Б.БОЛОР

 

Төсөв, мөнгөний бодлого, шатахууны хомсдол зэрэг албаны сэдвийг хүүхдүүд “сонирхдоггүй” сэдэв гэж боддог байв. Гэтэл дунд сургуулийн хүүхдүүд энэ талаар томчуудаас ихийг боддог аж. Шатахууны хомсдолыг арилгахын тулд импортлогчидтой эв зүйгээ ололцох нь зүйн хэрэг хэдий ч өөр урсгалыг бий болгоход илүү анхаарна гэсэн саналыг 15 настай хүү минь хэлэв. Мэдээж үүнийг шийдвэрлэхийн тулд санхүүжилтийг төсөвт тусгаж бодит ажил хэрэг болгох ажлыг шатахуун борлуулдаг компаниудтайгаа хамтарч хийнэ гэж нэмэх нь тэр”. Энэ бүхнийг төр аль хэдийнэ хийж, хэрэгжүүлж үзсэн хэмээн намайг хариулахад “Тууштай бас уйгагүй, тасралтгүй” ажиллах ёстой гэж тайлбарлав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Бид нийлүүлэлтээ нэмж, дотоод зохицуулалт хийхээр байдал тогтворжино. Өнөөдрийн /2023.12.11/ байдлаар 18 мянган тонн шатахуун нийлүүлэхээр замд гарсан” хэмээн мэдээлэл хийж байв. Манайх руу Ангарскийн үйлдвэрээс ачигдсан шатахуун 4-5 хоногийн дотор орж ирдэг хэмээн тэрбээр хэлсэн талаар хүүхэддээ хэлтэл “Шатахуун түгээх станцууд зориудаар хомсдол үүсгээд байгаа юм биш үү” гэж асуув. Байж болох хэдий ч нотлох баримттай мэдээлэл алга гэхэд “Хоёр цаг дугаарлаж байж 30 мянган төгрөгт АИ92 авто бензин хийлгэж байгаа юм. Өнөөдөр азтай байна 92 хийлгэчихлээ гээд бодож байтал түгээгчийн утсаар ярихыг санамсаргүй 92 тасарсан гээд зогсоо 95-аа гарга гэж байгааг сонссон” тухай найзынх нь гэр бүлийнхэн ярилцсан талаар хэлэв. Хэдийгээр ам дамжсан яриа мэт боловч  “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” шалгах шаардлагатай болов уу. Хүйтний эрч чангарч буй энэ үед шатахууны хомсдолоор далимдуулан өөрт ашигтай байдал үүсгэх нь зах зээлийн болон өрсөлдөөний зарчимд нийцэхгүй юм. Хэдийгээр салбарын сайд нь дугаарлаж хиймэл хомсдол үүсгэхгүй байхыг хүссэн ч шатахуун импортлогчид давуу байдлаа ашиглан даажигнаж байгааг хараад л суугаад байх уу.  Амьдралд “наалдахгүй” албаны тайлбар иргэдийг туйлдуулж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 13, 14-ний ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвсүрэн “Харин 2023 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуй, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, энэ салбар эхний гурван улиралд 9.5 хувиар агшсан нь өсөлтийг бууруулах чиглэлд нөлөөллөө. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, экспортын эрч хадгалагдвал энэ онд эдийн засаг 6.9 хувь, ирэх онд зургаа орчим хувиар тэлэх боломжтой байна. Мөн инфляц бидний өмнө танилцуулж байсан төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур буурч, өнгөрсөн сард улсын хэмжээнд 8.6 хувьтай гарлаа” хэмээн тайлбарлаж байв.

Мөн өнгөрсөн долоо хоногийн нэг чухал үйл явдал бол БНСУ, ОХУ-тай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар санал солилцсон байна.  БНСУ Монгол Улсаас гаргаж буй нийт барааны эргэлтийн 1.1 хувь, импортын 4.5 хувийг эзэлдэг байна. Үүнд ноос ноолууран бүтээгдэхүүн, угаасан самнасан ноос ноолууран утас болон мал, амьтны гаралтай өөхөн тос, тэжээвэр амьтдын хоол зонхилдог аж. Тэгвэл Монгол Улсаас экспортолж буй нийт барааны эргэлтийн 0.7 хувь, импортын 25.7 хувь ОХУ-д ногдож байна. Тус улс руу манай улсаас мөн ноос ноолууран бүтээгдэхүүн, угаасан самнасан ноос ноолууран утас, жоншны баяжмал, эсгий болон эсгий бүтээгдэхүүн, арьс шир болон мах, махан бүтээгдэхүүн, архи, шар айраг, монгол гэр зэрэг бараа бүтээгдэхүүн голлон гаргаж байгаа ажээ.

Дээрх хоёр улстай хийх экспортыг улам нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх боломж байгаа талаар өнөөдөр МҮХАҮТ-д болсон уулзалтаар хөндлөө. ЭЗХЯ-наас дээрх хоёр улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар болж, эхний шатны ажлыг хийж буй талаар бизнес эрхлэгч нарт мэдээллээ.

Уулзалтад оролцогчид хил гаалийн хорио цээр, татвар, тээвэр логистик болон тарифын бус саад тотгор, тэдгээрийн хэм хэмжээ, стандарт, маргаан шийдвэрлэх үйл явц болон хөдөө аж ахуйн бусад барааг санал болгох зэрэг талаар санал солилцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)