Ц.МЯГМАРБАЯР 

 

Хятадын эдийн засаг энэ жил таван хувь өснө гэж төсөвлөсөн. Оны эхний улирлаар 4.5 хувийн өсөлт гарахаар байна. Үл хөдлөхийн салбар уналттай, том дэд бүтцийн байгуулалтыг төрөөс нь хүчээр дэмжиж өсөлтөө барьж байгаа. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эрчим ч сүүлийн жилүүдэд буурч байгаа хандлага байна. Хятад, Монголын  нүүрсний зах зээлийн нөхцөл байдлын талаар Монголын Нүүрс  Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай  ярилцав.

 

-Хятад улс өнгөрсөн онд нүүрсний импортын гаалийн татвараа тэглэсэн. Харин  2024 он гараад сэргээжээ. Ингэснээр манай нүүрсний экспортод нөлөөлөх нөлөө, нүүрсний үнэд өөрчлөлт орох уу? 
-2023 онд БНХАУ нүүрсний импортын гаалийн татварыг бууруулсан шалтгаан нь “COVID-19” цар тахлын дараах эдийн засгийн  богино хугацааны сэргэлтийг бий болгох хөшүүрэг байсан. Өөрөөр хэлбэл, “СOVID-19”-ын үр нөлөө арилаагүй байхад нүүрсний хомсдол зах зээлд тогтворгүй байдал үүсэх вий  гэдгээс сэргийлж нүүрсний гаалийн импортын татвараа тодорхой  хугацаанд тэглэсэн. 2024 он гарснаар энэ шийдвэрийн  хугацаа нь дууссан. Уурхайнуудад үзүүлж байсан хөл хорио бусад нөхцөл байдал арилж нүүрсний ханган нийлүүлэлт тогтворжиж улмаар дотоодын уурхайнуудын үйл ажиллагаа нь тогтвортой болсон гэж үзэж энэ оны эхнээс гаалийн импортын татвараа нэмсэн. Гаалийн импортын татвар нэмэгдсэнээр манай нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлнэ гэж харахгүй байна. Мэдээж орж  байгаа нүүрсний татварын хэмжээг  нэмснээр үнэд тодорхой  хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ гурван хувийн татвар тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Ер нь Монголын нүүрс тээвэр, хил, гаалийн дэд бүтцийн сул байдлаас болж зах зээлд байгаа нүүрснээс хямд байдаг. Тэгэхээр татвартай байсан ч  татваргүй байсан ч энэ үнийн зөрүүнд ялгаа бараг байхгүй. Ерөнхийдөө том нөлөө үзүүлэхгүй. Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтөө таван хувьд барина гэсэн зорилт тавьсан. Энэ сарын эхээр гаргасан судалгааны байгууллагын мэдээгээр оны эхний улиралд 4.5 хувьтай байхаар байна. Үлдсэн хугацаанд зорилтдоо хүрч чадах уу гэдэг хүлээлттэй. Ямартаа ч өнгөрсөн жилийг бодвол эдийн засаг нь жаахан уруудсан байдалтай байна. Үүнийг дагаад нүүрсний үнэ өндөр байж чадахгүй буурахаар байна. Гэхдээ импортоор авах нүүрсний хэмжээ өндөр хэвээр. Эрэлт байгаа учраас үнэ буурлаа гээд огцом өөрчлөлт гарахгүй.  


