Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Sun dance” клубыг үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан Ж.Наранчимэгийг урилаа. Тэрбээр саяхан “Авьяаслаг монголчууд” шоунд хүүхдүүдтэйгээ хамт оролцож, үзэгчдийг огшоосон бүжгээрээ  тайзнаа гэрэлтэж тэргүүн байрт шалгарсан юм.

 

-Авьяастнууд нэгэн тайзнаа чуулсан, чансаатай тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Та гэр бүлээрээ дэлхийд гайхагдах монгол авьяастан боллоо?

-Түрүүлэх мэдрэмж үнэхээр сайхан байлаа. Финалын нэвтрүүлгээ дараа нь ухрааж үзсэн. Би баярын сэтгэгдэлээ хуваалцахдаа “Хэрэв би энэ мэргэжлийг сонгоогүй бол тэмцээнд оролцохгүй байсан. Амьдралд хэцүү үе олон тохиолдсон ч бүжиглэж байсан учир өнөөдрийн амжилтаа гаргасан” гэж хэлсэн. Хүү бид хоёр нэгэндээ итгэсэн. Харин сүүлийн шатанд орохоос өмнө бидэнд бага зэргийн айдас байсан нь үзэгчдийн санал. Энэ үед би хүүдээ “Хоёулаа хангалттай сайн хичээсэн” гэж хэлээд  урам өгсөн. Үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа үзэгчдээс үнэхээр сайхан мэдрэмжийг авсан. Энэхүү тэмцээнд оролцсоноор бид гурав амьдралдаа хэзээ ч мартахгүй сайхан дурсамжийг бүтээж чадлаа. Олон жилийн дараа ч тэмцээний бичлэгээ үзэхэд энэ үеийн баяр баясал, гэгээн мэдрэмж хэвээрээ байна гэдэгт итгэж байгаа.

-Сүүлийн шатанд гэр бүлээрээ бүжиглэсэн нь үзэгчдийг огшоосон. Бүжгээрээ дамжуулж ямар санаа илэрхийлэхийг хүссэн бэ?

-Хагас финал хамгийн хариуцлагатай шат. Тиймээс үзүүлбэртээ их ач холбогдол өгсөн. Өөрсдийн дотоод сэтгэлээ харуулахыг зорьсон минь энэ. Бүжгийн санааг үзэж буй хүмүүс 20 хувь ойлголоо гэхэд үлдсэн хэсгийг нь би үг хэлэх боломж олдвол учирлана гэж бодож байлаа. Бүжгээр дотоод сэтгэлээ  илэрхийлж, ойлгуулна гэдэг амаргүй. Би энэ амьдралд хоёр хүүхдийнхээ төлөө хичээж байгаагаа л харуулахыг зорьсон. Шантармаар санагдсан ч үрс минь надад түшиг болдог.  Бид энэ бүжгээ гурван сарын турш бэлдсэн. Хүү минь ганцаараа бүжиглэсэн 16 тоот бүжгээ өөрөө дэглэсэн. Би бусад  хэсэгт нь ажиллаж, хамтын хүчээр үзүүлбэрээ гаргалаа.  Бүжгээ дэглэхдээ нулимс дуслуулсан, тайзнаа бүжиглэхдээ ч би уйлж байсан. Үзэгчид рүү нуруугаа харуулах үедээ нууцхан нулимсаа арчиж билээ.

-Тухайн бүжгийн ая дайчин байхыг ойлгуулах шиг санагдсан. Энэ аяыг сонгосон нь таны дотоод сэтгэлийн хүчтэй холбоотой байх даа?

-Анх бүжгээ дэглэсний дараа тохирох хэд хэдэн дуу цуглуулсан. Харин хүү минь англи хэлтэй болохоор дууны утга санааг нь ойлгосон байх. “Ээжээ энэ дуун дээр бүжиглэе” гэсэн юм. Бидний бүжгийн дууны утга нь амьдралд юу ч тохиолдсон даваад гарах тэнхээтэй байхыг ойлгуулдаг. Би хурдаа авна, энэ цэгтээ үргэлж зогсохгүй урагш тэмүүлнэ гэдэг санаа. Магадгүй энэ дуу яг л надад зориулагдсан мэт санагддаг. Хоёр хүүхдээс гадна сүүлийн шатанд шавь нар минь хамт бүжиглэсэн. Тэдэнтэйгээ  бэлтгэл хийх үеэрээ “Багш нь түрүүлнэ” гэж бэлгэшээж хэлж байсан. Би “Амны билгээс ашдын билэг” гэдэг үгэнд итгэдэг.

-Шоунд орохын тулд хэзээнээс бүжгээ бэлдэв. Өмнө нь хүүтэйгээ хамт бүжиглэж байгааг нь цахим орчноос харж байсан?

