“Монголчууд хаврын тэргүүүн сарын Шинийн 1-нийг ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ. Арааживаар ингэж ярих байсан байхдаа” хэмээн инээлдэх ах дүүс Цагаан сарын буузаа хийж байгаа нь тэр. 17-50 насны арваад хүний 70 хувь нь эмэгтэй. Тэд мах татахаас бусдыг нь хийнэ. Бас болоогүй “Үнийн өсөлт гаарч байгааг, Эрдэнэс тавантолгойн ногдол ашиг хэзээ өгөх бол” гэх мэтчилэн элдвийг хүүрнэсээр орой 18:00 цагт эхэлсэн “бууз ажиллагаа” үүрээр 04:00 цагт өндөрлөжээ.

За тэгээд хир тоосгүй угтах уламжлалаа даган их цэвэрлэгээг айл өрх төдийгүй албан байгууллагууд ч хийдэг. С.Батбаярынх Хан-Уул дүүрэгт амьдардаг. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч насны эрэмбээ бодохоор идээ будаагаа дэг жаягийнх нь дагуу засах цаг нь ирснийг хуучилж байв. Тиймээс түүний эхнэр П.Баярмаа гэр цэвэрлэх, угаалга хийх зэрэг чамгүй ажил амжуулсан ч битүүний өглөө 07:00 цагаас эхлээд орой болтол борви бохисхийсэнгүй гэж байлаа.

Сүүлийн үед асрахуйн эдийн засаг буюу үнэлэгдэхгүй хөдөлмөрийн үнэ цэнийн тухай ярих болсон. Нэг үеийг бодоход цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг бизнес дэлгэрч байгаа. Хувцас угаалгын газар хүмүүсийн амьдралд аль хэдийнэ нэвтэрчихсэн. Байгууллага болон айл өрхийн цэвэрлэгээ ам метр нь 2500-3500 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн хивс цэвэрлэгээ ам.метр нь 3000 төгрөг. Харин 2х3 хэмжээтэй хивс цэвэрлүүлэхэд эдэлгээ болон толбоноос хамаарч 25-40 мянган төгрөгийн ханштай ажээ.

С.Батбаярынх гэр хороололд амьдардаг. 35 ам.метр талбайтай байшинтай. Гэрийнхээ их цэвэрлэгээ болон том, жижиг өрөөний хивсийг цэвэрлүүлэхэд нийтдээ 250 мянган төгрөг зарцуулах болжээ. Гэрийн эзэгтэй “Хүүхдээ хараад сууж байгаагаараа өөрөө цэвэрлэх нь дээр юм байна. Хивс цэвэрлэдэг шингэн бүтээгдэхүүнүүд янз бүрээрээ худалдаанд бий. Тэгэхээр цэвэрлэгээнээс хэмнэсэн мөнгөөрөө цагаан сарын золголтын мөнгө болгосон нь дээр гэж шийдсэн” гэлээ.

Харин Сүхбаатар дүүргийн оршин суугч Ч.Байгаль 68 ам.метр гурван өрөө байраа цэвэрлэгээний компаниар цэвэрлүүлжээ. “Биед амар байсан хэдий ч төлж байгаа мөнгө нь үнэтэй санагдсан. Гэхдээ хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж бас болохгүй л дээ. Би Солонгост ажилладаг байхдаа чөлөөт цагаараа цэвэрлэгээний ажил хийж байсан. Ерөнхийдөө ханш нь ойролцоо санагдсан. Гэхдээ солонгосчуудын амьжиргааны төвшнийг монголчуудынхтай харьцуулашгүй” гэж хэлсэн юм.

Тэгвэл 68 ам.метр талбайтай гурван өрөө орон сууцны цэвэрлэгээнд 170-238 мянган төгрөг зарцуулна. Үүн дээр хивс цэвэрлэгээний үнэ нэмэгдээд 200-270 мянган төгрөг болох аж. Мэдээж сар шинийн гурван өдөр зочдоо дайлах хоол бэлтгэхээс гадна цэвэрлэгээг өдөр бүр хийж байгаа гэвэл эдгээр нь хэдий хэмжээний зардал гаргах байсан бэ гэх асуултад хариулах шаардлагатай.

Учир нь асрахуйн эдийн засаг хэмээх шинэ тутам ойлголт нийгэмд гарч ирсэн. Олон улсад ч үүнд анхаарал хандуулдаг болсон билээ.

Тэгэхээр рестораны зэрэглэлээс хамаарч тогоочийн цалин янз бүр байдаг хэдий ч 1.5 сая төгрөгөөс эхэлдэг байна. Хамгийн бага цалингийн ханшаар гурван өдрийн ажлын хөлсийг тооцвол 204.5 мянган төгрөг болох нь.

Ямартай ч хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэй “Зүгээр л гэртээ сууж байгаа” мэт боловч үнэлүүлэхгүйгээр хэдэн төгрөгийг хэмнэж байдгийг зөвхөн цагаан сарын гурван өдрийнхөөр тодорхойлохыг оролдъё.

Тэгвэл, бэлтгэл ажил буюу цэвэрлэгээнд 250-300 мянган төгрөг зарцуулах байсныг хэмнэсэн байна. Харин гурван өдрийн “тогооч”-ийн ажлын хөлс болох 204.5 мянган төгрөг ч хэмнэгджээ. Үндсэндээ угаалгыг эс тооцвол сар шинийн баярын гурван өдөрт зориулан зарцуулах ажлын хөлсөнд 455-505 мянган төгрөгийг гэрийн эзэгтэй “үнэгүй”-гээр хийж өгсөн хэрэг.

Монголчууд “Өөрийнх нь амьдарч байгаа гэр. Өөртөө л хийж өгсөн хэрэг” хэмээн үл ойшоодог ч асрахуйн эдийн засаг гэдэг нь нүдэнд харагдаж гарт баригдахгүйгээр хэдий хэмжээний мөнгө хэмнэж, хүч хөдөлмөр зарцуулж байгааг Цагаан сарын гурван өдөрт зориулсан цэвэрлэгээ, үйлчилгээний зардлаас харж болох нь ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. мягмар ГАРАГ. № 33 (7277)