-Тэгэхээр энэ онд манайхаас авах нүүрсний хэмжээ өнгөрсөн оны хэмжээнд хүрч очих нь тодорхой гэж ойлголоо. Манайх ч хил, гаалийн нэвтрэлт өмнөхөөс сайжирч мөн биржээр нүүрсээ худалдаалж эхэлсэн зэрэг нь бас нөлөөлж байгаа байх?
-Энэ жилийн манай тавьсан зорилтод хүрчихээр байгаа. Нэгдүгээрт, Хятад улс өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй хэмжээгээр нүүрс импортолсон. Энэ онд энэ жишиг хэвээр хадгалагдана. 2023 онд тус улсын нүүрсний импорт 2022 оныхоос 67 хувиар өссөн. Нийт 474 сая тонныг гадаадаас авсан. Үүний 100 сая гаруй нь коксжих нүүрс байв. Үүний 69 сая тонныг нь Монгол Улсаас импортолсон. Энэ жилийн тухайд ойролцоогоор 480 гаруй сая тонн нүүрс гадаадаас авах байх. Үүний  110 сая орчим тонн нь коксжих нүүрс байна гэж Хятадын  хоёрдугаар сарын сүүлээр хийсэн нүүрсний зах зээлийн шинэ судалгаа нь харуулж байна. Хятад улсын нүүрсний энэ жилийн хэрэглээ 4.7 тэрбум тонн байхаар байна. Энэ нь өнгөрсөн оноос 100 сая тонноор илүү байх төлөвтэй. Хятад улс дэлхийн нүүрсний нийт хэрэглээний талыг эзэлдэг. Энэ хэрээр  цахилгаан эрчим хүчний хэрэглээ зургаан хувиар өснө гэсэн төсөөлөлтэй. Эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт нэмэгдэх хэрээр нүүрсний хэрэглээ тодорхой хувиар нэмэгдэнэ. Харин коксжих нүүрсний хэрэглээний өсөлт  0.1 хувьтай. Дээрээс нь гангийн үйлдвэрлэл, цементийн үйлдвэрлэл, нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн өсөлт мөн бутархай хувьтай байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь Хятадын  хувьд эрчимтэй бүтээн байгуулалт буурч байна гэсэн үг. Одоогоос арваад жилийн өмнөхтэй харьцуулахад дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт хоёр оронтой тоотой байсан бол одоо ялангуяа “COVID-19” үе болох 2021 онд  0.2 хувьтай болж буурсан. Өнгөрсөн онд дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт  найман хувь байсан бол  энэ жил долоон хувьтай байхаар байна. Энэ нь хөрөнгө оруулалтад өсөлт байх ч  барилгын салбарын  хөрөнгө оруулалт зогсонги байдалд байна.  Харин “Бүс ба зам” бодлогын хүрээнд хийгдэж байгаа зам, гүүр барих, олон улсын төслүүд,  усан далангууд, усан байгууламжийн, цахилгаан станцын зэрэг том төслүүдэд хөрөнгө оруулалт тасрахгүй гэсэн үг. Эдгээрт хөрөнгө оруулалт хийснээр коксжих нүүрсний эрэлтийг хэмжээнд нь барина гэсэн үг. Гэхдээ хамгийн өндөр үе нь /height/ өнгөрсөн гэдэгт гадаадын шинжээчид Хятад улс өөрөө санал нэг байгаа. 