-Хэрэв бид хамт бүжиглэх бүжиггүй байсан бол энэхүү тэмцээнд оролцохгүй байсан. Одоогоос жилийн өмнө цахим хуудастаа хүүтэйгээ  хамт бүжиглэсэн бичлэгээ оруулсан юм. Түүнээс өмнө хүүтэйгээ бүжиглэнэ гэсэн бодол байгаагүй. Бидний бичлэгийг хүмүүс их сайхан хүлээж авч, урмын үг хэлж байсан. Тиймээс хүү, охин хоёртойгоо бүжиглэж богино хэмжээний бичлэг хийдэг байсан нь өнөөдрийн амжилтыг гаргахад түлхэц болжээ. Мөн жилийн өмнө “Mongol HD” телевизийн  “Өглөө” хөтөлбөрт хүү бид хоёр урилгаар оролцсон удаатай. Тэр үед бэлдсэн бүжиг өнөөдрийн амжилтад нөлөө үзүүллээ. Хүн аливаад үнэн байх хэрэгтэй. Манай гэр бүл энэ онд их хувьтай байна. Мэргэжлээрээ өдий болтол ажиллаж, сайн ээж, зөв зуршилтай эмэгтэй байсан болохоор өнөөдрийн амжилт ирсэн байх. Охин минь таван настай. Харин хүү 16 хүрч байгаа. Бидний үзүүлбэрийг үзсэн хүмүүс бахархаж байгаа сэтгэгдэл, бичлэгээ явуулж байлаа. Харин бид уянгын аяанд бүжиглээгүй, тэсэрсэн аяанд үзүүлсэн учир хүмүүсийг догдлуулж чадсан байх.

-Хүү, охин нь таны авьяасыг өвлөжээ. Тэд өөрсдийн хүсэл сонирхлоороо бүжиглэсэн үү?

-Охин минь жилийн өмнөөс л бүжиглэж эхэлсэн. Клуб дээр ирээд намайг хажуугаас хараад, дуурайж бүжиглээд л. Харин хүүгээ бүжиглэнэ гэж огт боддоггүй  байсан. Эрдэм номын мөр хөөх байх даа гэж боддог байж билээ.  Гэтэл хоёр жилийн өмнөөс бүжиглэж эхлэхэд нь их гайхсан. Бүр бүжгийн дугуйланд элссэн байсан. Энэ үеэс би өөрийнх нь хүсэл сонирхлыг дэмжсэн дээ. Бүжгийн багш нар нь л хүүг минь энэ урлагт дурлуулсан гэж боддог.

-Шагналын 100 сая төгрөгөөрөө байр авна гэж байсан. Байраа сонгосон уу?

-Бид гурав шинэ байр авахаар захиалаад хоёр жил болж байгаа юм. Лизингээр авах байсан ч мөнгө хараахан бүрдээгүй. Тиймээс бидний шагнал гэрийнхээ үнийг гүйцээж төлөх боломж боллоо. Шинэ байрандаа нүүж ороод шагналын өргөмжлөлөө ханандаа өлгөнө. Аливаа шагналын тодорхой хувийг нь татварт суутгадаг. Харин н.Гантөмөр захирал шагналаа гардуулахдаа “Шагналын мөнгөнөөс суутгах хувийг манай телевиз та хоёрын өмнөөс төлж байгаа” гэж хэлсэн. “Mongol HD” телевизийн хамт олондоо их талархаж байгаа. Хүү, охин бид гуравт амьдралд хэзээ ч мартахгүй бэлгийг та нар минь өгсөн гэж хэлмээр байна.  Цаашид бид гурав илүү тодоор гэрэлтэх болно. Бодож, төлөвлөсөн зүйл ч их бий. Ямартай ч ойрын хоёр жилдээ Монголдоо амьдарна. Ирээдүйд бид гурав гадагшаа гарч бусдаас ялгарах бүжгийн стиудээ нээх хүсэлтэй. Харин хүү минь үүнээс том зорилготой. Шүтдэг дуучин, бүжигчдийнхээ хамт шоунд оролцож, эх орныхоо нэрийг мандуулах бодол байгаа.

-Аливаа тэмцээний дараа түрүүлсэн хүнийг сайн муугаар шүүх нь элбэг. Энэ зүйл бас танай гэр бүлийг ч тойрсонгүй?

-Алтан баззер аваад түрүүлсний дараа хүмүүс янз бүрээр дүгнэж байгаа нь цахим орчноос харагдсан. Бид тэмцээний явцад цахимд орчинд өнгөрүүлэх цагаа багасгасан. Ер нь урлагийн хүн сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Тиймээс би цахимд их цагийг өнгөрүүлбэл сэтгэлээр унах байсан болов уу. Хүү минь ч сошиалд ордоггүй. Надад хандаж “Ээжээ битгий цахим орчин руу ороорой” гэж хэлдэг байсан. “Авьяаслаг монголчууд” шоу тэмцээндээ түрүүлээд агаарт гарч, хоёр хоног амрахдаа ч цахимд орчин руу  хандаагүй. Үүний дараа фэйсбүүк рүү ороход өөрийн эрхгүй нулимс урсаж, гомдсон. Хүмүүсийн хандлага бол хэн ч түрүүлсэн муулна. Надад нэг зүйл бодогдсон нь хүн өөрт хамааралгүй хүнээ муулахгүй. Ямар хүмүүс бухимдаж муулаад байна гэхээр тус шоунд оролцсон хүмүүсийн ойр дотныхон.  Намайг янз бүрээр бичиж байгаа нь таатай санагдахгүй байгаа. Дээгий шүүгчтэй найзууд болгоод бичсэн нь бүр таалагдаагүй. Миний сайн найз гэвэл шавь нар минь л бий.

