Баатарын НЯМСҮРЭН 

“Зууны мэдээ” сонин “Start up” буландаа Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Нандин” брэндийг онцоллоо.  

 

Сард 300 гаруй гутал хэрэглэгчдэд хүргэдэг 

“Нандин” брэндийн үйлдвэрээр зочлоход ажилчид нь гутал хийгээд тун завгүй сууна. Тус үйлдвэрийн нэг давхарт гутал уллах хэсэг байрлана. Хоёр давхарт оёдол эсгүүр ажиллаж байна. Тэд сардаа 300 гаруй гутал үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг. 15 загварыг барьж гутлаа үйлдвэрлэдэг гэнэ. Үйлдвэрийн үүсгэн байгуулагчийг Б.Нандин-Эрдэнэ гэдэг. Тэрээр 2011 онд  хашаандаа жижиг амбаар барьж, гутал хийж эхэлжээ. Тухайн үед нь улирал солигдоход ажиллах орчин хүндрэлтэй болсон гэдэг. Ингээд аймгийнхаа ЖДҮ-ийг дэмжих төвдөө нүүж ороод үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн түүх түүнийх. Дэмжих төв нь  хувиараа үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүст түрээсийн хөнгөлөлт үзүүлдэг. Тус төв нь “Нандин” брэндийг  ЖДҮ-ийн анхны бойжигч гэж онцолдог. Учир нь ЖДҮ-ийн төвдөө үйл ажиллагаагаа явуулж байхдаа ажлын байраа бариад өрх тусгаарласан байна. Мөн аймгийнхаа  жишиг өрхийн үйлдвэрлэл болж олон хүнд үлгэр дуурайлал болж явна. “Нандин” брэндийн хамт олон өнгөрсөн оны аравдугаар сард үйлдвэрийн нээлтээ хийжээ. Мөн инноваци шингээсэн бүтээгдэхүүнээр шалгарч  гадагшаа импортлох боломж бүрдсэн. 

 

Анх хромон гутал үйлдвэрлэжээ 

 

-“Нандин” брэнд  таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дизайнераар гутлынхаа загварыг гаргуулдаг аж.  Үйл ажиллагааныхаа тухайд Б.Нандин-Эрдэнэ “Манай эхнэр Д.Батцэцэг үйлдвэртээ  оёдлоо хариуцаж ажилладаг. Би эрэгтэй гутал, уллагаанд төвлөрч байгаа. Хүүхэд болон том хүний гутал үйлдвэрлэнэ. Бүх төрлийн гоёлын гутлыг  үйлчлүүлэгчийн захиалгаар хийдэг. Бид чанартай гутал үйлдвэрлэхийн төлөө анхаарч, хэрэглэгчдэдээ боломжийн үнээр нийлүүлж байна. Мөн шинийг эрэлхийлж ажиллахыг хичээдэг. Манайхаас гаргасан загвараар захиалахаас гадна хэрэглэгч өөрөө загвараа хэлээд захиалах боломжтой. Манайх Улаанбаатар гурилын үйлдвэрийн 200 хүний ажлын гутлыг үйлдвэрлэдэг. Тэд улирлаар захиалга өгдөг” гэв.  Анх гоёлын хром гутал хийж байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.  Өөрсдийн хоббигоо бизнес болгон хөгжүүлсэн нь энэ. Анх тааралдсан материалаараа гутал үйлдвэрлэдэг байжээ. Харин одоо цензуртэй байж чанартайг нь сонгодог. Цаг хугацааны туршид хүн дадлагажиж туршлага суудаг. Үргэлж суралцдаг гэдгийг ойлгож байгаагаа хэлж байв.

Гутал үйлдвэрлэх явцтай хүмүүс танилцах боломжтой 

“Нандин” брэндийн гутлыг хэрэглэгчид нь олон жил өмсдөг байна. Саяхан нэг хэрэглэгч зургаан жил өмсөж байгаагаа дуулгажээ. Ул салахгүй байх зарчмыг баримтлахдаа усны хамгаалалттай цавуу ашигладаг аж. Мөн гутлын арчилгааг хэрэглэгчдэдээ хэлж өгдөг.  Гутлыг хэрхэн арчлах ёстой вэ гэхэд “Арьсан гутлыг вакум орчинд хадгалах хэрэгтэй. Улавчаа солих, тосолж өмсөх чухал. Чийг бага татдаг гутлыг долоо хоногтоо улавчийг нь солино.  Ер нь нэг гутлыг гурван сар өмсөх заалттай. Үүнээс олон хоногоор үргэлжлүүлж өмсвөл бактери үржсэн байдаг. Цааш үргэлжлүүлж өмсөх бол VIP цэвэрлэгээнд оруулах хэрэгтэй” гэсэн юм.  Тус  үйлдвэрийн гутал  хөнгөн байдаг гэж хэрэглэгчид сайшаан ярьдаг. Үйлдвэрүүдийн гутал хийх явц хаалттай байх нь бий. Харин “Нандин” брэндийн тухайд хэрэглэгчдээ нээлттэй байхыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч гутал хийх явцтай танилцах боломжтой.


Хүний төлөө ажиллах чухал болохыг хэлж байв. Түүнээс биш орлогоо бодож чанаргүй гутал үйлдвэрлэх нь утгагүй биз. Гутлын улавчийг сөхөөд үзэхэд картон цаас байх нь түгээмэл. Харин “Нандин” брэнд гутлынхаа дотор улыг ширээр хийдгээрээ онцлог. Энэ нь чийг татахаас хамгаалдаг аж.  Эдний гоёлын хром цагаан сараар борлуулалт өндөртэй байжээ.  Гутал авсан хүнд  солих улавчийг нь дагалдуулж өгдөг нь “Нандин” брэндийн  онцлог гэлтэй. Цаашид зээлд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэлгүүртэй болохоор төлөвлөжээ. “Гарааны бизнесийн зээлүүд байдаг. Манайх эдгээрээс авах  гэхээр олгох мөнгө нь багадаад байгаа. Ахиухан санхүүгээр үйл ажиллагаагаа өргөтгөх бодолтой. Төсөл хөтөлбөрт хамрагдах эрмэлзэлтэй ч компани биш учраас хасагдана. Компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах нь одоогоор дутагдалтай. Ер нь төр засгаас ЖДҮ-рүү чиглэсэн бодлого нэмэх  чухал гэж хардаг. Мөн дизайнераар мэргэжил эзэмшсэн залуус орон нутагт ирж ажиллах нь ховор. Мэргэжлийн дизайнер авч ажилуулбал  үйлдвэрлэл ахицтай явна” гэж байлаа. Бүх гутлаа сайн чанарын  ул, шир материал ашиглаж урладаг байна. Гутал бүртээ сэтгэлээ шингээж урладаг гэдгээ ярьж байв. Орчин үеэ дагаад өрхийн үйлдвэрлэл хэрхэн хөгжиж болдгийг “Нандин” брэндээс харж болох нь хэмээн бахархаж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)