмээн албаныхан тодотгож байв.


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд экспортын бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалах үүргийг хүлээж байгаа. Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, баяжмалыг биржээр арилжаалах ажлыг үе шаттайгаар эхлүүлснээс хойш өнгөрсөн оны сүүлчээр 14.9 сая тонн нүү

рс, 604.8 мянган тонн төмрийн баяжмалыг тус тус арилжиж нийт 2.2 сая ам.долларын орлого олжээ. Мөн биржийн үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Энэ бол хуулийн хэрэгжилтийн  үр дүн гэдгийг албаныхан хэлж байлаа.
Засгийн газраас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжааг эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгаж байв. Энэ хүрээнд зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай саналыг боловсруулж, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан юм. 


Зэсийн баяжмалын биржийн арилжаа сэдэвт хэлэлцүүлгийг танхим болон онлайнаар зохион байгуулж, худалдагч, худалдан авагч талуудын оролцоотойгоор арилжааны зарчим, гэрээний нөхцөл зэрэг асуудлаар мэдээлэл хийж, санал солилцсон. Хэлэлцүүлэгт БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонгконг, ОХУ, Швейцар, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк зэрэг улсын, мөн дотоодын аж ахуй нэгжүүдийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцжээ. 

 


БНХАУ-ын Жүнтяошань группийн дэд ерөнхийлөгч Рубин Бай зэсийн баяжмалын дуудлага худалдаа оролцохоор иржээ. Тэрээр “Манай групп 1956 онд байгуулагдсан. Хятад дахь зэс үйлдвэрлэлийн долоон том баазын нэг. 68 жилийн турш цаг үеийн өөрчлөлт, зах зээлийн туршилтын үр дүнд зэсийн геологи, хайгуул, зураг төсөл, олборлолт, ашигт малтмалын боловсруулалт, хайлуулах, зэсийн шинэ материалыг нэгтгэсэн Хойд Хятадын хамгийн том зэсийн компани болтлоо хөгжиж байна. Түүнчлэн манай компани хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн Нортерн зэсийн хувьд Жунтяошань группийн зэсийн салбарын үндсэн ашигтай нөөц ба гол бизнесийг төвлөрүүлж ажилладаг. Орчин үеийн гурван үндсэн уурхай, хоёр өндөр технологийн хайлуулах үйлдвэр. Зэсэд суурилсан шинэ материалын гүн боловсруулах үйлдвэртэй. Жунтяошань групп зэсийн баяжмалын импортын бизнесээр Монгол Улстай удаан хугацааны турш эдийн засаг, худалдааны нягт харилцаатай хамтран ажиллаж ирсэн. 2023 онд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 90 мянган тонн зэсийн баяжмал авч байна. Энэ удаад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэт үйлдвэр” компанийн урилгаар 30 мянган тонн зэсийн баяжмал худалдан авах ажиллагааны тендерт оролцохоор ирсэн” гэв. 


Тус группийнхэн Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барихад туршлага хуваалцах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тиймээс энэ талаараа мөн хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа. Тэд хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр зэс хайлуулах үйлдвэрийн шинэ төслийг түргэн шуурхай, саадгүй ахиулж, хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгохыг зорьж буй ажээ. 


Монгол Улс 56.5 сая тонн зэс металлын баталгаат нөөцтэй. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр 1.5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Цаашид Оюутолгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэхээр байгааг хэлэлцүүлгээр үеэр мэдэгдэв. Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулалт хийснээр байгалийн баялгийн үр өгөөж нэмэгдэж, худалдан борлуулах үйл явц авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, экспортын орлого нэмэгдэх, төсвийн орлого тэлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 52 (7296)