-Та уран бүтээлчийнхээ хувьд  энэ жилийн “Авьяаслаг Монголчууд” шоуг хэр чанартай болсон гэж дүгнэж байна?

-Энэ сэдэв дээр хүмүүс их л шүүмжлэлтэй хандах шиг болсон. Өмнөх жилүүдийн  дугаараас муу болсон гэж хэлэхгүй. Би 2015 онд “Авьяаслаг монголчууд” шоуг анх зохион байгуулахад нь хоёр шавиа бэлдэж оруулж байлаа. Тэд минь дөрөвдүгээр байранд орсон. Нэг зүйлийг их бэлгэшээсэн. Тэр үед хоёр шавь минь зургаа дугаартай байсан. Энэ жил хүү бид хоёр хагас финал, сүүлийн шатанд орохдоо зургаа дугаараар тайзнаа гарсан. Энэ тохиол үнэхээр сайхан.  Болох ёстой зүйл болж байна гэж бодсон шүү.

-Таны шавь нарыг харахад бүжгийн спортыг мэргэжлийн түвшинд  эзэмшсэн гэдэг нь харагдаж байсан. Та багшийн хувьд ямар зарчим баримталдаг вэ?

-Надад олон шавь бий. Тэдний ихэнх нь мэргэжлийн уран бүтээлч болох зорилго тээсэн байдаг. Сайн бүжигчин болоход цаг хугацаа, хөдөлмөр, тэвчээр их нөлөөлнө. Аливаа байгууллага, театрт бүжигчнээр харъяалагдаад явах өөр. Бие дааж, орчин үеийн бүжгийн урсгалыг түгээх түүнээс дэндүү ялгаатай. Би хамтлаг дуучдын олон рок попын бүжиг дэглэсэн. Тиймээс бүжгээр тууштай хичээллэх шавь нартаа “Багш шигээ болоорой” гэж захидаг. Өнөөдөр сайн муу олон бүжигчин байна. Тиймээс шавь нараа муу  бүжигчин бүү болоосой гэж боддог юм. Миний шавь нар ч багшийнхаа хүслийг биелүүлж, бүжиг дэглэж байна. Би сэтгэлээ гаргаж хичээлээ заахдаа л зарчимч байдаг. Бусад үед эгч, найз шиг нь байхыг эрмэлздэг юм.

-Мэдээж орчин үеийн бүжиг цаг ямагт хөгжихийг шаарддаг байх. Бид дэлхийн түвшинтэй хэр ойрхон явна вэ?

-Дэлхийд бүжгийн урлаг сайн хөгжсөн. Орчин үеийн бүжиг тогтсон хэв маягт баригддаггүй. Үргэлж хөгжиж, шинэчлэгдэж байна. Өөр төрлийн бүжигтэй хослуулаад дэглэх ч боломжтой. Энэ бол дэглээчийн ур чадвар, сэтгэлгээнээс хамаардаг. Дэлхийд алдартай олон бүжгийн стиудид сайн бүжиг дэглээч нар байна. Би тэднээс суралцаж, санаа авч өөрийгөө хөгжүүлсээр ирсэн. Миний хувьд санасандаа хүрэх зарчмыг барьж, эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг нь үзэж санаа амардаг төрлийн хүн. Хариуцаж авсан бүжиг, тоглолтоо бусдаас илүү хийнэ гэсэн бодол дотор минь бий.

-Таниас дундрашгүй эрч хүч мэдрэгдэж байна. Бүжгийн спорт таныг ийм гал цогтой байлгаж, үргэлж хурцалдаг юм уу?

-Миний авьяас төрмөл. Би охин шигээ байхаасаа бүжиглэж эхэлсэн. Эргээд бодоход урлаг надад тэвчээр хатуужил, биеэ зөв авч явах соёлд сургажээ. Энэ спорт миний залуу, оворгүй сайхан харагдах шалтгаан болдог. Би мэргэжлээсээ уйдаж байсан удаагүй. Бүжигчнээс багш болсон. Сүүлийн таван жилийн хугацаанд бүжгийн урлаг сайн хөгжиж байна. Үүнийг дагаад хүмүүс ойлгож үнэлдэг болсон  нь сайшаалтай. Би О.Саранхүү багштай “Moon dance” хамтлагийг их шүтдэг. Тэд шиг дэлхийд нэрээ гаргана гэдэг их хөдөлмөр шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)