Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО

Монгол Улс байгалийн арвин баялагтай. Түүгээрээ эдийн засгийнхаа 90 хувийг хангадаг гэлцдэг. Гэхдээ байгалийн баялгийг ашиглахтай зэрэгцэн байгаль орчныг нөхөн сэргээх асуудал байнга хөндөгддөг. Тэр ч утгаараа нөхөн сэргээлтийн жишиг тогтоох “уралдаан” уул уурхайн компаниудад бий. Нөгөөтээгүүр, орон нутгийнхан газар нутаг, байгаль орчин сүйдлээ хэмээн болгоомжилж бас эсэргүүцдэг. Тэгвэл байгалийн баялгаа ашиглахын зэрэгцээ байгаль орчноо ч сэргээж болох жишгийг бусдад түгээх боломжийг Оюутолгой компанийнхан олгож буй ажээ. 

 

ОЮУТОЛГОЙ 20 ЖИЛИЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАНА 

Ингэхдээ Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэдэг чухал салбарын нэг. Иймд хууль эрх зүй, байгаль орчны хүрээнд тавигдах шаардлагуудыг бүрэн хангах нь чухал. Тэгвэл энэхүү салбарыг дагасан байгаль орчны асуудал цагийн цагт үеийн үет хөндөгдсөөр ирсэн. Хот хөдөөгүй уур амьсгалын өөрчлөлтөд ороод буй энэ цагт Оюутолгой ХХК нь байгаль орчны асуудалд гарц шийдэл олох хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийг Оюутолгой ХХК-ны байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд санаачилж, UNREAD медиа хамтран зохион байгуулж буй. Зэрлэг амьтан, байгаль орчныг хамгаалахаас гадна уул уурхайн нөхөн сэргээлт, салбартаа тулгамдаж буй асуудлын талаар шийдэл боловсруулахаар энэхүү хөтөлбөрийг санаачилсан хэмээн зохион байгуулагчид хэлж байв. Оюутолгой компани байгалийн нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийж жишиг тогтоож буй Оюутолгой компани 20 гаруй жилийн туршлагаа хуваалцах ажээ. 
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд байгаль орчны нөхөн сэргээлт хийх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган ажиллах, амьтан, ургамлын судалгаа хийх зэрэг олон талт хариуцлага хүлээх шаардлагатай гэдгийг ч бас хатуу сануулдаг. Дэлхийн хэмжээний тоглогч болох зорилт тавин ажиллаж буй Оюутолгойнхон өнгөрсөн 20 жилийн хугацаанд байгаль орчны салбар дахь үндэсний болон олон улсын стандартуудыг баримтлан хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийг хамгийн өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Тиймээс тус компанийн байгаль орчны хэлтсийнхэн сайн туршлагаа бусадтай хуваалцан ментор хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. 

20 ОРОЛЦОГЧ, 20 ЗӨВЛӨХ

“Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах” энэхүү хөтөлбөр нь дөрвөн сар үргэлжлэх бөгөөд уг хөтөлбөрт оролцсоноор хариуцлагатай уул уурхайн сайн туршлагаас суралцах, ажлын талбарт тулгардаг асуудалд бодит шийдэл олох, байгаль орчны талаар мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, салбарын танилын хүрээгээ тэлэх, карьераа нэг шат ахиулах боломж бүрдэнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байв.
Хөтөлбөрт хамрагдах 150 гаруй хүсэлт ирснээс 20 оролцогчийг сонгон менторшип зөвлөгөө өгч, оролцогч сонгосон асуудалд шийдэл, төлөвлөгөө боловсруулах үйл явцаа практиктай хослуулах боломжтой аж. 
Оюутолгой компани хөтөлбөрт оролцогчдыг сонгохдоо гурван шаардлага тавьжээ. Нэгдүгээрт, уул уурхайн компанийн байгаль орчны мэргэжилтэн байх. Хоёрдугаарт, хөтөлбөрт оролцохыг компаниас нь дэмжсэн байх. Гуравдугаарт, оролцогч дээрх сэдвийн хүрээнд өөрийн ажлын байранд тулгамдсан асуудлыг тодорхойлж, дэмжлэг авах хүсэлтэй байх. 
Түүнчлэн “Зэрлэг амьтны судалгаа, хамгаалал”, “Ургамлын судалгаа, хамгаалал” “Дүйцүүлэн хамгаалал”, “Уурхайн хаалтын төлөвлөгөө”, “Хүрээлэн буй орчин”, “Хог хаягдлын менежмент”, “Тогтвортой хөгжил”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн – “Оюу толгой” компанийн “100 сая мод” хөтөлбөрийн төлөвлөгөө, арга аргачлал” сэдвийн хүрээнд сонголт хийх ажээ. 
Оролцогчийг ментий гэх бөгөөд тус бүрдээ ментор буюу зөвлөхтэй. Ингээд менторшип зөвлөгөө болон сургалтад тогтмол хамруулахаар төлөвлөсөн байна. 
Компаниуд хамтын ажиллагаанд суурилж туршлагаа хуваалцах нь гадны оронд түгээмэл. Монголд хурал зөвлөгөөнөөр дамжуулж мэдээллээ солилцох нь алдаа онооноосоо суралцах нэг хэлбэр болж байгаа нь сайшаалтай. Энэ нь нэг бүсэд ажиллаж буй уурхайн компаниуд үйл ажиллагаагаа нэгтгэх, туршлага хуримтлуулж,оновчтой шийдлийг гаргахад түлхэц болж байна. 
Монголд сүүлийн 30 орчим жил уул уурхай эрчимтэй хөгжлөө. Уул уурхай дахь байгаль орчны салбар харьцангуй шинэ учир нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд цаг хугацаа их зарцуулж байна. Харин өөрсдийн туршлагаа бусадтайгаа хуваалцах нь цаг хугацаа хэмнээд зогсохгүй цааш хөгжихөд түлхэц болохыг өнгөрсөн жилийн аяллаасаа үндэслэж санаачилсан. Энэ санаачилга өнөөдөр бодит ажил хэрэг болж буй ажээ.

