Өнөөдөр МАХН-ынхан хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар 10 гаруй хоног өлсгөлөн зарлаж байгаа ээжүүдийн бие эрс муудаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Өлсгөлөн зарлаж байгаа 7 ээжийн биеийн байдал хүндэрч өнөөдөр өглөө гэхэд 2 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. одоогоор тус өлсгөлөнд 17 хүн байгаа бөгөөд 26-67 насных ажээ.
Орон нутагт ч мөн суулт, өлсгөлөнг давалгаалан зарлаж эхэлсэн энэ үеэр МАХН болон тус намын дарга Н.Энхбаяр ээжүүдэд 20 сая төгрөг тараасан. Нэг хүнд байр авч өгсөн гэх мэтээр ташаа мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар МАХН-ын Нийслэл болон намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “Н.Энхбаяр дарга болон ял эдэлж байгаа бусад хоригдлууд эмнэлгийн тусламж авч чадахгүй эрх нь зөрчигдөж байгааг эсэргүүцэн ээжүүд өлсгөлөн зарласан. МАХН-ын зүгээс энэхүү өлсгөлөнг зохион байгуулаагүй гэдгийг албан ёсоор бид мэдэгдсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөнгө тараасан, байр авч өгсөн гэх зэргээр мэдээлж байна. Тэр байтугай хүн итгэхийн аргагүй өөр олон гүтгэлэг гарсаар байна. Тиймээс бид дахин ийм худал гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан, гаргасан хүн, хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхэд өгнө гэж бодож байна. Хэдийгээр бид өлсгөлөнг зохион байгуулаагүй ч ээжүүдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр ирээд байгаа үед тоохгүй байж болохгүй” хэмээн ярьсан юм.
Ээжүүд өлсгөлөн зарлаад 226 цаг болж байгаа бөгөөд тэдний амь насанд аюул учирч байгаа энэ үед МАХН-ынхан тэдний өлсгөлөнг зогсоохыг хүссээр байгаа аж. Гэтэл ээжүүд зорилгоо биелүүлэхгүй өлсгөлөнгөө зогсоохгүйгээр барахгүй цаашид нааштай хариу ирэхгүй бол хоёр хүн хуурай өлсгөлөнд шилжинэ хэмээн мэдэгдээд байгаа юм байна.
ШШГЕГ-аас Н.Энхбаярыг 1-р эмнэлэг рүү шилжүүлэх талаар яригдаж эхэлсэн. Энэ талаар Г.Бямбасүрэн “Тус байгууллагын дэд дарга П.Хосбаяр анх бидэнтэй уулзахдаа маргааш өглөө Н.Энхбаярыг шилжүүлнэ хэмээн хэлсэн. Гэтэл утсаа салгаад зугтаад байна. төрийн албан хаагч хүн ийм хариуцлагагүй байж болохгүй. Урьд нь Н.Энхбаяр даргыг дандаа баасан гаригт баривчилж, хүч хэрэглэн шилжүүлж байсан. Энэ нь амралтын өдрийг зориуд дамлуулан хийж, цаг хожих гэсэн арга” гэлээ.