Б.БОЛОР
Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академиас "Банкны салбарын тойм 2023" судалгааг өчигдөр танилцууллаа. Банкны салбарын үзүүлэлт өнгөрсөн 2023 онд тогтвортой, өсөлттэй байжээ. Нийт актив нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгдсэн байна. Эдийн засгийн салбаруудыг дэмжиж ирсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байгааг мөн хэллээ. Ялангуяа, бизнесийн зээл 27 хувиар нэмэгдсэн бөгөөд зээлийн өсөлтийг дагаад салбарын хэмжээнд чанаргүй зээл 7.5 хувь болж буурсан зэрэг эерэг үзүүлэлт юм.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай байсан нь УИХ-аас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги 2020-2023”-ын хүрээнд хүүгийн түвшин ердөө 0.6 нэгж хувиар буурсан, хэрэгжилт хангалтгүй байна хэмээн Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ. Учир нь 2023 оны жилийн эцэст зээлийн хүүг сарын 12 хувьд оруулах зорилт тавьж байжээ.
Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой төсвийн орлого нэмэгдэж, төсвийн тэнцэл ашигтай гарчээ. Манай улсад уул уурхайн бус салбар тэр дундаа барилга, боловсруулах болон хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлага өндөр хэвээр байгааг тус судалгааны дүнгээс харж болох юм. Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг “Экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн ажлууд ашиглалтад орох, Оюу толгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдэх нь эдийн засгийн өсөлт хадгалагдах хүлээлтийг бий болгож байгаа. Гэхдээ энэ онд уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортоос олох орлогыг өөдрөгөөр төсөөлж, төсвийн зардлыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь яаруу сандруу үйлдэл боллоо” хэмээн онцолсон юм.
Дашрамд дурдахад, системийн таван банк IPO хийснээр, олон нийтээс 450 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн багтаамжийг гурав дахин нэмж, хөрөнгийн захын чадавхыг шавхсан гэж үзэж буй. Ийнхүү банкууд 70 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болж, нийт 443 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Банкны тухай хуулийн дагуу дахин 2.2 их наяд төгрөгийн хөрөнгийг шинээр татах замаар банкны хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарыг хангах шаардлага тулгарч байгаа ч одоогоор зах зээлийн бодит багтаамжгүй учраас хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлага тулгарч байгаа ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 50 (7294)