 

Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн усны харилцаа, хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү: ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНД ТОМ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

-Оюутолгой ХХК-ийн байгаль орчны хэлтсийн 20 жилийн ойн хүрээнд энэхүү хөтөлбөрийг санаачилсан. Бид уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон байгаль орчны салбарын ажилтнууддаа сайн туршлагаа хуваалцах, солилцох боломжийг нээхийг зорьсон юм. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд ерөнхий мэдээллээс гадна хувь хүний сургалтууд явагдана. Хөтөлбөрийн үр дүнд маш том өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна. Учир нь дан ганц манай компани сайн туршлагаа хуваалцахаас гадна бусад компани бидэнд сайн туршлагаа хуваалцсан харилцан үр өгөөжтэй хөтөлбөр болно гэж харж байгаа. Магадгүй хамтран хэрэгжүүлж болох ажлууд гарч ирэх байх. Жишээлбэл, Өмнийн говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагатай хамтран эрдэм шинжилгээний бүтээл туурвих гэх мэт олон сайн үр дүн гарч ирнэ гэсэн найдлагатай ажиллаж байна. 
Уул уурхайн салбар байгаль орчинд ямар үр нөлөөтэй гэдгийг таньж мэдсэнээр болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, гарсан сөрөг нөлөөллийг багасгах шинэлэг арга барил туршлагыг сурах боломжтой гэж харж байна. Уул уурхай болон байгаль орчин хоёр бол нэг зоосны хоёр тал. Монгол улсын тэргүүлэх эдийн засгийг бүрдүүлж буй энэ салбарын байгаль орчны мэргэжилтнүүд чадавхжих нь өөрөө хүлээлтээс давсан үр дүн гаргах бүрэн боломжтой. Магадгүй уул уурхайн салбарын байгаль орчны  мэргэжилтнүүд олон ажлыг нэг дор хийх жишиг тогтох ч боломж бийй. Монгол Улсын байгаль орчны хууль эрх зүйн орчныг бусад орныхтой харьцуулахад харьцангуй сайн гэж боддог. Харин хэрэгжүүлэх нь мэргэжилтнүүдийн чадамжаас хамаараад үр дүн өөр өөр гарч байгаа болов уу. Бид хууль эрх зүйг юу гэж ойлгож байна. Түүн дээр ямар ажлууд төлөвлөж, ямар арга аргачлалаар ажиллаж байна гэдгээ хуваалцах хэрэгтэй байгаа юм. Энэ бол бидний зорилго. Хөтөлбөрийн үеэр шинэ санаа санаачилга урган гарч хүрээгээ тэлээсэй гэж хүсэж байна. Энэхүү хөтөлбөрийг өргөжүүлэх шаардлага нийгэмд байгаа нь оролцохыг хүссэн хүмүүсийн бүртгэлээс анзаарагдсан. 