  Манайх өнгөрсөн жил биржээр 15 сая тонн нүүрс арилжсан. Энэ оны хоёрдугаар сарын төгсгөлд  гурван сая тонн нүүрс борлуулсан байна. Тэгэхээр биржийн борлуулалт амжилттай байна. Оролцож байгаа талууд нь цөөхөн гэж шүүмжилж байгаа ч бага, багаар ахих нь дамжиггүй. Чиглэл нь зөв учраас нүүрсний үнэлгээнд ахиц гарсан. Өмнө нь компаниуд зориуд хямд үнээр зараад байсан юм байхгүй. Хямд үнийн асуудал хаана байсан бэ гэвэл төрийн өмчийн компани болон улстөрчийн оролцоотой хямдхан гэрээ байгуулж дундаас нь ашиг авахын тулд тултал нь үнийг нь унагадаг байсан.Тиймээс биржээр зарлаа гээд үнэ өсөх тухайд нэг их өөрчлөлт гарахгүй. Харин төрийн өмчийн уурхайгаас гаргаж байгаа нүүрсний үнэ өснө. Гэхдээ худалдаа нээлттэй, олон талын оролцоотой болж байгаа учраас урт хугацаандаа нүүрсний худалдаа, тээвэрлэлт эрүүлжих Монголын талд ирэх ашиг, орлого нэмэгдэх зөв эхлэл юм. 
-Хятадын зарим  компанитай хийсэн нууц гэрээнүүдийн үнэ хямд байдаг гэдэг. Энэ жил сонгуулийн жил. Тэгэхээр улс төрийн чанартай аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор нууц гэрээг хийхгүй гэх баталгаа хэр бол? 
-Хятадын зарим компаниудтай хийсэн хэдэн том  гэрээ бий. Эдгээр гэрээнүүд хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрээр нууц байгаа. Цаашид одоо байгаа учир гэрээнүүдийг дуусгаж дахиж иймэрхүү гэрээг аль болох шинээр байгуулахгүйгээр биржийн худалдаагаар явуулах бодлогыг Засгийн газар барьж байгаа. Өмнө нь зарим тохиолдолд том бүтээн байгуулалтад, эсвэл улс төрийн чанартай амлалтыг биелүүлэх мөнгө тараах олон нийтэд хандсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулах зорилгоор нэг дор бэлэн мөнгөний хэрэгцээ их хэмжээгээр үүссэнээс үүдэлтэй хямд үнээр нүүрсээ өгөх  гэрээ  байгуулдаг байсан. Одоо энэ байдлыг дахин гаргахгүй байх. Үүнийг хувийн хэвшил ч ялгаагүй зөв  хандлага гэж харж байгаа. Биржийн худалдаанд хувийн хэвшлийн компаниуд орж эхэлсэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Хятадын зах зээлд нүүрсний үнэ өсөж байх үед  манай нүүрсний уурхайн аман дээрх үнэ өсдөггүй. Зөрүү нь тээвэрлэлт рүү ороод алга болчихдог байсан. Энэ тооцоо нь ихэвчлэн Хятадын талд хийгддэг. Өөрөөр хэлбэл, Монголын татварын орчноос гараад явчихдаг. Энэ нь шударга бус байсан. Алдсан мөнгөө нөхөхийн тулд үнийг хиймлээр өсгөж татварыг нь гурав дахин өсгөж авснаас болж компаниуд хүндэрдэг буруу жишиг тогтсон байсан. Үүний эсрэг Төрийн өмчит компанийн нүүрсийг хил нөхцөлөөр хүргэж өгөх, төмөр зам, гаалийн ажлыг эрүүлжүүлсэн нь зөв ажил болсон. 


-Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажил эхлээгүй  хүлээгдэж байна. Энэ яагаад удаад байгаа юм бол?
 - Төмөр замын холболтын барилга угсралтыг гүйцэтгэх Хятадын талын компани давхар нүүрсний худалдаа хийх сонирхолтой. Бас уурхайн олборлолтод оролцох сонирхолтой. Уг нь эдгээр ажлыг тус, тусдаа  гүйцэтгэх учиртай. Үүнээс үүдэлтэй бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй удааширсан гэдэг. Үнэхээр ийм нөхцөл үүссэн бол үүнийг даруй өөрчлөх хэрэгтэй.Тухайн компани худалдааны гэрээг барьцаа болгож хоёр улсын хоорондын хил холболтын төмөр зам дээр тээг болж болохгүй.  Ийм зүйл болоогүй гэдэгт найдаж байна. Энэ ажил хугацаандаа хийгдвэл нөхцөл байдал өөрчлөгдөнө. Нөгөөтэйгүүр, биржээр борлуулсан нүүрсний АМНАТ-ыг биржийн үнээр нь тооцдог болсон. Харин биржээр борлуулаагүй нүүрсний АМНАТ-ыг Хятадын нүүрсний дотоод үнээр тооцож байгаа. Ингэснээр, уурхайн амнаас зарсан нүүрсний үнэ дээр урт, богинын тээврийн зардал, Хятадын гаалийн импортын татвар,мөн тус улсын нэмүү өртгийн гаалийн албан татвар, хил, гаалийн хураамж, хятад компанийн ашиг, агуулахын төлбөр зэргийг нэмж энэ дүнгээс нь монгол компаниуд  татвар төлж байгаа нь зүйд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Хятадын компанийн олсон ашгаас монгол компани нөөц ашигласны төлбөр төлж болохгүй. Энэ асуудалд мөн эрүүл шийдэл хийгдэх байх гэдэгт найдаж байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7293)