П.АМГАЛАН

 

Танхимд ороход төрөл бүрийн арьсан эдлэл, давсаар урласан бүтээгдэхүүн гээд нарийн хийц, ур чадвар шингэсэн бүтээлүүдийг дэлгэсэн байлаа.  Энэ арга хэмжээ бол тогтвортой хөгжил, эрх тэгш оролцоо, олон талт байдлыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг байв. “Ability Expo” ийнхүү хоёр дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тухайн ажил олгогч байгууллагуудтай уулзаж,  өөрийн сонирхсон ажлын байрандаа зуучлуулах боломж бүрдэж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Мөн  тусгай хэрэгцээт иргэд өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах,  бусдад танилцуулах боломжийг ч олгож байв.

Энэ үеэр ХБХХЕГ-ын Бодлого, хэрэгжилтийн газрын дарга  У.Сосорбурам “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  эрхийг хамгаалах  олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтан "Ability Expo Mongolia 2023" арга хэмжээг өргөн хүрээтэй  зохион байгуулж, ажиллаж байна.  Өнөөдрийн үйл ажиллагаанд 2000 хүн оролцож байна. Жилээс жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэхээс гадна, бүх иргэнд тэгш боломжийг олгосон  хүртээмжтэй болж өргөжиж буйгаараа онцлогтой. Уг арга хэмжээнд 40 гаруй ажил олгогч байгууллага,  ажил хайж буй 200 гаруй иргэн оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд байгууллагуудын оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жил гэхэд ажил олгогчид  87 ажлын байрыг санал болгож байна.  Мөн  70 гаруй  ТББ,  аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан байгууллагууд үйлдвэрлэгч болоод бүтээгдэхүүнээ  үзэсгэлэнд оролцож буйгаараа онцлогтой. Мөн энэ арга хэмжээнд олон байгууллагууд оролцож байгаагаас Zangia.mn хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбох тал дээр  ажилласан.  Энэ үйл ажиллагааг салбар дундын уялдааг хангасан байдлаар зохион байгуулж байна. Цаашид  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг  нийгэмд худалдан авалтыг сайжруулахын тулд бүтээгдэхүүнд инновацлаг байдлыг нэмэгдүүлэх тал дээр сургалт хийх зайлшгүй хийх шаардлага байна” гэлээ.

“Ability Expo-2023” өдөрлөгийн үеэр ажил олгогч олон байгууллага хүрэлцэн ирсний нэг “Мишээл” групп байв. Тус группийн хүний  нөөц бүрдүүлэлтийн менежер Б.Пүрэвдорж “Манайх энэ арга хэмжээнд үйлчилгээний ажилтан,  авто зогсоолын төлбөр хүлээн авагч ,цахилгаанчин, мужаан, харуул хамгаалалт гэсэн  ажлын байрыг санал болгож байна. Ажилд орохоор 20-30 хүн уулзсан.  Үүнээс ажилд дараагийн шатанд 3-4 хүн оролцохоор болсон.  Манай групп хоёр дахь жилдээ уг арга хэмжээнд оролцож байна” гэлээ.

Харин ажилд орохоор уг арга хэмжээг зорьж Дундговь аймгаас ирсэн иргэн н.Цэцэгмаа “Мэдээлэл технологийн чиглэлийн ажлын байр сонирхож ирсэн. 2-3 байгууллагатай уулзлаа. Аймагтаа төрийн албаны шалгалт өгөөд тэнцээд хүний нөөцөд бүртгэгдсэн боловч ажлын байр олдоогүй. Нэг ажлын байр олдсон нь  нэг жил  ажиллах нөхцөлтэй гэрээт цахимжуулалтын ажил байсан. Тэгээд нэг жил ажиллаад гарсан” гэсэн юм.

 Харин уг арга хэмжээний үзэсгэлэнд оролцож буй Б.Баттулга “Борлуулалтаас илүүтэй  ААН, байгууллагуудтай гэрээ байгуулах, цаашлаад урт хугацааны гэрээтэйгээр бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээ  өргөн цар хүрээг хамарсан, үр өгөөжтэй болж байна. Гэхдээ дараагийн удаа  тухайн байгууллагын худалдан авалт хариуцсан хүмүүс ирж сонирхвол  бидэнд хамтран ажиллах боломжийг илүү нээх байх гэж харж байна.

 Манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг аж, ахуйн нэгж. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Тийм учраас хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийг түлхүү ажиллуулахыг хүсдэг. Хэрэв борлуулалт сайн байвал дахиад нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байраар хангах боломжтой. Би өөрөө зовлонг нь туулсан болохоор тэдэнд бага ч гэсэн боломж олгохыг хүсдэг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)