Доржийн ОЮУНЧИМЭГ

 

ШИНЭ СЭРГЭЛТТЭЙ УЯЛДАХ БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ

 

10 мянган залууг бизнесийн сургалтад хамуулна. “Энд хүүхдээ яаж хамруулах вэ. Тэтгэлэг өгнө гэсэн үү” гэх яриа өнгөрсөн долоо хоногт өрнөв. Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтэд бизнесийн сэргэлт чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс залуусыг бизнесийн сургалтад хамруулан гарааны бизнес эрхлэх, цаашлаад урт хугацаанд тогтвортой хөгжих бизнесийг бойжуулахад МҮХАҮТ бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд өөрийн оролцоогоо харуулж буй хэрэг л дээ.

Түүнчлэн энэ хөтөлбөрийн хүрээнд 1000 залууг олон улсын бизнесийн сургалтад сургахаар төлөвлөсөн бол сүүлийн шатанд үлдсэн залуусын бизнес санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна. Олон улсын сургалтын тухайд Энэтхэг, Хятадын талтай ярилцаж эхэлснийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байв. Тэрбээр “Манай хөтөлбөр Засгийн газраас улс орны хөгжлийг ахиулах үндсэн зургаан чиглэлд анхаарч, 2021 онд санаачилсан “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан бизнес сэргэлтэд залуучуудыг идэвхтэй оролцуулах зорилготой” хэмээн тодотгов.

Уул уурхайд “дулдуйдсан” эдийн засгийг солонгоруулах эсвэл төрөлжүүлэх эсэхээс илүү эдийн засгийн тогтвортой өсөлт нийгэм, эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн тогтвортой байдал, ажлын байрны найдвартай, үнэлэмжтэй байх эсэх Шинэ сэргэлтийн бодлогод нэн чухал. Үүний тулд 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөрийг боловсруулсан аж.

Анхан шатны богино хугацааны сургалтад ямар ч шалгуургүйгээр хамруулах бөгөөд ирэх сарын 1-нээс дүүргүүдэд бүртгэл эхлэх юм байна. “Залуучуудыг гурван үе шатаар хамруулна. Учир нь, хөтөлбөрийн хүрээнд эхлээд 10 мянган залууг бизнесийн анхан шатны суурь сургалтад, мянгыг гадаадад олон улсын ахисан түвшний мэргэжлийн сургалтад хамруулж, 100 залууг бизнес эрхлэлтэд оруулж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг төлөвлөсөн” хэмээн Бизнесийн академийн захирал Д.Асралт хэлж байв.

Дашрамд дурдахад, нийслэлийн гэр хороололд 140 мянган залуу ажилгүй байгаа тухай судалгаа гарчээ. Ямартай ч бизнесийн сэргэлтэд голлох нөлөө үзүүлэх гарааны бизнесийг дэмжих бодлого энэ онд хэрэгжих нь. Залуучуудыг бизнес эрхлэх хүсэл эрмэлзлэлийг нь дэмжих зорилготой тус хөтөлбөрийн үр дүнг залуучуудын бизнесийн бойжуулалтаар хэмжинэ гэж байлаа.

 

АЖИЛ ЭРХЛЭЛТ БА ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

 

Эдийн засгийн өсөлтийг орлогоор тодорхойлж хэдэн төгрөг байгаагаар хэмжинэ. Тэгвэл эдийн засгийн өсөлтөд үйлдвэрлэл хөгжиж, бизнес цэцэглэж байгаа эсэх шууд нөлөөлнө гэдэг. Харин эдгээрт хүний оролцоо, хөдөлмөр тулах багана болж ирсэн. Цаашид ч болох учиртай.

Манай улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 1.2 сая хүн байхаас 96.1 хувь нь ажилтай байна гэсэн судалгаа гарчээ. Хувилаад харвал 3.9 хувь гэдэг маш бага хэмжигдэхүүн мэт боловч ажилгүй хүний бодит тоог харахад 48.8 мянга болж 2022 оныхоос 15.8 мянгаар буурсан үзүүлэлт аж.

Түүнчлэн цалин хөлстэй байнгын болон түр ажлын байрны эрэлт өсөлттэй байсныг статистик судалгаанд гарчээ. Тухайлбал, өнгөрсөн онтой харьцуулахад хамгийн их өөрчлөлттэй нь цалин хөлстэй байнгын ажлын байртай ажиллагчид 48400 буюу 19.3 хувиар, цалин хөлстэй түр ажиллагчид 10900 буюу 2.7 хувиар өссөн байна.

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн дутуу ашиглалтын талаар статистикчид судалдаг болсон. Гэхдээ энэ нь цоо шинэ ойлголт биш. Тодруулбал, хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байгааг хэлж буй. Статистикчдын судалгаагаар хөдөлмөрийн дутуу ашиглалт 2022 оны мөн үеийнхээс 7000 хүнээр буурч 1109000 болжээ. Түүний 6.5 хувь нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч буюу 7 хоногт 40-өөс бага цагаар ажилладаг, өөр ажил нэмэлт цагаар хийхэд бэлэн байгаа хүмүүс. Ажиллагчдыг эдийн засгийн салбараар 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад, хамгийн их өөрчлөлттэй нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх байгаа аж.

Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтэд жин дарах нөлөө үзүүлэх бизнесийн сэргэлтийн хөтөлбөр эцсийн дүндээ ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Юутай ч төрийн бодлогыг бизнесийн төлөөллийн байгууллага бодлоготойгоо уялдуулан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийг тэлэх цаашилбал, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх “давхар санаатай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд өсөлт болон дүрслэгдэх хэмжигдэхүүн болж нөлөөлөөсэй гэдэг хүлээлтийг үүсгэж байна. Бодлогын уялдаа хөдөлмөрийн зах зээлийн сэргэлтийг эерэг хөшүүрэг болох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 37 (7281)