Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО
Өрхийн бодит орлого 439.3 мянган төгрөгөөр өссөн тухай статистикчид хэлж байсан. Энэ нь үнийн өсөлтөд “идэгдэнэ” хэмээн нийгмээрээ шүүмжилсэн. Ялангуяа хаврын улиралд махны үнэ “тэнгэрт тулж” монголчуудыг туйлдуулдаг. Гэхдээ үүнийг зөөлрүүлэх арга нь нөөцийн махны худалдаа хэмээн үздэг билээ.
Өрхийн бодит орлогын өсөлтийг “хайж байна”
Өрхийн бодит орлого 439.3 мянган төгрөгөөр өсжээ гэх сургаар хүнсний зах руу очлоо. “Бөмбөгөр” худалдааны төвийн үүдээр ороход үнэ шошгоор өөрийгөө гоёсон бараа бүтээгдэхүүнүүд угтана. Махны тасаг руу чиглээд алхлаа. Өрхийн орлогоо үнэн бодитоор тайлагнах болов уу хэмээн найдаж 40 эргэм насны эмэгтэйтэй ярилцав. Тэрбээр гэрийнхээ “нягтлан” гэнэ. Гэхдээ үндсэн ажил нь алт мөнгөн эдлэлийн дэлгүүрт 1.3 сая төгрөгийн цалинтай худалдааны зөвлөх хийдэг. Ам бүл тавуулаа. Гэрийн эзэн уурхайд 2.2 сая төгрөгийн цалинтай ажилладаг байна. Энэ гэр бүл сард 3.5 сая төгрөгийн орлоготой ажээ.
Нийслэлийн хэмжээнд энэ өрх шиг орлоготой айл хэд байдаг вэ. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харахад 700 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 126.8 мянга, 700 мянгаас 1.6 сая төгрөгийн орлоготой өрх 306.9 мянга байдаг аж. Харин 1.6-3 сая төгрөгийн орлоготой өрх 329.7 мянга, гурван саяас дээш орлоготой 226.8 мянган өрх байгааг статистикийн мэдээллээс харж болно. Тэгэхээр судалгаанд хамрагдсан нийт өрхийн 22.9 хувь нь Г.Чимэдцогзол гэх айлтай ижил түвшний орлоготой гэсэн үг юм.
Г.Чимэдцогзолынх сар бүр 500 мянган төгрөгийг орон сууцны болон хэрэглээний зээлд төлдөг аж. Мөн хавар, намартаа оюутны төлбөр төлдөг тухай хэлсэн юм. Энэ бол монголчуудын амьдралын нийтлэг төрх. Тэгвэл статистикчдын гаргасан 439.3 мянган төгрөгөөр өссөн өрхийн бодит орлого өрхүүдэд ямар нөлөө үзүүлсэн бэ. Учир нь энэ нэмэгдэл 500 мянган төгрөгийн зээлийн төлбөр төлдөг Г.Чимэдцогзолын гэр бүлд “ашиг” болон үлдэж хуримтлалын суурь болох учиртай юм.
Нөөцийн махаар “чөдөрлүүлэх” учиртай үнийн өсөлт
Гэрийн эзэгтэйн хэлснээр статистикчдын гаргасан өрхийн нэмэгдсэн бодит орлого үнийн өсөлтөд “идэгдсэн” аж. Учир нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-ны байдлаар “Атар” талх 2132 төгрөг, хонины ястай мах 11.7 мянган төгрөгөөр борлуулж байсан бол үхрийн ястай махыг 14.4 мянгаар худалдаалжээ. Үүнийг энэ оны гуравдугаар сарын 4-ний байдлаарх үнэтэй харьцуулахад “Атар” талх 311 төгрөгөөр буюу 14.6 хувиар өссөн бол үхрийн мах 3000 төгрөгөөр буюу 20.8 хувиар өссөнийг статистик мэдээллээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, тайлант хугацаанд үхрийн ястай мах кг 17.4 мянга, хонины ястай мах 13.9 мянган төгрөгөөр худалдаалж байгааг Үндэсний статистикийн цахим хуудаст тэмдэглэжээ. Тэгэхээр өрхийн бодит орлогыг үнийн өсөлт “торгосон” хэмээн учирласан Г.Чимидцогзолын тайлбар үнэнд ойр бололтой.
Хаврын тарчиг цагийг өнгөрүүлэх, үнийн өсөлтийг хазаарлах төр засгаас боловсруулсан төлөвлөгөөний нэг нь “Нөөцийн мах”. 375 цэгээр худалдаалж эхэлсэн нөөцийн махыг нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор худалдаалж эхэллээ.
Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11.350 төгрөгөөр борлуулах болсныг албаныхан мэдээлсэн. Нийт 6337.5 тонн махыг компаниуд бэлтгэн нийлүүлж буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар гулуузаар нь борлуулахаар төлөвлөсөн байна. 17.4 мянган төгрөгийн үнэтэй үхрийн мах авах уу, 11.350 төгрөгийн үнэтэй нөөцийн мах авах уу гэдэг сонголтыг хэрэглэгч л хийнэ.
БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ
Өрхийн бодит орлого өссөн нь статистик баримтаар тодорхойлогдоно. Түүнчлэн хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ч албаны мэдээллээр нотлогдоно. Тэгвэл өрхийн бодит орлогын өсөлтийг “торгосоор” ирсэн үнийн өсөлтийг хазаарлах бодлого зөвхөн төрөөс хамаарахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Эдийн засагч Л.Оюун “Төр бодлого гаргах ёстой гэсээр салбар бүрд бодлогын дэвшил гарсан. Харин хэрэгжилтэд анхаарал хандуулах цаг болсон юм шүү дээ. Бодлогыг хэрэгжүүлэгч нь хувийн хэвшил. Тэгэхээр бизнесийнхэн үнийн өсөлтийг бууруулах, хөөрөгдөлгүй байлгах бодит боломжийг бүрдүүлэх учиртай” гэсэн юм. Зах зээлийн зарчмаар цэвэр өрсөлдөөнтэй байдлаар ажиллах шаардлага бий. Бүр тодруулбал, үнийг өсгөж биш бодит үнийг тогтоож өрсөлддөг жишигт суралцах нь бизнесийнхний үүрэг ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 50 (7294)