Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО

 

“АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛСНААР 300 САЯ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО”

Дэлхий нийт асрахуйн эдийн засагт анхаарлаа төвлөрүүлсээр байна. Энэ нь тус сэдэв улс орнуудад амин чухал асуудал болж байгааг илтгэж буй. Асрахуйн эдийн засаг нь нийгмийн ядуурал, жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд нэн тустай хэмээн мэргэжлийн судлаачид сануулж байна. Учир нь улс орны эдийн засагт эерэг нөлөөтэйгөөс гадна өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд шаардлагатай тусламж үйлчилгээ авах боломж нь нээгдэж буй хэлбэр хэмээн олон улсын хөдөлмөрийн байгууллагаас үзэж байна. 
Мөн цалингүй асрамжийн ажлыг зөв үнэлснээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүүн 11 их наяд ам.доллароор нэмэгдэнэ гэсэн судалгаа гарчээ.  Дэлхийн эдийн засгийн форумаас асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулснаар  2035 он гэхэд 300 сая ажлын байр бий болно гэдгийг онцлов.  

“МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 16 ХУВИАР ӨСНӨ”

Монгол Улсын нийт 3.4 сая хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд. Тэд ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс нэлээд доогуур байсаар ирсэн. Энэ нь төрөлтийн түвшин нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч буйг илтгэж байна. 
2030 он гэхэд нийт хүн амын 78.6 хувь нь төвлөрсөн хот, суурин газар амьдарч  боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөл байдал улам бүр хүндрэх төлөвтэй байна. Асрахуйн аливаа ажлыг гэр бүлийн эмэгтэй гишүүд хийх ёстой гэдэг жендэрийн хэвшмэл ойлголт хүчтэй хэвээр байна.
Эмэгтэйчүүд дийлэнх цагаа асрахуйн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаад асрахуйн үйлчилгээний хүртээмжгүй байдал нөлөөлж буй. Өрх болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг 63.2 хувь хүртэл өсгөх, улмаар нэг хүнд ногдох эдийн засгийн жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлэх боломж байгааг судлаачид хэлж байна. Тодруулбал, 2050 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16 хувиар өсгөх боломжтой хэмээн Азийн хөгжлийн банк тооцоолжээ. 
Нөгөөтэйгүүр, 2050 он гэхэд НҮБ-ын тооцоолсноор хүн ам зүйн шилжилтийн үйл явц эрчимтэй явагдаж буй Монгол Улсын хувьд хүн амын өсөлт, нөхөн үржихүйн эргэн нөхөгдөх түвшинг хангах, насжилтын үйл явцаас үүдсэн нийгэм-хүн ам зүйн томоохон сорилтууд хүлээж байна.
Монгол Улсын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.9-2.4 хувь байна. Энэ нь төсвийн нийт зардлын 39 хувийг эзлдэг. Энэ үзүүлэлт нь төсвийн зарцуулалт болон салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хооронд сөрөг хамааралтайг илтгэж буй. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлага үр ашиггүй байгааг харуулж байгааг эдийн засагчид онцоллоо. Үүнийг анхааралдаа авч  нөөц боломжоо үр дүнтэй ашиглан асаргаа, халамжийн үйлчилгээг сайжруулах нь эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах боломжтой. 

 

ТОЛИНЫ ТУСГАЛ

Дэлхий асрахуйн эдийн засагт анхаарал хандуулснаар ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээж буй. Харин монголчуудын хувьд хэвшмэл ойлголтыг өөрчилж, томоохон сорилтыг даван туулах стратеги төлөвлөгөө боловсруулах шаардлага тулгарч буй. Номхон далайн орнуудыг бусад улстай харьцуулахад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хүүхэд харах үйлчилгээнд харьцангуй илүү анхаарал хандуулдаг аж. Мөн хүн ам зүйн шилжилтийн үйл явц эрчимтэй явагдаж буй манай улсын хувьд зургаан жилийн дараа нийт хүн амын 78.6 хувь нь төвлөрсөн хот, суурин газар амьдарч үүнийгээ дагаад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөл хүндрэх төлөвтэй байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс толины тусгал хэдий чинээ оновчтой, зөв тусна, тэр хэрээр ажиллах хүч, эдийн засгийн идэвхижил дэлхийтэй эн зэрэгцэн алхах боломж байгаа ажээ. Үүний тулд асрахуйн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгохын тулд “5Rs” буюу асрах ажлыг үнэлэх, ачааллыг багасгах, ажил, үүргийг дахин хуваарилах, ажлыг урамшуулах, үйлчилгээ үзүүлэгчдийн эрхийг хамгаалах төлөөлөл бий болгох цогц бодлогын дэмжих болон хэрэгжүүлэх орчин нөхцөлөөр бүрэн дүүрэн хангах шаардлагатайг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7293)