Рагчаа Оюун

Дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөх болон бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд XXI зууны шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж эхэллээ. Үүний нэг нь өнөөдөр, маргааш болох "Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024" үндэсний чуулган юм. Чуулганы нь боловсролын хувирган өөрчлөлт болон сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, суурь үндэслэлийг олон нийтэд таниулах, зөвшилцөх, тунхаглах зорилготой ажээ. Чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, БШУЯ болон харьяа мэргэжлийн байгууллага, ТББ, сургалтын байгууллагын төлөөлөл, хот, аймаг, сумын хүүхэд, залуучууд, аймаг, нийслэлийн БШУГ-ын мэргэжилтэн, малчин иргэд, Иргэний нийгмийн байгууллага, нам, эвсэл, хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгчид, Олон улсын хөгжлийн болон донор байгууллагын төлөөлөл оролцлоо. 

 

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр "Монгол Улс хөгжих, эс хөгжих, өрсөлдөх чадвартай байх уу, үгүй юу гэдэг их чухал асуудал. Боловсролын хувирган өөрчлөлт энэ бүхний түлхүүр. Хувирган өөрчлөлтийн талаар эрдэмтэн, судлаачид олон янзаар тодорхойлж, тайлбарласан байдаг. Монголчилбол боловсролын нүүдэл суудал. Өмнөд Африкийн их сургуулийн хананд "улс үндэстнийг устгахад зэвсэг хэрэггүй. Зөвхөн боловсролын чанарыг нь дордуулж, сурагч, оюутныг нь шалгалтын үеэр хуулахыг зөвшөөрөхөд л хангалттай. Ийм эмч нарын гарт өвчтөнүүд амиа алддаг. Ийм инженерийн гарт барилгууд нурдаг. Ийм эдийн засагчийн гараас мөнгө урсан алга болдог. Ийм хуульч, шүүгчийн гараар шударга ёс замхарч, боловсрол устахад үндэстэн үгүй болно" гэдэг үг байдаг. Энэ үгийг өнөөдөр бид жинхэнэ утгаар нь ойлгох цаг болсон. Боловсролын салбарт энэ үг дээрх гажуудал үүссэн нь өнөө цагт мэдэгдэж байна. Тиймээс чанартай боловсролыг анхаарах нь зүйтэй. Боловсролын салбарын хөгжлийн гол гол үзүүлэлтүүдийг бусад оронтой харьцуулахад хүний хөгжлийн индексээр бид 189 орноос 99, өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60, авьяасын индексээр 64 орноос 60, нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105, нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д эрэмбэлэгдэж байна. Мөн монгол хүний дундаж наслалт өнөөдөр 70-72-т хүрсэн гэдэг том үзүүлэлт гарсан. Мэдээж эрүүл мэнд, боловсролын чанар үйлчилгээний асуудлын гол хэмжих үзүүлэлт дундаж наслалт болдог учир эерэг үзүүлэлт. Дэлхийн улс орнуудын дунд өрсөлдөх чадвараа хэмжүүлдэг 64 орон бий. Энэ орнуудтай харьцуулахад дээрх үзүүлэлт гарч байна" гэсэн юм. 

Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн Х ангийн сурагч Н.Отгонтүшиг "Боломж үргэлж бий. Өөрчлөлтийг өөрөөсөө" сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр "Миний бодлоор хүүхдүүд бид томчуудын хараагүй зарим зүйлийг харж, мэдэрч түүнийгээ хялбар, ухаалгаар шийддэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Боломж үргэлж байдаг. Өөрчлөлтийг өнөөдрөөс эхэлцгээе. Хүүхэд бүрийн амьдрал аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн, элэг бүтэн байгаасай. Хүүхэд бүрт боломж олгодог, амжилтын үүд хаалгыг нээдэг багш олон болоосой" гэж хүсмээр байна гэв.

  

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын "Мөрөөдөл" сургуулийн англи хэлний багш Х.Сугараа "Бидний ирээдүйн боловсрол" сэдвээр илтгэл тавьсан юм.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл "Монголын боловсролын хөгжил" сэдвээр илтгэлээ.

Эх сурвалж www.polit.mn