 

Оюутолгой ХХК-ийн Эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, байгаль орчны хууль эрх зүйн хэрэгжилт хариуцсан зөвлөх Ж.Баярзаяа: БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

-Нийт уул уурхайн байгаль орчны ажилчдынхаа дунд энэ хөтөлбөрийг зарлаж, “UNREAD медиа” компанитай хамтран ажиллаж байна. Хөтөлбөр зарлагдахад нийт 150 гаруй хүн оролцох хүсэлтээ ирүүлснээс 20 хүнийг сонгон шалгаруулсан. Хүсэлт илгээсэн хүмүүсээр асуумж бөглүүлсэн. Тэр дунд хууль эрх зүйн орчныг сонирхож буй хүн харьцангуй цөөн байсан. Дийлэнх нь газар ашиглалт, хог хаягдал гэсэн сэдвүүдийг сонирхсон байна лээ. Миний харснаар  уул уурхайн байгаль орчны эрх зүйн хэрэгжилт бусад орчинтойгоо харьцуулбал гүйцэтгэн  биелүүлэх үүрэг даалгавар олон байдаг. Манай байгууллагын хувьд удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг. Түүний дагуу Монгол Улсын хууль эрх зүйн шаардлагыг гарган түүн дээрээ биелүүлж байгаа эсэх гэсэн бүртгэл хөтөлдөг. Хэрэв биелүүлэхгүй байгаа бол шалтгааныг тодорхойлж, хэрэгжүүлэх боломж, гарцыг эрэлхийлж ажилладаг. Тиймээс бид энэхүү туршлагах бусад уул уурхайн компанийн байгаль орчны мэргэжилтнүүдтэйгээ хуваалцан хамтран ажиллахыг зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг дадал, хэвшлийг тогтоох, мөрдөхөд чиглэж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн биологийн олон янз байдал хариуцсан мэргэжилтэн Б.Дашням: МЕНТИЙДЭЭ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

-Миний хувьд энэхүү хөтөлбөрт менторын үүргээр оролцож байгаа. Тэр дундаа зэрлэг амьтадын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой судалгаа шинжилгээ дээр мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Ганцхан байгууллага эсвэл хэсэг хүмүүс байгаль орчин, ан амьтнаа хамгаалах боломжгүй. Тэгэхээр харилцан нэг нэгэндээ туршлага, мэдлэгээ хуваалцаж уул уурхайг тойрсон байгаль орчин, зэрлэг ан амьтны асуудлыг шийдэх хүсэлтэй байна. Ментор гэдэг нь асуудлынхаа гарц гаргалгаа, шийдлийг хайж буй ментийд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэж ойлгож байгаа. Тиймээс мэргэжлийнхээ зүгээс хөтөлбөрт оролцогч хүмүүстээ зэрлэг ан амьтан, тэдний шилжилт хөдөлгөөнд тулгарч буй асуудал дээр мэргэжлийн зүгээс зөвлөнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Нөгөөтэйгүүр, Ментийгээсээ суралцаж, харилцан туршлага солилцон, мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажиллана.

 

Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг: ГОВЬ ЦӨЛИЙН БҮС СОРИЛТ, БЭРХШЭЭЛ ИХТЭЙ АЖИЛЛАХАД ХҮНД БАЙДАГ

-Мэдээж уул уурхайн ажил бол газрын хөрс болон ургамлын бүрхэвчийг хөнддөг. Компанийн зүгээс нөхөн сэргээлт хийхэд хайгуулын үеэс нь эхлэн анхаарах ёстой. Говь цөлийн бүс нь сорилт бэрхшээл ихтэй ажиллахад хүнд нөхцөл. Энэ нөхцөлд байгалийг 100 хувь нөхөн сэргээдэггүй юм  гэхэд унаган төрхөд нь ойртуулахын тулд эртнээс судалгаа  хийдэг. Үйл ажиллагаа явуулахаас урьтаж орчин нөхцөлөө таньж, онцлогийг мэдэх цаашлаад үүнд тохирсон ямар үйлчилгээ явуулах вэ гэдэгт шатлалын дагуу анхаарч ажиллах ёстой. Говь цөлд  дасан зохицох, байгалийн шалгаралд үлдэхүйц ургамлыг тарималжуулж, нөхөн сэргээнэ гэдэг Монголд харьцангуй шинэ ойлголт. Энэ ажлыг эхлүүлэх нь бидэнд ч том туршлага болж байна. Бид өнөөдрийг хүртэл нийт 40 орчим зүйлийн ургамлыг тарималжуулж нөхөн сэргээлтэд ашигласан. Судалгаанд үндэслэж нөхөн сэргээлт хийх нь урт хугацаанд үр өгөөжтэй тул бид хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 51 (7295)