М.ГАН

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Дээрх төслүүдийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын тухай хуульд  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхтэй холбогдсон заалтыг нэмж тусгасан юм. Хуулийн 6.9-д “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлнэ” гэж заав. Гэмт хэрэг үйлдсэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай болж байгаа энэ юм. 

Мөн чуулганы хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд танилцуулав. Олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын дөрөв, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт байна. Эдгээрийн 39 нь автозамын, гурав нь төмөр замын, дөрөв нь агаарын замын боомтууд байдаг аж. Мөн манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Иймд  гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хилийн боомтод хийж буй хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах, дэд бүтцийг хөгжүүлэх, авто зам, төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах, хүчин чадлыг өргөтгөх ажлыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хү­рээнд шуурхай зохион байгуулж, нэгдсэн бод­лого, төлөвлөгөөтэйгээр ажиллах шаардлага тул­гарчээ. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг хар­галзан хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвч­лөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилгоор Хилийн боомтын тухай хуулийн төслийг боловсруулснаа Х.Тэмүүжин сайд танилцуулсан.

    Хуулийн төслийн талаар гишүүдийн олонх батлах шаардлагатай, чухал хууль гэдэгтэй санал нэгдэж байсан ч төслийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй байгаа тухай хэлсэн. Тухайлбал, хуулийн төсөлд Боомтын нэгдсэн захиргаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын удирдлагад ажиллана гэж тусгасныг зарим гишүүн дэмжихгүй байгаа юм. Хилийн боомтын удирдлагыг Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын мэдэлд байлгах саналыг байнгын хорооны хуралдаанаар өмнө нь ярьж байсан юм.